С.Ганбаатар: Дүүг маань албан тушаалд очсон гэдэг жинхэнэ монгол гүтгэлэг
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.04.29

С.Ганбаатар: Дүүг маань албан тушаалд очсон гэдэг жинхэнэ монгол гүтгэлэг

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр та төмөрлөгийн үйлдвэрлэлийн хөрөнгийн асуудлыг шийдэж өгөхийг Ерөнхий сайдаас хүсээд байсан. Ямар учраас тэр вэ?

-Бид өнөөдөр эх орондоо төмөр үйлдвэрлэдэг болмоор байна шүү дээ. Хэрэв ингэж чадвал бид эх орондоо үйлдвэрлэл эрхлэх боломжтой болно. Бид 20 жил үүнийг ярьсан атлаа одоо болтол хийж чадаагүй байна. 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөнөөс экспортын бүтээгдэхүүн болж, маргааш ам.доллар оруулж ирэх үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулалт хийх ёстой.

Тиймээс би Дархан-Уул аймагт байгаа төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийг эхний ээлжинд бариад өгөөч л гэж хэлсэн юм. Энэ асуудлаар хувийн хэвшлийн консорциум байгуулаад явж байгаа хүмүүсийг дэмжээч гэж Засгийн газраас хүсэж байгаа.

Бондын хөрөнгөнөөс үүнд 200 сая ам.доллараар хөрөнгө оруулалт хийхэд жил бүр нэг тэрбум ам.долларын ашиг Монголд орж ирэх тооцоо гарсан байна билээ. Манай хоёр хөрш хэдэн зуун жил биднийг төмөртэй байлгахыг хүсээгүй. Үүлэн чөлөөний нар шиг өнөөдрийн энэ боломжийг бид ашиглах ёстой шүү дээ.

54 ам.доллараар зарж байгаа нэг тонн төмрийн хүдрийг нойтон баяжуулалт хийгээд доод тал нь 117 ам.доллараар зарна гээд бод доо. Нөгөөтэйгүүр энэ үйлдвэр ашиглалтад орчихвол 5-7 мянган ажлын байр бий болно гэдгийг хэлсэн юм.

Ерөнхий сайд болон холбогдох салбарынх нь сайд нар маш сайн дэмжиж байгаа. Харин өлссөн чоно шиг цаас барьж гүйж байгаа бүлэглэл, фракцийн луйварчдад энэ мөнгөө бүү алдаарай гэж тэдэнд захимаар байна.

-Бие даагч гурван гишүүнийг “Ардчилсан намд худалдагдчихсан” гэх юм. Тухайлбал, таны дүүг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт томоохон албан тушаалд тавьсан. УИХ- ын гишүүн Х.Болорчулууны дүүг “Монголросцветмет”-ийн захирлаар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн дүүг Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагад оруулсан гэх юм. Тиймээс та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах асуудалд байр сууриа илэрхийлээгүй юу уу. Тэгээд л та төмөрлөгийн үйлдвэр гэж яриад байгаа юм уу?

-Энэ бол жинхэнэ гоё монгол гүтгэлэг байна. УИХ- ын гишүүн Х.Болорчулууны дүү “Монголросцветмет”-ийн захирал гэдэг нь үнэн. Тэр бол Герман, Англид сурч байсан өндөр боловсролтой хүн.

Тиймээс ном журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож тэрхүү суудалд суусан гэж би үзэж байгаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 10 хүүхэдтэй айлын хамгийн том хүүхэд нь шүү дээ. Тиймээс олон дүү нар нь яаж ч явж болно байх аа.

Миний хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг маргааш ч гэсэн хаавал бөөн баяр болох байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн дүү байтугай хамаатан нь тийм асуудалд оролцоогүй гэдгийг би үнэхээр сайн мэдэж байна. Миний дүү ч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт албан тушаал аваад байсан зүйл байхгүй.

-Яагаад?

-Тэр үйлдвэр “Идээчин, уугаачид”-ын саалийн үнээ болчихсон шүү дээ. Хааж болохгүй гэх ганцхан шалтгаан нь тэнд ажилладаг олон хүнийг хоолноос нь салгахгүй байх. Тэнд бугшсан идээ бээрийг одоо л хагалахгүй бол ажилчдынх нь цалин үгүй болно. Тийм муухай луйварчдын саалийн үнээн дээр миний дүү очно гэж байхгүй.

Ингэж хүн гүтгэж байхын оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн луйврыг илрүүлж, тэнд ажиллаж байгаа олон хүний цалинг нэмээч гэж дээрх утгагүй яриаг гаргасан хүмүүст хэлмээр байна.

