Нүүрсийг Австрали, төмрийг Энэтхэг улсын жишиг үнээр тооцох хэрэгтэй
Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, Уул уурхайн зөвлөх инженер Д.Галсандоржтой эрдсийн салбар дах бүтээгдэхүүний жишиг үнэ хэрхэн тогтоох нь зүйтэй эсэх талаар байр суурийг нь сонирхож ярилцлаа.
-Танай холбоо хэдэн онд байгуулагдсан бэ. Яг ямар зорилготой үйл ажиллагаа явуулдаг вэ?
Манай холбоо нь төрийн бус байгууллага. 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Бид гол нь эрдсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдыг дэмжих, олон улсын зах зээлд гаргахад нь туслах, энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүдийг татах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, эрдсийн бүтээгдэхүүн худалдан авагч монголын түншүүдтэй хамтран ажиллахад туслах зорилготой.
Мөн эрдсийн эдийн засаг, менежментийн чиглэлээр төрийн албан хаагчид, уул уурхайн компаниудын ажиллагсад зориулан сургалт явуулж байна.
Тус холбоо эрдсийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн өөрчлөлт, үүн дотроо биржийн бус бараа болох жонш, нүүрс, төмөр зэрэг бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт хандлагыг судалдаг. Энэ ч үүднээс олон улсын эрдсийн бүтээгдэхүүний зах зээлийн судалгааны Англи, АНУ, Хятадын хүрээлэн, компаниудтай хамтарч ажилладаг. Манай холбооны гишүүд гэвэл эрдсийн бүтээгдэхүүний экспортлогч компаниуд тухайлбал жонш, төмөр, зэс, нүүрс үйлдвэрлэгч, экспортлогч нар байдаг.
-Сүүлийн хоёр жил эрсдийн бүтээгдэхүүний экспортын жишиг үнэ, түүнийг тогтоож буй аргачлал дээр нэлээдгүй маргаан үүсч байгаа. Засгийн газрын зүгээс зарим талдаа үндэслэлгүй үнэ тогтоож, буруу зах зээлийн эх сурвалжийг авч байна гэдэг шүүмжлэл бий. Энэ тал дээр танай холбооны байр суурь ямар байдаг вэ?
Өнгөрсөн оны гуравдугаар улирлаас эхлээд нүүрсний зах зээлд их өөрчлөлт гарсан. Хятадын хэрэглээ багасч, үүнээс улбаалаад нүүрсний үнэ буурсан. Харин Сангийн яамны зүгээс энэ байдлыг харгалзаж үзээд экспортын жишиг үнийг өнгөрсөн оны 12 сараас 4 сар хүртэл хэрэглээгүй. Үүний оронд экспортлогч компаниудын экспортын гэрээний үнийг суурь болгон нөөц ашигласны төлбөрийг авч байсан.
Харин одоо тэр хугацаа дуусч, эргээд жишиг үнэ тогтоож байгаа. Өнөөдрийн байдлаар зах зээл дээрх нүүрсний хэрэглээ бага хэмжээгээр өсч, үүнийг дагаад үнэ ч гэсэн багахан өсч магадгүй байдалтай харагдаж байна.
-Ер нь жишиг үнэ ямар зориулалттай юм бэ?
Сангийн яам, Уул уурхайн яамнаас тогтоож жишиг үнэ нь нөөц ашигласны төлбөрийг авах зорилготой тогтоож байна. Тэд нүүрсний экспортын жишиг үнийг тогтоохдоо Хятадын үнийг суурь болгож аваад байгааг манай экспортлогч нар үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Хятадын тогтоосон үнэ дотор нүүрс боловсруулах зардал, НӨАТ, орон нутгийн зарим төлбөр, хураамж тусгагдчихсан байдаг. Тэгэхээр тэр үнийг жишиг болгох нь оновчтой бүс юм. Харин Хятадын үнийг ашиглахгүйгээр нүүрсний уурхайнуудаар үйлдвэрийн үнэ дээр экспортын татвар, тээвэр, хил дээрхи ачиж, буулгах зардлыг тооцоод Хятад - Монголын хил дээр экспортын бодит үнэ буюу жишиг үнэ тогтох ёстой.
-Гэхдээ жишиг үнийг тооцохдоо олон улсын жишгийг дагах уу, үгүй юу гэдэг нь гол маргаан байгаа шүү дээ?
Олон улсад жишиг үнэ гэж нэрлэдэггүй. Харин Бенчмак үнэ байдаг. Энэ нь олон улсын эрдсийн түүхий эдийн томоохон үйлдвэрлэгч, хэрэглэгч нарын хоорондын гэрээний үнэ байдаг. Тухайлбал Чилийн зэсийн баяжмалын экспортлогчид, Япон буюу Хятадын худалдан авагч нарын хоорондын жилийн буюу дунд хугацааны гэрээний үнийг Эрдэнэт, Оюутолгойн үйлдвэрүүд үндэслэн экспортын үнээр тохирч байна. Энэ бол олон улсын практик. Харин Хятадын үнийг бид жишиг үнэ болгох нь үндэслэл муутай байна.
