Б.Гарамгайбаатар: Засагт багтсан намууд бодлогоор нэг хүнийг дэмжих хэрэгтэй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.
-Улс төрд МАХН, МАН нэгдэх нь гэсэн яриа хүчтэй өрнөж байна. Таны хувьд улс төрийн энэ хоёр хүчний эвсэх тухай асуудлыг юу гэж харж байна вэ?
-МАХН МҮАН-тай хамтарч эвслийн гэрээ байгуулчихсан учир эвслийнхээ төв байгууллагаар асуудлаа шийдвэрлэнэ шүү дээ. Мэдээж эвсэл байгуулахдаа тодорхой дүрэм гаргасан байх. Тэр дүрмийнхээ хүрээнд л шийдвэрлэх болов уу. Түүнээс биш “Бид болилоо, тэдэнтэй эвслээ” гээд шууд явчихгүй биз.
-Нэг угшилтай хоёр нам нэгдээд хүчирхэг байж чадах уу. МАХН Засгийн газарт орчихсон энэ үед тийм амар нэгдэхгүй байх. Тийм үү?
-Би тэр намын гишүүн биш учир ингэх ёстой гэж хэлэх утгагүй. МАХН, МАН тус тусдаа хурлуудаа хийж, үзэл бодлоо цэгцэлж байна гэдгийг мэдээллийн хэрэгслээс олж харлаа. Тэд алдаа, оноогоо ярилцаж байгаа гэж ойлгож байна. Улс төрийн нам ажлын үр дүнгээ сонгуулиас үздэг.
Улс төрийн нам сайн ажилласан бол сонгуульд ялалт байгуулдаг.
Хэрэв муу ажилласан бол ялагддаг. Ялагдлын дараа намууд доторх асуудлыг өөр өнцгөөс харж, хэлдэг хүмүүс бий болдог нь зүй ёсны асуудал. Шулуухан хэлэхэд нам дотор нэг хүний гараар, зөвхөн нэг хүний үзэл бодлыг ярих нь сайн биш. Тодорхой түвшинд үзэл бодол нийлсэн, харилцан ойлголцдог, хэлцлийн журмаар намынхаа үзэл бодлыг тодорхойлдог байх ёстой. Энэ хоёр нам бол миний ойлгож байгаагаар зүүний үзэл баримтлалтай. Үзэл баримтлал нь ойр байгаа бол нэгдэх асуудлыг зарим гишүүн нь ярьсан байж магадгүй.
-Таныхаар Ардчилсан нам барууны үзэл баримтлалтай нам байж чадаж байгаа юу. Учир нь танай нам үйл ажиллагаа зүүн рүү чиглээд байдаг гэдэг?
-Ингэж хэлдэг гишүүд бий. Харин манай намын үзэл баримтлал тодорхой. Ардчилсан, чөлөөт зах зээлийг сонгосон. Өөрөөр хэлбэл барууны үзэл баримтлалтай. Ардчилсан нам иргэдийг ажиллах нөхцөлөөр нь, эрхзүйн орчноор нь дэмжлэг үзүүлдэг. Иргэд өөрсдийн хөдөлмөрөөрөө ахуй амьдралаа авч явдаг. Зүүний үзлийн нам бол халамжийг түлхүү хөгжүүлдэг. Манай намыг зүүний үзэл рүү хазайсан гэж хэлэх нь зохимжгүй. Заавал халамж өгөх ёстой хэсэг гэж бий. Гэхдээ хэт хавтгайруулж байна уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй юм.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулахдаа намуудтай гэрээ байгуулсан. Харин энэ гэрээнд бүх шатны сонгуульд хамтарч ажиллах талаар тусгасан байдаг юм уу?
-Гэрээнд ямар заалт чиглэлээр хамтарч ажиллах талаар заасан байгаа байх. Энэ бол намын удирдлагуудын хийсэн гэрээ. Гэхдээ Засгийн газарт хамтарч байгуулаад ажиллаж байгаа намууд өөрчлөгдөөд байх нь зохимжгүй.
Хамтраад дөрвөн жил ажиллах ёстой. Улс орны бүтээн байгуулалт, ард түмний хүсэн хүлээж байгаа боломжит амьдралыг бий болгох гэж эвссэн. Түүнээс биш түр зуур, албан тушаал амин хувиа бодож тийм зүйл хийхгүй байх гэж бодож байна. Нам бол улс төрийн хүчин. Хариуцлагатай байх учиртай.
Иймээс гэрээнд тусгасан эрх мэдлийн хуваарилалтын дагуу асуудлаа шийдэх юм. Үүний хүрээнд явахгүй байнга өөрчлөгдөөд байвал Монгол Улсад хууль хэрэгжихгүй байна гэж үзэхэд хүрнэ. УИХ-аар олон хууль баталдаг. Гэхдээ үүнээс илүү хэрэгжүүлэх нь хамгийн чухал.