Хэрэв тэр эрхийг хэрэв надад өгөх юм бол би нээлттэй тендер зарлаж, дор хаяж гурван тэрбум төгрөгөөр зараад олсон мөнгөөрөө хүүхдүүдэд цэцэрлэг барьж өгөх байсан юм.

Миний яриад байгаа нойтон баяжуулалтын үйлдвэр луйвар орчихсон Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс тусдаа асуудал. Энэ чиглэлээр хувийн хэвшлийн консорциум ажиллаж байгаа.

Үүнд улс бондынхоо өчүүхэн хэсгээс л хөрөнгө оруулаач л гэж байгаа юм. Тойргийнхоо бизнесмэнүүдийн хүсэж байгаа асуудлыг дэмжих нь миний үүрэг.

-Тэгвэл тэр консорциумд тантай хамаатай хэн нэгэн байгаа юм уу. Та зөвхөн сонгогчдынхоо дуу хоолойг төрд хүргэх гэж ингэж зүтгэж байна гэхээр хардах сэтгэл төрөөд байна л даа?

-Сонгогчдын төлөөлөл дэмжсэн консорциум учир би дэмжиж байгаа юм. Дархан-Уул аймгийн Засаг дарга асан Эрдэнэбат бид хоёр төмрийн хүдрийг баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесмэнүүдтэй хоёр удаа форум зохион байгуулж, иргэдээс санал авсны үндсэн дээр дээрх консорциумыг байгуулахыг дэмжихээ илэрхийлсэн юм.

Хэрэв би нэг компанитай ажиллаж байсан бол хардах нь зөв байх. Гэтэл би иргэдийн итгэлийг хүлээсэн бүхэл бүтэн консорциумыг дэмжиж байгаа юм. Өнөөдрийг хүртэл тэдний асуудал бүтэх байх гэж харж явсан. Харамсалтай нь тэгсэнгүй.

Тиймээс би намайг хэн юу гэж хэлэх бол гэж айхгүйгээр эх орныхоо бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг дэмжиж байгаа юм. Бид төмрийн хүдрээ боловсруулахгүй бол бүтээн байгуулалт өрнөхгүй шүү дээ.      

-Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал дээр бие даагч гишүүд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй шүү дээ. Ямар учраас тэр вэ?

-Энэ нь бидний байр сууриа илэрхийлж байгаа нэг арга юм шүү дээ. Өөрөөр хэлбэл “сандал, ширээ ярьдаг цаг биш. Өмнөх ажлаа ярья” л гэж байгаагаа илэрхийлсэн хэрэг.

Би найм, есөн жил тэмцэлхийж байхдаа “Засгийн газар, Ерөнхий сайд огцор” гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би өнгөрсөн хугацаанд “Та энэ шийдвэрээ өөрчил, цалин, тэтгэвэр нэм” гэж байсан уу гэхээс “Чи их муу хүн байна. Чамайг би өөрчилмөөр байна” гэж хэлж байгаагүй.

Би үйл хэрэг, үзэл санаа ярьдаг болохоос хүний албан тушаал ярьдаггүй.

Хэрэв огцруулах ёстой бол ном журмын дагуу л шийдэх ёстой. Энэ бол фракци, нам, бүлэглэл хоорондын асуудал биш.

-Ерөнхий сайдыг хууль зөрчсөнийг олон баримтаар нотолсон шүү дээ?

-Ийм тохиолдолд хуулийн байгууллага ажиллах ёстой. Бид шүүгч биш шүү дээ. Харин хэлэлцээрт орохгүй. Ажлаа хийхгүй байвал огцруулах асуудлыг үе шаттайгаар ярьдаг байх ёстой. Гэхдээ үүнийг улстөрчид биш ард иргэд шийдэх хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаад дахь нууц данс илэрсэн нь нийгэмд янз бүрийн уур амьсгал бүрдүүллээ. Тухайлбал, зарим улстөрч “Гадаадад данстай байх нь энгийн үзэгдэл” гэж байна. Харин та юу гэж харж байгаа вэ?

-УИХ-ын гишүүдийн олонхи нь ичгэвтэр байдалд орж байна. Нүдний булай болж хошин шогийн жүжигт тоглочихлоо. Өнөөдөр С.Баярцогт ард түмнийг үнэхээр басаж, ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ хийчихсэн байна.

УИХ-ын гишүүд С.Баярцогтын асуудлыг хэлэлцэх үеэр түүнийг өмөөрч “Жудагтай бай, хүн чанартай бай” гэж байна билээ. Хэрэв ийм асуудалд жудаг гаргаж байгаа бол шоронд байгаа бүх хүмүүст, МИАТ-ийн асуудалд жудаг гаргаач. Бусдыг нь яагаад ялгаад байгаа юм.

