Хятад улс тэтгэврийн насыг 65 болгоно
Хятадад тэтгэврийн насыг 65 болгон тогтоох асуудал яригдаж байна. Тус улсын Нийгмийн ухааны академиас зохион байгуулсан семинарын үеэр бие махбодийн нөөц, чадавхийн талаар хэлэлцсэн нь нэлээд маргаан дэгдээгээд байгаа аж.
2045 он гэхэд тэтгэврийн насыг 65 болгохоор энэ үеэр мэдээлсэн байна. Хятадын Хөдөлмөрийн нөөц, нийгмийн хангамжийн яам үүнтэй санал нэг байгаа бөгөөд энэ асуудлыг системтэй шинэчлэхээр ажлаа эхлүүлээд байгаа аж. Зарим шинжээчийн мэдээлснээр Хятадын тэтгэврийн сангийн ачаалал нэмэгдэж байгаагаас "сул цалинтнуудын" өсөлтийг улсын төсөв нөхөж чадахгүйд хүрчээ.
Үүнд иргэд нь тун бухимдангуй байгаа бөгөөд 2045 оноос өмнө тэтгэвэрт гаргах насны хязгаарыг өөрчилж, нэмэх ёстой хэмээж байгаа гэнэ. Хятадын хүн амын 12.5 хувийг 60 настнууд эзэлдэг юм байна. 2030 он гэхэд хүн амын дундах хижээл насныхны эзлэх хувь 22-оос давах төлөвтэйг мэргэжилтнүүд сануулжээ. Энэ нь "Нэг өрх нэг хүүхэд" бодлого болон сүүлийн жилүүдэд амьжиргааны түвшин дээшилсэнтэй холбоотой.
Дашрамд сонирхуулахад, "Жэньминь жибао" сонины санал асуулгын үр дүн тус улсын хөдөлмөрлөх насны иргэдийн 94 хувь нь илүү удаан ажиллахыг хүсэхгүй байтаа гэсэн сонирхолтой, басхүү дээрх асуудалтай зөрчилдсөн хариулт гарчээ.
Хүн амын дундах тэтгэврийн буюу "сул цалинтай" хүмүүсийн эзлэх хувь өсөж байгаа нь зөвхөн урд хөршийнхний асуудал биш. АНУ, Европын орнуудад ч тэтгэврийнхэн "толгойн өвчин" болсон тухай дэлхийн хэвлэлүүдэд мэдээлсээр.
Үүнийг шийдэхийн тулд зарим орон тэтгэвэрийн насны хязгаарыг нэмсэн. Тухайлбал, тэтгэврийн насны хязгаараа Нидерланд 63-аас 65, ХБНГУ, Испани улс 65-аас 67 болгон өөрчилжээ. Их Британи, Австри, Литвагийн 3acгийн газар ийм аргаар улсын төсвийг бага боловч хөнгөвчлөхөөр ярьж байгаа юм байна