М.Доржханд: Олон улсын жишгийг судлах хэрэгтэй
"Алтайн хүдэр" ХХК-ийн Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал М.Доржхандтай төмрийн салбарын ирээдүй болон жишиг үнийн асуудлаар ярилцлаа.
-Нүүрс, төмөр, жонш гээд салбарын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Үүнийг зарим нь уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнэтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Энэ үнэн үү. Үнэн бол яагаад, шалтгааныг нь юу гэж үзэж байна вэ?
Үйл ажиллагаагаа зогсооно гэхээсээ илүү экспортын үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэж буй гол асуудал нь яах аргагүй энэ жишиг үнийн асуудал болж байна гэдэгтэй санал нийлж байна. Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнэ тогтоодог ажлын хэсэгт мэргэжлийн судалгаа шинжилгээ хийгээд, үндэслэл бүхий үнэ тогтоох чадвар, чадамж, бололцоо хомс байна гэж ойлгож байна.
Хэрэв жишиж болохуйц үнийг зах зээл талаас нь, худалдан авагч, нийлүүлэгч талаас нь, тухайн эрдсийн бүтээгдэхүүний чанар, агуулга, тээврийн нөхцөл зэргийг нь судлаад “ЖИШИЖ” чадаж байвал компаниуд хүлээн зөвшөөрөх л болно. Жишинэ гэдэг нь аливаа ижил төстэй шинж чанараар нь адилтган харьцуулсан байх учиртай. Жишээ нь: Монгол Улсын төмрийн хүдэр, баяжмал экспортлогч нарын судалгааг хийж, экспортолж буй төмрийн хүдэр, баяжмалын агуулга, чанар, боловсруулалтын зэрэг, хортой хольц зэргийг тооцон үзэж жишиж болохуйц үнийг тогтоосны дараа нийлүүлж буй зах зээлийн онцлог, байршил, гангийн үйлдвэрлэлүүдийн хөгжил, өрсөлдөөн зэргийг тооцон үзэж, тээвэр, ачиж буулгах зардал, даатгал зэргийг тооцон зохих хасалт тооцооллуудыг хийж чадсан тохиолдолд “адилтгаж болохуйц” үнэ гарах боломжтой.
Гэтэл эдгээрийг хийх хамгийн анхан шатны ойлголт болох “баяжмал”, “хүдэр” гэдэг ойлголтыг Засгийн газрын 193 дугаар тогтоолоор олон улсын жишигт байдаггүй, ганц Монголд хэрэглэгдэх ойлголтыг гарган томъёолсон нь жишиг үнэ тогтоох аргачлалыг тэр чигт нь үгүйсгэчихэж байна. Учир нь олон улсын жишгээр анхан шатны буюу маш энгийн бутлах боловсруулалт хийсэн агуулга нь өөрчлөгдөөгүй байгаа төмрийн хүдрийг хүдэр гэж ойлгодог байхад Монгол Улсын хувьд хүдрийн агуулгыг 20-30 хувиар нэмэгдүүлж, хуурай баяжуулах аргаар боловсруулалт хийсэн аргыг үгүйсгэж хүдэр гэж ангилсан нь жишиг үнэ дээр очихоороо олон улсын өндөр агуулгатай хүдэртэй харьцуулан 40-60 ам.долларын илүү үнэ тогтоох эх үндсийг тавьчихаж байгаа юм. Байгалаасаа 58 хувийн агуулгатай Австрали зэрэг орнуудад өндөр тархсан гематит төрлийн хүдрүүд байна энэ нь боловсруулалт шаарддаггүй бөгөөд шууд хүдэр чигээрээ ган үйлдвэрлэх зуух уруу орох боломжтой.
Гэтэл Монголоос гарч буй 25-40% агуулагатай магнетит хүдрийг боловсруулалт хийхгүй л бол зах зээлд худалдах ямар ч боломжгүй байдаг. Тухайлбал манай орд нь байгалаасаа 37 - 40 хувийн агуулгатай хүдрийг буталж шигших замаар хорт материалаас нь салгаж, хуурай соронзон ялгалтын аргаар нэмэлт баяжуулалт хийн 58-60 хувийн агуулгатай нунтаг баяжмал үйлдвэрлэж байна.