С.Баярцогтод бялдуучилж, долигонож байсан хүмүүсийг хараад миний ой гутаж байсан. Улстөрчдийг бүү муул. Зөвхөн соль гэдэг алтан дүрэм байдгийг Монголын ард түмэн мэднэ дээ.

-“Рио Тинто” компанийг Гаагийн шүүхэд өгсөн асуудал ямар шатанд яваа бол?

-Мозамбик улсын нэгэн иргэн байгаль орчноо хамгаалж, нэгэн том уул уурхайн компанийг Гаагийн шүүхэд өгчихөөд есөн жилийн дараа хариугаа авсан тохиолдол байдаг. Тэгэхээр энэ асуудал хугацаа нэлээд авах байх.

Үүнээс илүүтэй С.Баярцогтынхоо буянаар Оюутолгойн асуудал дээр монголчууд нэгдсэн байр суурьтай болж чадсанд би баяртай байгаа. Одоо би олон улсын төвшинд тэмцлээ явуулна.

Дэлхийн хөдөлмөрийн байгууллагад “Рио Тинто”-гийн луйврын талаар мэдээлнэ. Лондонгийн дүүргийн шүүхэд хандахаар материалаа бэлтгэж байна.

-“Эрдэнэс Тавантолгой”, “Чалко” компанийн хооронд байгуулсан гэрээг цуцлах асуудлыг ярьж эхлэхэд манай эдийн засаг хямарч эхэлсэн. Үүнээс болоод энэхүү гэрээний хүрээнд нүүрс экспортолж эхэлсэн нь манай эдийн засаг урд хөршөөс хамааралтай гэдгийг батлаад байх шиг. Та энэ бүхнийг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Ганцхан манай улсын эдийн засаг бус дэлхийн эдийн засаг манай урд хөршөөс хамаарч байгаа шүү дээ.

Гагцхүү “Рио Тинто”-той байна уу, “Чалко”-той байна уу улстөрчид л гэрээ хийхээ больчихмоор байгаа юм.

Бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт дээр үндэслэн улстөрчид шийдвэр гаргадаг зарчмаар ажиллах ёстой. Техникийн шийдлийг улс төрийн аргаар гаргадаггүй юм.

“Чалко” нүүрсний гэрээний талаар амьдралдаа анх удаа сонсож байгаа хүн гэрээ байгуулаад, тэр талаар яриад явна гэхэд харамсмаар биш байна гэж үү.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн эмэгтэй гишүүдийн боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийг таныг дэмжиж байгаа гэж сонссон. Энэ хуулийн төслийг Ардчилсан намынхан бүлгийнхээ хурал дээр унагачихсан шүү дээ. Тэгэхээр амжилт олох болов уу?

-Анх энэ хуулийн төслийг Л.Эрдэнэчимэг гишүүн санаачилж, Ц.Оюунгэрэл гишүүн дэмжсэний үндсэн дээр эмэгтэй гишүүд дэмжиж байсан юм билээ. Харамсалтай нь Ардчилсан намынхан бүлгийнхээ хурлаар унагасан. Гэхдээ би энэ хуулийн төслийг хууль болгохын төлөө ажиллана.

Өөрийнхөө эрх ашгийн төлөө дуугарч чадахгүй байгаа мянга, мянган хүүхдийн эрх ашгийг төр зөнд нь хаяна гэвэл ёстой жинхэнэ хатуу тэмцэнэ. Гэхдээ би Ерөнхий сайдыг огцруулна гээгүй. Ерөнхий сайдаар энэ асуудлыг шийдүүлнэ. Энэ миний ажил.

-Сүүлийн үед эрүүл мэндийн даатгалтай холбоотой мөнгө идсэн гэх хэргүүд нэлээд илэрч байна. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатартай холбоотой асуудал байна. Яг энэ цаг үетэй давхцаад Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн барьсан гэсэн байх аа?

-Тийм. Эрүүл мэндийн даатгал, эмч нарын цалингаас “хумсалдаг” эрх мэдэлтнүүдийн асуудлыг таслан зогсоох цаг болсон байна шүү дээ. Тухайлбал, 400 сая төгрөгөөр оруулж ирдэг аппаратыг 2.1 тэрбум төгрөгөөр шахаж байна гэдэг чинь байж болох асуудал уу.

Бид эрүүл мэндийн даатгалдаа мөнгө төлсөн атлаа эмнэлэгт очихдоо гар цайлгах зүйлсийг хэзээ болтол авч очих вэ. Энэ бүхнийг таслан зогсоох цаг нь болсон.