Манай байнгын хороонд завсарлага байдаггүй
-Чуулганы завсарлагааны хугацаанд юу хийж байна вэ?
-Ордондоо л ажиллаж байна. Манай Өргөдлийн байнгын хороонд завсарлага гэж байхгүй. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу завгүй ажиллаж байна. Тэдгээр өргөдөл, гомдолтой холбогдуулан хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, гомдолд судалгаа хийж байна. Мөн Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон болохоор мөн л судалгаа, шинжилгээ хийх шаардлага их байгаа.
-Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ямар асуудлаар хамгийн их өргөдөл, гомдол ирүүлдэг вэ?
-Дөрвөн асуудлаар ихэнх нь хавдсан. Нэгд газрын асуудлаар хандсан иргэд хамгийн олон байна. Мөн “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”- ийн асуудлаар цөөнгүй иргэн гомдол гаргаад байгаа. Үүнийг нарийвчлан судалж буй. Мөн Хонгор сумын асуудлаар ард иргэдээс гомдол ирээд байгаа. Эдгээрийг судалж хэлэлцүүлэг өрнүүлэх төлөвлөгөө байгаа.
-Өргөдлийн Байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд тогтмол ажиллаагүй шүү дээ. Ирэх хаврын чуулганы хугацаанд юу хийе гэж бодож байна вэ?
-Манай байнгын хороо Өргөдөл гомдлын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Нээлттэй сонсголын хуулийн төсөл дээр ажиллаж байна. Нэг ёсондоо энэ хуулийн төслүүдийг боловсруулан УИХ- аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.