Гэтэл өнөөдөр уул уурхайн ажлын хэсэг энэ өндөр агуулгатай хүдэртэй харьцуулж, үнэ тогтоож байгааг бид хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. Энгийнээр хэлбэл, дэлхийд үнэлэгдэх брэндийн үнээр тооцон монгол улсаас гаргаж буй бүтээгдэхүүн бүрээс татвар авна гэвэл бид хүлээн зөвшөөрөх үү? Уул уурхайн бүтээгдэхүүн гэдгээрээ ангилал тавих гэж байгаа бол шударга, үндэслэлтэй л байх хэрэгтэй.
-Жишиг үнийг тогтоох аргачлалыг яаж тооцох ёстой вэ. Төмрийн хүдрийн салбарт жишээ нь?. Яаж тооцвол илүү бодит өртөг болох вэ?
-Жишиг үнийг Монгол улсын төмрийн экспорттой зөв уялдалуулах үүднээс дараахь аргачлалуудыг хэрэгжүүлэх боломжтой:
- Монгол Улсын төмрийн хүдэр экспортлогчид баримтлахад тохиромжтой жишиг үнэ нь боловсруулалтын арга, төмрийн хүдэр, баяжмалын чанар, нийлүүлэгдэж буй зах зээл, тээвэрлэж буй нөхцөл зэргээрээ хамгийн ойр үнийг олж харьцуулах учиртай. Гэтэл одоогоор Монгол Улсын төмрийн хүдэр, баяжмал экспортлогчдод тохирох үнэ байхгүй байгаа тул Уул уурхайн экспортын үнэ тогтоох ажлын хэсэг тодорхой хэмжээний тооцоолол хийж байж үнийг гаргах, ингэх боломжгүй бол Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу борлуулалтын орлогод үндэслэн үнэ тогтоох учиртай.
- Тооцооллыг хийхдээ, юун түрүүнд суурь үнийг нийлүүлэгдэж буй зах зээлээр нь ангилан зарладаг цахим хуудсыг олж тогтоох хэрэгтэй. Мөн манай ажлын хэсэг олон нийтэд зарлахдаа ч БНХАУ-ын баруун хойд муж, зүүн хойд муж гэж салгаж зарлах шаардлагатай. Учир нь худалдан авагч БНХАУ-ын үнэ тогтоох механизм нь өөрөө муж, эргээрээ зарлагдаж байна. Нэгэнт Засгийн газрын тогтоолоороо хятадын цахим хуудас дахь үнийг зарлаж байхаар шийдвэрлэсэн бол хятадын үнэ тогтоодог механизмыг ойлгох хэрэгтэй байна.
- Ашиглах цахим хуудсын хувьд www.umetal.com зэх зээл бүрээр нь тогтвортой тасалдалгүй зарлах тал дээр www.asianmetal.com, www.mysteel.com хуудсуудтай харьцуулахад дутагдалтай. Жишээ нь Asianmetal-ийн давуу тал нь Хятадын бүс нутгуудын нарийвчилсан үнийг өдөр бүр шинэчлэн жилийн турш мэдээлдэг. Мөн үнийн нөхцөл болон гарал үүслийг тодорхой заасан байдаг. Umetal-ийн бүсчилсэн мэдээлэл нь тасалдах, тэр тусмаа өвлийн саруудад огт мэдээлэгдэхгүй байх, үнийн нөхцөл тодорхойгүй зэрэг асуудалтай байдаг.
