Г.Шийлэгдамба: Манайхан энэ гурав хоногийн жагсаалаараа бахархаж байгаа
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцсан юм.
-Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгаа вэ. Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түүнийг өлсгөлөн зарласнаас болоод бие нь муудсан гэсэн утгатай мэдээлэл гараад байна. Үнэхээр Н.Энхбаяр дарга өлсгөлөн зарласан юм уу?
-Н.Энхбаяр дарга өлсгөлөн зарлаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Даргын биеийн байдал муу байгаа талаар олон сар ярьж, хэлж, бичиж байгаа шүү дээ. Гэнэт л муудчихсан асуудал биш. Тэр хүний биеийн байдал одоогийн байдлаар маш хүнд байгаа.
Бодоод үз л дээ, натриас өөр зүйлээр хооллох боломжгүй хэмжээнд хүрчихсэн байна гээд.
Энэ бүхнээс болж клиникийн нарийн мэргэжлийн эмч нар Н.Энхбаяр даргад үзлэг хийсэн. Үзлэг хийснийхээ дараа түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргасан.
Энэхүү дүгнэлтийнх нь дагуу II эмнэлгийн дарга Г.Баясгалан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангийн даргад Н.Энхбаяр даргын биеийн байдлыг тодорхойлсон албан бичиг болон клиникийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг хүргүүлсэн.
Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангийн эмч нарын комисс өнгөрсөн ням гарагт даргын биед үзлэг хийсэн юм билээ.
Дээрх комиссынхон уг нь өчигдөр хуралдаж, Н.Энхбаяр даргыг хэрхэх эсэхийг шийдэх ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар хурлаа хойшлуулсан. Хурал нь хэзээ болох нь одоо болтол тодорхойгүй байгаа нь нэлээд сонирхол татаж байгаа.
-Та эмч нарын комисс хуралдаанаа хойшлуулсанд ямар нэгэн учир байгаа гэж үзэж байгаа юм уу?
-Ямар шалтгааны улмаас хурлаа хойшлуулснаа бидэнд мэдэгдээгүй. Одоогоор Н.Энхбаяр даргын өмгөөлөгчөөс энэ талаарх мэдээллийг авч байгаа.
Даргын өмгөөлөгч энэхүү хуралдааныг учир битүүлгээр хойшлуулсанд гайхаж байгаа гэдгээ мэдэгдэж буйгаас харахад бидэнд ч гэсэн хардах шалтгаан гарч ирж байгаа юм.
-Тэгэхээр Н.Энхбаяр дарга эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөгдөх боломжтой болсон гэж үзэж болох нь ээ?
-Энэ бүхэн цаашид хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй байгаа учир би байр суурь илэрхийлэх нь байж болохгүй асуудал. Яагаад гэвэл энэ бол зохих эрх бүхий байгууллагуудын гаргах шийдвэр.
Харин би юу хэлж чадах вэ гэхээр эмч нарын гаргасан дүгнэлтийг үндэслэж, зохих журмын дагуу гадаад улсад эмчлүүлэх ёстой гэдгийг л. Эрүүл мэндийн сайд болон Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар дээрх асуудлыг зохицуулсан байдаг юм.
-Н.Энхбаяр даргыг өлсгөлөн зарласан байхад нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг очиж уулзаад болиулсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би тухайн үед биечлэн байгаагүй учир юу болсон, ямар асуудал ярилцсан, хэзээ очсон гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна.
-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII их хурал манай улсад болсонтой давхцаад “Н.Энхбаяр дарга болон танай намынхныг жүжиг тавьж байна” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Н.Энхбаяр даргын биеийн байдал муудахтай зэрэгцээд танай намынхан улс төрийн үйл ажиллагаагаа эрчимтэй явуулаад эхэлсэн. Тиймээс энэ бүхнийг зохион байгуулалттай гэж хардах хүн цөөнгүй байна?
Н.Энхбаяр дарга натриас өөр зүйлээр хооллох боломжгүй хэмжээнд хүрчихсэн байна.
-Энэ бол бидний явуулж байгаа үйл ажиллагааг олон нийтэд буруу ойлгуулах, цаг үеийн нөхцөлд байдлаас болж хийж буй үйлдлүүдийг маань мушгин гуйвуулах гэсэн улс төрийн арга ядсан акци.
Өөрөөр хэлбэл, МАХН гэдэг намын нэр хүндийг унагаж, Н.Энхбаяр гэдэг хүнийг дуугүй болгох гэсэн явуургүй арга заль нэлээд идэвхжиж байгаа. Үүний нэг тодорхой жишээ нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай намын хэсэг бүлэг хүн даргадаа хандаж бичсэн утга бүхий ил захидал гаргах болсон явдал юм.