Гүйцэтгэх засаглал, намын гүйцэтгэх удирдлагууд хуулийг хэрэгжүүлэхээс өмнө хууль муу гэж буруутгадаг.
Ер нь сүүлийн үед буруу хууль гарсан гэж чихдэг болж. Буруу хууль гарсан байж болно. Тэр алдаа, зөрчлийг нь засах ёстой шүү дээ.
-Ингэж асуусны учир нь Ерөнхийлөгчийн сонгуулиар Засгийн газарт орсон намууд хамтарч оролцоно гэсэн үг үү?
-Гишүүнийхээ хувьд хэлэхэд шинэчлэлийн Засгийн газарт хамтарч орсон намууд бодлогоор нэг хүнийг дэмжих нь зөв. Миний бодлоор шүү дээ. Ер нь сонгууль болохоор өөр зүйл ярьдгийг болих хэрэгтэй. Нэгэнт л хамтарсан Засгийн газар байгуулахад нэг субъект болж ажиллаж байгаа учир дараагийн сонгуульд тэр багаараа л орох ёстой гэж бодож байна.
-Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар олон суудал авч чадсан. Харин парламентад суугаа Ардчилсан намынхан сөрөг хүчиндээ ажиллах боломжийг нь олгож чадаж байгаа юу?
-Сөрөг хүчний дуу хоолой алга гэж их ярих болж. Би бол шинэ парламентын шинэ гишүүн. Гэхдээ одоогийн хууль эрхзүйг харахад бид хориод, түрэмгийлээд байгаа зүйл огт байхгүй. Тэр хүмүүс өөрсдийгөө нам нь дандаа ялалт байгуулж байсан үе шиг санаад байна.
Үүнээсээ болж гөжиж байгаад хуулийн алдаа гаргаад байгаа юм. Нэг ёсондоо тэднээс хамаг зүйл шалтгаалж байна. Тэгсэн хэрнээ одоо Ардчилсан намаас боллоо гэж ярьж болохгүй. Тухайн үед сөрөг хүчин болсноо мэдрээд, ямар зохион байгуулалтаар, хэрхэн ажиллах вэ гэдгээ нарийн тооцох ёстой байсан болов уу. Ингэж ажилласан бол магадгүй хүчтэй сөрөг хүчин байх ч байсан юм билүү.
Гишүүд нь хэвлэл мэдээллээр ярицлага өгөхдөө “Бидэнд алдаа байна. Алдаагаа ингэж засах ёстой” гэж байна. Энэ бол илүү үнэмшилтэй юм. Ардчилсан намынхны хувьд хийх ажлыг нь хааж шахаагүй.
-Сөрөг хүчин байгаагүй удсан болохоор яахаа мэдэхгүй байгаа юм биш үү?
-Өөрсдийгөө төрийн эрхийг мөнхийн баригч гэж бодсон сэтгэлгээнээсээ гарч чадахгүй байх шиг байна. Тиймээс хоцрогдсон шийдвэр гаргаж, өөрөө өөрсдийгөө хүнд байдалд оруулчихсан юм. Уг нь үүнийгээ засаж залруулах боломж бий. Гэхдээ бид үүнийг зааж хэлэх бол утгагүй хэрэг л дээ.
-Ерөнхий сайд хууль зөрчин Засаг дарга нарын үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон гэж Цэц үзсэн байна билээ. Үүрэг гүйцэтгэгч нэрээр хууль зөрчиж болно гэж үү?
-Засгийн газрын асуудалд би тэр болгон хариулт өгөх боломжгүй. Ерөнхий сайд ямар шийдвэр гаргаж, алийг нь эргэж харсныг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч гэдгийг 2000 оноос одоогийн Ардын намынхан өөрсдөө гаргасан. Гэтэл одоо ийм томилгоо хийдэггүй байсан юм шиг ярих юм. Хууль зөрчсөн бол анх тэр хүмүүс л зааж өгсөн байхгүй юу. УИХ хуулиа баталчихсан. Харин хэрэгжүүлэгчид ажлаа хийх нь тэдний үүрэг. Томилгоог УИХ тавьдаггүй учраас сайн хэлж мэдэхгүй юм.
-Өнгөрсөн парламент Тавантолгой, Оюутолгойн гэрээ, төмөр замын төрөөс баримтлах бодлогыг баталсан. Энэ парламентад уг нь ажил хэрэг болох ёстой эдгээр бодлогуудыг эргэж харах шаардлагатай болчихлоо. Тавантолгой ашиггүй байна, Оюутолгойн гэрээг өөрчлөх, төмөр замын царигийн асуудлыг ярих гээд л шуугиж эхэлсэн. Та Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд эдгээр бүтээн байгуулалтын ажилд ямар байр суурьтай байна вэ?