- Зүүн хойд мужийн үнийг тооцоолоход БНХАУ-ын далайн боомтуудтай ойр учир Ажлын хэсгийг аваад байгаа боомтуудын үнийг ашиглах боломжтой. Гэхдээ БНХАУ-ын зүүн хойд мужууд руу гарч буй Монголын төмөр одоогоор БНХАУ-ын зүүн эрэгт хүрч худалдаалагдахгүй байгааг мөн анхаарах хэрэгтэй. Нэгэнт Монгол улсын хэмжээнд гарч буй төмрийн хэмжээ маш бага учраас аль ч хэсгээр гарсан төмрийг БНХАУ-ын нэг үйлдвэр дангаараа хэрэглэх чадалтай байна. Тиймээс БНХАУ-ын зүүн эргийн үнээс холбогдох тээврийн зардал, гаалийн агуулахын зардал болон БНХАУ-ын татварыг хасч тооцсон үнээр жишиг үнийг тогтоох. Тухайлбал Замын Үүдээс Эрээнээр дамжин Бугатын ган төмөрлөгийн үйлдвэрт хүрэх төмрийн хүдэр/баяжмалын зардлыг БНХАУ-ын зүүн эрэгт худалдаалж буй ижил төстэй бүтээгдэхүүний үнээс хасч тооцох. Хэдийгээр Австралийн төмрийн хүдэр БНХАУ-ын хилийн боомтуудад бууж байгаа ч уг төмрийг хэрэглэж буй ган үйлдвэрлэгчид ойрын зайд, дэд бүтэц, тээвэрлэлтийн систем өндөр хөгжсөн бүсэд байгаа учраас тээврийн зардалаас хамаарах хамаарал маш бага байна.
- Баруун хойд мужийн жишиг үнийг тухайн мужид төмрийн хүдэр / баяжмал нийлүүлж буй дотоодын уурхайнуудын үнэд тулгуурлан тооцоолох боломжтой. Одоогийн байдлаар Шинжань мужийн Фуюун, Кумүл зэрэг уурхайнууд нойтон аргаар баяжуулсан төмрийн баяжмалыг бүс нутагтаа нийлүүлж байна. Энэхүү уурхайнууд нь бүтээгдэхүний үнийг “Dt/VAT included delivered by D/A” буюу эцсийн хэрэглэгчдийн хашаанд буух үнийг тооцон оруулсан байна. Тиймээс баруун хойд мужийн үнийг тооцоолохдоо дотоодын үйлдвэрлэгчдийн энэ үнээс тээврийн зардал, гаалийн зардал болон БНХАУ-ын татварыг хассанаар жишээ нь Бургастай боомтын үнэ нарийн бөгөөд шударгаар гарах боломжтой.
- Энэхүү шийдлүүд нь зөвхөн Алтайн Хүдэр ХХК-аар тогтохгүй Монгол улсаас төмөр экспортлож буй Болд Төмөр Ерөө гол (Эрээнээр дамжуулан төмөр замаар) мөн бусад хилээр машинаар нэвтэрч буй төмрийн бүтээгдэхүүнүүдэд аль алинд нь тохиромжтой байна.
-Экспортлогчдын холбооноос төмрийн жишиг үнийг Хятадад нүүрсээ нийлүүлдэг Энэтхэг улсын үнээр тооцох саналтай байгаа. Үүнтэй санал нийлэх үү. Нийлвэл яагаад, нийлэхгүй бол бас яагаад вэ?
Энэтхэг улсын Ашигт малтмалын газар болон Засгийн газрын бэлтгэсэн Indian Minerals Yearbook 2011-т дурьдсанаар Энэтхэг улс нь нийт 28.5 тэрбумм төмрийн таамаг баялагтайгаас (resource) 17.8 тэрбум нь батлагдсан баялаг үүний 8 тэрбум тонн нь батлагдсан нөөц байна. Гэхдээ энэ нь зөвхөн гематит төрлийн нөөц байгаа нь онцлог юм. Өөрөөр хэлбэл нөгөө л боловсруулалт хийдэггүй Direct Selling Ore буюу гематит хүдэр яваад байна.
Энэтхэг улс төмрөөр баян орон, тэд хэдийгээр 10 тэрбум тонн магнетит гаралтай төмрийн баялагтай гэж байгаа ч үүнээс ердөө 22 сая тонн батлагдсан нөөц тогтоосон байгаа нь [1]тус улс магнетитын олборлолт боловсруулалтыг огт хийдэггүй болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нөхцлөөс тэс өөр гарал үүсэлтэй төмрийн тухай яригдаж байна. Энэ утгаараа Монголын төмрийн бүтээгдэхүүнийг Хятадын зүүн эрэгт худалдаалагдаж буй Австрали, Бразил мөн Энэтхэгийн төмрийн бүтээгдэхүүнүүдтэй шууд жиших нь зарчмын хувьд боломжгүй байна. Гэхдээ манай жишиг үнэ нь Энэтхэг, Австрали, Бразилдаа биш ер нь Хятадын зүүн эрэг дэх үнээр тооцоох нь зарчмын хувьд буруу гэдэг нь өмнө хэлсэн өмнөх хариултаас харагдаж байгаа байх.
