Д.Далайбаяр: Гэрээний үнээр тооцох нь хамгийн зөв хувилбар
“Монголын алт” ХХК-ий Худалдааны газар Aхлах мэргэжилтэн, МХАҮТ-ийн Нүүрсний үнийн зөвлөлийн гишүүн Д.Далайбаяртай ярилцлаа.
-Нүүрс, төмөр, жонш гээд салбарын үйлдвэрлэл экспорт зогсонги байдалд хүрсэнийг нь та юутай холбож тайлбарлах вэ?
Эрдсийн бүтээгдэхүүний экспортын худалдааны хэмжээ буурч, салбарын үйлдвэрлэл зогсонги байдалд орж байгаа нь мэдээж хэрэг гол зах зээл дээрх тухайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ багасч, үнэ ханш унаж, өрсөлдөх чадвар алдагдаж байгаатай шууд холбоотой.
Уул уурхайн компаниуд энэ хүнд хэцүү үеийг даван туулахын тулд бололцоотой бүх арга хэмжээгээ авч байгаа ч цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж чадна гэх баталгаа алга. Ийм нөхцөлд байгаа гэдгийг дээр дооргүй бүгд мэдсээр байж жишиг үнийг дахин сэргээсэн нь “дарин дээр давс нэмэв” гэгч болж байгаа нь үнэн.
-Нүүрсний экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг хэрхэн тооцох ёстой вэ. Яаж тооцвол илүү бодит өртөг болох вэ?
Нүүрс өөрөө амархан хувирдаг шинж чанартай учраас үнэ нь их хэлбэлздэг. Мөн овор хэмжээ их тул тээвэрлэлтийн зардалд маш их өртөг шингэдэг зэргээрээ бусад төрлийн эрдэс баялагаас онцлогтой.
Нүүрсний үнслэгийн агуулга, хүхрийн агуулга, дэгдэмхийн агуулга, коксжих шинж чанар гэх мэт гол үзүүлэлтүүд нь маш бага хэмжээгээр хувьсан өөрчлөгдөхөд л худалдааны үнэ өөрчлөгддөг. Иймээс нүүрсийг биржээр худалдаалдаг бүтээгдэхүүний ангилалд оруулж, тэгээд Хятадын дурын нэг судалгааны компанийн эх сурвалжаас Хятадын төвийн бүсийн болон далайн боомт дээрх үнийг хуулан авч, шууд жишиг үнэ болгон тогтоох нь амьдралд нийцэхгүй байгаа юм. Жишиг үнэ тогтоох нь яг өнөөдрийн нөхцөлд зохимжтой биш байна, жишиг үнийн эх сурвалж нь Хятад байх нь бодлогын хувьд буруу байна, жишиг үнэ тогтоож байгаа аргачлал нь олон улсын жишигт нийцэхгүй байна гэдгийг л нүүрс экспортлогч нар хэлээд байгаа.
Өнгөрсөн 4 сард хил дээр 337 мянган тн, уурхай дээр сая гаруй тн нүүрс хүлээгдэж байсан
Ийм ч учраас Шинэчлэлийн ЗГ нүүрсэнд жишиг үнэ тогтоохыг зогсоож, Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-д заасан “ ... дотоод гадаадын бүтээгдэхүүний зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэнэ ...” гэсэн заалтыг хэсэг хугацаанд хэрэгжүүлсэн гэж би ойлгосон. Цаашид энэ хуулийн заалтыг үргэлжлүүлэн мөрдөх нь бодит байдалд илүү нийцнэ. Бүр үгүй юм гэхэд Монгол улс өөрөө боомт тус бүрээр экспортлож бүй нүүрснийхээ шинж чанарт нийцүүлсэн, зах зээлийн судалгаа тооцоонд үндэслэсэн жишиг үнийг тогтоох хэрэгтэй.
-Экспортлогчдын холбооноос нүүрсний жишиг үнийг Хятадад нүүрсээ нийлүүлдэг Австралийн үнээр тооцох саналтай байгаа. Үүнтэй санал нийлэх үү. Нийлвэл яагаад, нийлэхгүй бол бас яагаад вэ?
Австралийн үнээр жишиг үнэ тогтооно гэсэн санаа биш байх. Австралийн нөөц ашигласаны татварыг тооцохдоо ашигладаг аргачлалыг л хэрэгжүүлье гэсэн болов уу.
-Нүүрсний салбарын өнөөгийн байдал, болон ирээдүйг юу гэж дүгнэх вэ?