-Эдгээр бүтээн байгуулалт Монголын хөгжлийг шинэ шатанд авчрах, асар их баялгийг бий болгох ажил. Дэд бүтэц байхгүй ийм том газар нутагтай оронд дэд бүтэц бол их чухал. Тиймээс энэ бүх ажлыг эргэж буцахгүйгээр хурдан хийх ёстой. Гадаад, дотоодын материалуудыг харахаар олон шүүмжлэлтэй зүйл байна. Ний нуугүй хэлэхэд олон улсын гэрээ бол олон улсын гэрээ. Гэрээг засаж залруулж болдог.
Гэвч бидэнд гэрээ хийхэд туршлага дутсан. Энэ нэгэнт тодорхой болсон. Дээрх бүтээн байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай уях тохиолдол байна. Ер нь эхлээд байгуулсан гэрээгээ сайн ойлгож, задалж үзэх юм шиг санагдаад байгаа юм.
Одоо бол улстөрчид нэг өнцгөөс нь харж, ярьж байна. Хүн бүр энэ гэрээг ойлгодог юм шиг, засах юм шиг ярьснаар Монгол Улсыг хүнд байдалд оруулж мэднэ. Иймэрхүү дүр төрх ч ажиглагдаад байгаа. Тиймээс энэ асуудалд Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарал тавьж байгаа болов уу. УИХ-ын гишүүдэд хэлж, ярьж байгаагаа бодож ярих ёстой шүү гэдэг чиглэлийг өгч байсан.
Минийхээр энэ бол буруу чиглэл биш байх. УИХ-ын гишүүн болчихоороо бүхнийг мэддэг гэсэн үг биш шүү дээ. Өөрийн мэддэг салбараас өөр салбарын ажлыг дураараа ярьж болохгүй л дээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд гэрээг засах ёстой гэж бодож байгаа. УИХ-ын зүгээс хэзээ хэрхэн засаж залруулах вэ гэдэг чиглэлийг нь өгсөн учир хэрэгжүүлэгч байгууллага, тухайн асуудлыг хариуцсан яам хэлэлцээр хийж байгаа болов уу.
Тэгэхээр хэлэлцээрийн үр дүн өнөөдөртөө гараагүй байна. Ер нь хүнийг шүүмжлэх амархан. Гэхдээ өөгшүүлж болохгүй л дээ. Алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох ёстой. Толгойг нь илээд байж болохгүй болчихож. Төрийн байгууллагад ажилласан хүмүүсийн алдаа эзэнгүй үлдчихдэг. Асуудлаа оруулж ирчихээд үүнийг хариуцаж чаддагүй хүмүүс төрд байна. Эдгээр хүмүүсийг солих ёстой. Тийм ч учраас томилгоонууд зарим тал дээрээ удаашралтай байгаа байх.
-Иргэд Засгийн газраас 1072 ширхэг хувьцааныхаа үр шимийг хүртэхийг хүсэж байгаа. Өнгөрсөн парламентад аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойн хувьцаанаас олгох шийдвэр гаргасан ч одоогийн парламент үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлчихсэн. Энэмэтчилэн өмнөх парламентад хамтраад хийсэн ажил одоо хэрэгжүүлэх боломжгүй болчихдог ийм байдал ажиглагдаад байна?
-Би тэгж бодохгүй байна. Иргэдэд 1072 ширхэг хувьцааг өгсөн. Стратегийн 15 ордын алтан хувьцааг мөн өгөх шийдвэр нь гарчихсан. Иргэн бүрт байгаа Хүний хөгжлийн сангийн дэвтэрт нь бичээстэй байгаа. Харин хувьцааны өгөөжийг өгөх асуудлыг хариуцсан салбарынх нь хийх ёстой.
Тавантолгойн гэрээн дээр эргэж харах асуудал зайлшгүй бий болоод байна. Үүнийг цэгцлэх зүйлийг хайгаад байгаа юм. Иргэд бол 1072 ширхэг хувьцаа байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Тавантолгойг хэрхэн зөв зохистой ашиглахаас бүх зүйл шалтгаална. Чалкотой байгуулсан гэрээнд алдаа гарсан.
Алдаанаасаа болоод зээл авч, зориулалтын бус зүйлд зарцуулсан нь тодорхой. Энэ бүгдийг залруулахгүйгээр орхиж болохгүй. Иймээс л би хариуцлагыг тооцох ёстой гэж бодоодж байгаа юм. Хүний, өөрийн хэн байх нь хамаагүй. Энэ утгаараа шинэчлэлийн Засгийн газар өөр түвшинд ажиллах шаардлагатай. Иргэд энэ Засгийн газраас маш их зүйлийг хүлээж байгаа.
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн чуулганаар хэр үр бүтээлтэй ажиллав. Ирэх хаврын чуулганд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Бид байнгын хорооныхоо хэмжээнд үр бүтээлтэй ажиллалаа. Чуулганы завсарлагаанаар олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Тавантолгой, Оюутолгой, ойролцоо байгаа уул уурхайн компаниудтай уулзаж сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн бондын зарцуулалтын асуудалд хяналт тавина.