-Төмрийн салбарын өнөөгийн байдал, болон ирээдүйг юу гэж дүгнэх вэ?
-Төмөр нь ган үйлдвэрлэлтэй нягт холбоотой явдаг салбар. Ган үйлдвэрлэл мэдээж эдийн засгийн ерөнхий өсөлт бууралтыг даган өөрчлөгдөж байдаг. Сүүлийн 10 жил төмөр болон ган үйлдвэрлэлтийн салбарт үсрэлт хийсэн жилүүд байлаа. БНХАУ-ын эдийн засгийн асар хурдацтай өсөлт гангийн хэрэглээг огцом нэмэгдүүлж улмаар төмрийн эрэлт, олборлолт, үнийг нэмэгдүүлснээр энэ салбар огцом хөгжсөн. 2012 оноос Хятадын эдийн засаг анх удаа буурсан үзүүлэлттэй гарч олонхи судлаачдын зүгээс Хятадын эдийн засгийн хөгжил цаашид аажмаар тогтворжих буюу буурна гэсэн байна.
Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн хөгжил 7-8%-тай байсаар байгаа нь цаашид ган үйлдвэрлэл, төмрийн хүдрийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэж итгэж байна. Гэхдээ нөгөө талаас маш олон төмрийн аварга төслүүдийг дэлхийн олон хэсэгт эхлүүлж байгаа нь Хятадыг чиглэн экспортолсоор байна. Тиймээс Монгол Улсын засгийн газраас төмрийн салбарыг дэмжиж, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх талаас хамтран ажиллах нь чухал байна.
-Жишиг үнийг цаашид энэ хэвээр тооцсоор байвал танай компани болон экспортонд хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ хэвээр тооцвол бид мэдээж, асар их татварын өр, дарамтад орно, цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах ч боломжгүй болно, ашиггүй бизнест зардал гаргах уу? Мөн өнгөрсөн хугацаанд хохиросон хохирол зардлыг шүүхийн журмаар нэхэмжлэх гэх мэтээр дуусахгүй маргаан, шүүхийн асуудал үргэлжилэх болно.
-Сүүлийн хоёр жил эрсдийн бүтээгдэхүүний экспортын жишиг үнэ, түүнийг тогтоож буй аргачлал дээр нэлээдгүй маргаан үүсч байгаа. Маргааныг шийдэх гарцыг та бүхэн юу гэж харж байна вэ. Жишээ хэлж, дэлгэрэнгүй хариулна уу.
Бид судалгаа хийсэн, түүнийг төрийн эрх бүхий байгууллагууд анхааралтай судлан үзээд үндэслэл бүхий хариулт өгч, үүн дээр үндэслэн шийдвэр гаргах хэрэгтэй. Мэргэжлийн баг ажиллах хэрэгтэй. Олон улсын практик, жишгийг судлах хэрэгтэй. Харилцан санал, шүүмж сонсох хэрэгтэй.
Хамгийн гол нь шударга, үндэслэлтэй, мэргэжлийн төвшинд тооцоолоод гаргаад ирсэн бол бид мэдээж ойлгож хүлээн авна.
-Танай компаний төмрийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх оны мөн үеийнхээс буурсан уу. Өссөн үү. Буурсан бол хэдээр /хувь хэмжээтэй хэлнэ үү/
Хэдийгээр зах зээл муу байсан ч бид үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөсөөр байна.2011 оны эцэстэй харьцуулахад 2012 онд манай үйлдвэрлэл 50%-р нэмэгдсэн. 2013 онд бид өмнөх оны үйлдвэрлэлээ аль болох нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Хэдийгээр 2012 онд үйлдвэрлэл нэмэгдсэн ч санхүүгийн хувьд бидэнд таатай байсангүй.