Нүүрсний салбарын хөгжил томоохон хэрэглэгч орнуудын макро түвшиний бодлого шийдвэрээс ихээхэн хамааралтай. Тийм болохоор Монголын нүүрсний салбарын ирээдүй өнөөгийн гол зах зээл Хятадын төрийн бодлого, түүнтэй уялдуулсан Монголын төрийн оновчтой зөв бодлого шийдвэрээс л шууд хамаарах болов уу.
-Уул уурхайн сайд Д.Ганхуяг СОАl MONGOLIA чуулганы үеэр
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Coal mongolia чуулганы үеэр үг хэлж байгаа нь /2013 он/
нүүрсний жишиг үнэ, тариф, татварыг олон улсын жишгийн дагуу зохицуулахаар төрийн бодлого барина гэдгээ илэрхийлсэн. Энэ бодлого амьдрал дээр хэр нийцэж байна гэж үзэж байна вэ?
Уул уурхайн салбарын цаашид хөгжүүлье гэвэл олон улсын жишигт нийцүүлэхээс өөр арга байхгүй. Харамсалтай нь гадны орны сайн туршлагыг зөв нэвтрүүлж чадахгүй байна. Тухайлбал, өсөн нэмэгдэх нөөц ашигласны татвар, жишиг үнэ, түүнийг тооцох аргачлал зэргийг Австралиас санаа авч хэрэгжүүлсэн байдаг. Гэхдээ үндсэн санааг нь өөрчлөх, эсвэл хамгийн гол хэсгийг нь санаатай болон санамсаргүй байдлаар орхигдуулсан нь өнөөдрийн энэ үл ойлголцлыг үүсгээд байгаа юм.
Уурхайн ам эсвэл хилийн боомтоос цааших бүх зардлыг жишиж харьцуулж байгаа үнээсээ хасдаг нь олон улсын тогтсон зарчим. Гэтэл ТЕГ-аас батлан гаргаж байгаа аргачлалд “.. хасаж тооцохгүй..” гээд эсрэгээр нь бичээд байдаг. Энэ мэт олон асуудлыг уул уурхайн яам санаачлан засч залруулж олон улсын зөв жишигт нийцүүлэх болов уу гэсэн хүлээлт байгаа.
-Жишиг үнийг цаашид Хятадын олон өртөг шингэсэн үнэтэй жишиг тогтоосоор байвал танай компани болон нүүрсний экспортонд хэрхэн нөлөөлөх вэ?
Жишиг үнийн эх сурвалж, аргачлал буруу байгаа нь аль нэг компанийн борлуулалтанд нөлөөлөөд зогсохгүй Монгол улсын экспортын нүүрсний бодлогод сөргөөр нөлөөлж байгаа. Гэрээний бодит үнээс хэт өндөр зөрүүтэй гаргасан жишиг үнэд үндэслэн төрийн байгууллагууд экспортын худалдааны талаар мэдээлэл гаргаж байгаа нь Монгол улсын гадаад худалдааны тэнцэлийг буруу тодорхойлох ноцтой алдаа гаргахад хүргэж байгааг дурдах нь зөв байх.
-Сүүлийн хоёр жил эрсдийн бүтээгдэхүүний экспортын жишиг үнэ, түүнийг тогтоож буй аргачлал дээр нэлээдгүй маргаан үүсч байгаа. Маргааныг шийдэх гарцыг та бүхэн юу гэж харж байна вэ. Жишээ хэлж, дэлгэрэнгүй хариулна уу.
Би дээр дурдсан. Ер нь бол ашигт малтмалын хуулийн 47.2.3-д заасны дагуу экспортлогчийн гэрээний үнээр тооцох нь хамгийн зөв хувилбар. Заавал жишиг үнэ тогтооно гэвэл Монгол улсын ЗГ боомт тус бүрээр экспортолж буй нүүрсэнд нийцсэн жишиг үнийг өөрсдөө зарлах чадамжтай судалгааны бүтэцтэй болох хэрэгтэй. Ингэхдээ нүүрс, жонш, төмөр гэх мэт салбарын холбоодоор нь дамжуулан экспортлогчдын санал хүсэлт, судалгаа тооцоог авч ашигладаг байх шаардлагатай.
-Танай компаний нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс буурсан уу. Өссөн үү. Буурсан бол хэдээр /хувь хэмжээтэй хэлнэ үү/
Борлуулалтын хэмжээ буураагүй боловч борлуулалтын орлого гуч гаран хувиар буураад байгаа.