З.Баянсэлэнгэ: Сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байгаад харамсч байна
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.04.30

З.Баянсэлэнгэ: Сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байгаад харамсч байна

Ардчилсан орнуудын төлөөлөгчид өчигдөр Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулах үеэр Монголын иргэд ардчилал нэхэн жагсч байгааг олж харлаа. Төрийн тэргүүн нь хүндэтгэлийн индэр дээрээс “Монголын ардчилал ахиж байна. Шат шатаар өгсөж эхэллээ” гэж зарлав. Харин иргэд гадаа “Ардчилалгүй орон” хэмээх аж. Ардчилал нэхсэн жагсаалд МАХН- ын гишүүд, дэмжигчид төдийгүй хуулийн байгууллагын буруутай үйлдлээс болж хохирсон иргэд, 21 аймгийн төлөөлөл бүхий залуус оролцож тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхийг хүслээ. Гэвч цагдаа нар Сүхбаатарын талбайд жагсагчдыг баривчлах тухай хууль уншин “айлгаж”, сүр хүчийг үзүүлэв. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

 -Жагсаал идэвхтэй болсны учир юу байна. МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой юу?

-Манай намынхан өмнө нь тайван замаар жагсч байсан. Харин өнөөдөр цуглаан маань идэвхжихээр тэд гайхаад байх шиг бололтой.

Яагаад байдал ширүүсэв гэхээр намын дарга Н.Энхбаяртай холбоотой. Өнөөдөр бодит байдалд түүний биеийн байдал маш хүнд байна. Эрх баригчид ялангуяа ардчилсан намынхан энэ талаар хуруугаа ч хөдөлгөхгүй байна шүү дээ.

Уг нь түүний эрүүл мэндэд нь анхаарах, эмчилгээнд хамруулах тухай ярьсан зүйл бий. Гэвч өнөөдрийг хүртэл энэ зүйл хийгдсэнгүй.

-Та УИХ-ын гишүүний хувиар олон улсын төлөөлөгчдөд энэ талаар ярьсан уу?

-Ардчилал гэдэг өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд бусдын эрхийг дарангуйлж болохгүй. Өнгөрсөн өдрүүдэд гадны орнуудын ардчиллын талаарх туршлагыг сонслоо.

Ардчиллын буухиа болсон орны төлөөлөгчид Ц.Элбэгдоржийн сонгуулийнсурталчилгаанд оролцож байгаад харамсч байна.

Санал бодлоо хуваалцахад тэд “Хүний эрхийг дээдэлж байж өөрийнхөө эрхийг хамгаалуулах ёстой” гэж байна лээ. Гэтэл манай улсад ардчилал нь нэг хүн, нэг намын өмч болж цаашлаад дарангуйлал болж байгаа нь хэний ч нүдэнд ил тод байгаа зүйл.

Шүүх засаглал нь нийлчихээд дампуурч байгаа нь маргашгүй үнэн юм. Би нэг л зүйлд их харамсч байна.

-Юунд тэр вэ?

-Олон улсын нэртэй улс төрч, ардчиллын буухиа болсон орны төлөөлөгчид Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаанд оролцож байгааг нь хараад харамсч байна.

Түүнээс гадна тэд сурталчилгаанд нь орж буйгаа мэдэхгүй байгааг нь хараад харамсч байна.