-Яагаад Төрийн яам, агентлагууд үндэслэл муутай үнэ тогтоогоод байгаа юм бол?
Сангийн яам, Татварын ерөнхий газарт үнэ зарлаж байгаа мэргэжилтнүүдэд олон улсын зах зээлийн мэдээлэл хомс байдаг байх.
2012 оны Нүүрсний экспортын эхний 8 сарын төлөвлөгөө 2 8 хувиар тасарч, 12 сая тонн нүүрс экспортлоод байна
Хоёрдугаарт төрийн албан хаагчдын чадавхи нь аж ахуй нэгжээс хоцроод байдаг. Экспортлогч нар бол өдөр бүр зах зээлийг судалж үнэтэй ажиллаж байна. Энэ бололцоог төрийн байгууллагууд ашиглаж, монголын мэргэжлийн байгууллагуудын судалгаа, олон улсын аргачлалаар жишиг яаж тооцох талаарх зөвлөгөөг авах хэрэгтэй болов уу. Одоо зарим нүүрсний уурхайнууд өндөр үнэ зарласнаас болж алдагдал хүлээж байна. Нөөц ашигласны төлбөр бодит хэмжээнээс 10 тэрбум төгрөгөөр илүү төлсөн тооцоо байгаа.
-Тэгвэл нүүрсний экспортын жишиг үнийг бодит байдалтай нийцүүлэхийн тулд хэрхэн тооцох ёстой юм бэ?
Манай орон Хятад руу 100 хувь нүүрсээ экспортлож байна. Манайхтай адил Хятад руу Австрали улс нүүрс экспортолдог. Тэгэхээр манай экспортлогчдийн Холбоо нүүрсний үнийг тогтоохдоо Австрали улсын нүүрсний үнийн жишгийг суурь болгон тогтооё гэсэн байр суурьтай байна.
-Энэ саналаа Уул уурхайн яаманд хэлсэн үү. Хэрхэн хүлээж авсан бэ?
Өнгөрсөн долоо хоногт Уул уурхай яаман дээр уулзалт зохион байгуулсан. Тэд энэ асуудлыг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран ярилцан жишиг үнэ тогтдог нарийвчилсан судалгааг хийнэ гэж хэлсэн. Тэгээд таван сарын сүүлээр дахин хуралдахаар тохиролцсон. Энэ хуралдаанд жишиг үнийг тогтоож, нөөц ашигласны төлбөрийг авч буй газруудтай уулзаж ярилцана.
-Уул уурхайн сайд Д.Ганхуяг СОАl MONGOLIA чуулганы үеэр нүүрсний жишиг үнэ, тариф, татварыг олон улсын жишгийн дагуу зохицуулахаар төрийн бодлого барьж байгаа гэдгээ илэрхийлсэн.
Уул уурхайн яамнаас нааштай хэд хэдэн арга хэмжээ авч байна.
Нефтийн жишиг үнийг Сингапурын биржийн үнээр зарлаж, импортынхоо нэг бүтээгдэхүүний үнийг тооцохдоо олон улсын аргачлал руу шилжүүлсэн нь сайн хэрэг.
-Нүүрсийг Австралийн жишгээр тооцож болох байх. Харин жонш, төмрийн тухайд ямар санал байна?
Хятад улс жоншны 60 хувийг экспортолж байгаа учраас Хятадын
Манай улсын жоншны нөөц 100 гаруй сая тонн
экспортын үнийг суурь болгодог. Манай төрийн өмчит, тэргүүлэгч экспортлогч Монголросцветмет компани энэ жишгээр бүтээгдэхүүнээ борлуулдаг.
Гэхдээ жонш дээр сүүлийн гурав, дөрвөн сарын үнийг үндэслэл муутай гаргасан. Жишээ нь: 1 тонн жоншийг хятадын томоохон экспортлогчид 350 орчим доллараар л борлуулж байна. Харин манай экспортлогчдын үнэ дөрвөн сард 280 доллар л болсон. Тиймээс жоншны жишиг үнийг 400 ам.доллараар тогтоож байгаа үндэслэл муутай гэж үзэж байгаа.
Төмрийн тухайд гэвэл Энэтхэг улс Хятад руу төмрийн баяжмал экспортолдог учраас тэдний үнийг жишиг болгох тооцох нь зөв гэж бодож байна. Ингэвэл олон улсын зарчимд нийцнэ.