Энэ бүхэн бол огт худлаа асуудал байсан. Үүний хариуд манай намын хэвлэл мэдээллийн албанаас тодорхой няцаалтыг тухай бүрт нь өгч байсан ч олон нийт буруу ойлголттой хэвээр байгаа нь харамсалтай.
-Гэхдээ та бүхэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан болж байгаатай холбоотойгоор улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа тань үнэн биз дээ?
-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдааны зохион байгуулалт шударга бус болж байгаатай холбоотойгоор би МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар хуралдааны өмнө хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм.
Ардчиллын нэрийн дор болж байгаа олон улсын хурлаар ардчиллын тухай ярьж байгаа л бол зохион байгуулагчид нь улс төрийн намууд, иргэний хөдөлгөөний болон төрийн бус байгууллагуудын тэгш оролцоог хангаж өгөх ёстой байсан.
Харамсалтай нь МАХН-ынхан уг хуралдаанд бусад намын адил хэмжээнд, тэдэнтэй тэгш эрхтэйгээр оролцох боломж хязгаарлагдмал байсан юм. Нэгэнт манай намынхны оролцоог ийнхүү хязгаарласан учир бид энэ бүхнийг эсэргүүцэж тайван замаар жагсаал зохион байгуулсан.
МАХН-ынхан тайван жагсаал хийснээрээ нийтийн хэв журмыг алдагдуулаагүй. Зочдын амгалан тайван байдлыг хөндөж, нийгмийг эмх замбараагүй байдалд турхираагүй гэдгээ хэлмээр байна. Тэр ч бүү хэл, төрийн өндөр албан тушаалтнуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулаад өгөөч гэж хүсээгүй шүү дээ.
Нөгөөтэйгүүр, хэдийгээр хот гадны зочид төлөөлөгчдийн нүдэнд сайхан, цэвэрхэн харагдаж болно. Ингэж хэлүүлэхийн тулд бид бүх нийтээрээ хичээн ажилласан шүү дээ. Тиймээс хөдөлмөрийнхөө үр шимийг амсах ёстой.
Гэхдээ зочиддоо Монголын ардчиллын үнэн дүр төрхийг харуулахгүй өнгөрөөж болохгүй байсан. Энэ ч үүднээс манай намын гишүүд Монголын ардчилалд аюул заналхийлж байгаа асуудлуудыг хөндөж, тайван жагсаал хийснээрээ бахархаж байгаа.
Өөрөөр хэлбэл, манайхан энэ гурав хоногийн жагсаалаараа шүү дээ. Бидний нэрийг барьсан хүмүүсийн хэлж, ярьж байгаа шиг зохион байгуулалттай арга хэмжээ болсон гэж бодох нь хэт эндүүрсэн хэрэг болно. Үүнийг аливаа нэгэн байдлаар хэтэрхий хардаж ойлгох хэрэггүй байх гэж хэлмээр байна
-Хэн та бүхний нэрийг барьж ийм зүйл хийгээд байгааг олж мэдсэн үү?
-Манай намын гишүүдийн нэрийг барьж бусад улс төрийн хүчний захиалгаар хийж байгаа үйлдэл гэдгийг юуны түрүүнд онцолж байна. Бид энэ асуудлыг гүнзгийрүүлэн судалж эхэлсэн.
МАХН-ын нэр хүндийг унагаж, Н.Энхбаяр гэдэг хүнийг дуугүй болгох гэсэн явуургүй арга заль нэлээд идэвхжиж байгаа.
Ийм байдал нэг бус удаа давтагдаж байгаа. Утасны үзүүр хөвөрч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль угтаж хийж байгаа явуургүй үйл ажиллагаануудын нэг ингэж илэрч байна.
-Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор танай намынхны дунд нэлээд маргаан өрнөөд байгаа гэж сонссон. Тухайлбал, Сангийн сайд Ч.Улааныг намын бодлогыг мөрдөхгүй, өөрийн дураар авирлаж байна гэдэг шалтгаанаар зэмлэж, арга хэмжээ авах асуудлыг ярьж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ бол ор үндэслэлгүй. Гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл байна. Бид Сангийн сайд Ч.Улаанд арга хэмжээ авна гэж ярих нь бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулаагүй яваа шүү дээ.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор хэн нэгэнд хариуцлага тооцох тухай асуудлыг яриагүй нь мэдээж. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор намаас нэр дэвшихийг горилогчид “сунгаа”-нд оролцох нь тодорхой. Гэхдээ одоохондоо энэ асуудлыг ярихад арай эрт байна.
-Танай намынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох вэ. Аль нэг улс төрийн хүчинтэй эвсэх үү, үгүй юу гэдгийг судалж, намын бага чуулганд танилцуулах ажлын хэсэг гаргасан.
Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ц.Цолмон ахалж байгаа. Тун удахгүй энэ асуудлыг тодорхой болгож, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нийцүүлэн ажиллахаар бэлтгэ ажлаа хангасан.