Ж.Бат-Эрдэнэ: Цахим гарын үсгийн хууль олон давуу талтай
2011.12.09

Ж.Бат-Эрдэнэ: Цахим гарын үсгийн хууль олон давуу талтай

Цахим гарын үсгийн тухай хуулийг УИХ-аас батлаад буй. Тэгвэл энэ хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болох Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрынхан энэ хуулийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус газрын дарга Ж.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.  

-Цахим гарын үсгийн тухай хууль батлагдлаа. Хуулийн ач холбогдол юу вэ? Жирийн иргэдэд ямар үр дүн өгөх вэ?

-Олон давуу талтай.

Сонин хэвлэлд гарсан баримт бичиг, гарын үсэг шүүхийн өмнө нотлох баримт болдог байсан бол одоо цахим хэлбэрээр мэдээлэл солилцсон л бол тэр нь нотлох баримт болж байгаа юм.

Мөн иргэд, аж ахуйн нэгж, пүүс компаниуд цахим гарын үсгийг нэвтрүүлснээр цаг заваа гарздаж явахгүйгээр үйлчилгээгээ хийх боломжтой болно гэсэн үг. Тухайлбал, Дондог гэдэг хүн хороондоо очоод цахим гарын үсгээ ашиглан иргэний бүртгэлийн мэдээлэл, цагдаагийн тодорхойлолт гээд авч болох бүх л зүйлээ цахим хэлбэрээр авах боломжтой. Мөн бидний тооцоолсноор хууль хэрэгжээд эхэлбэл замын түгжрэл 25 хувиар буурах юм. Нэг ёсондоо иргэдийн цаг завыг хэмнэж, эдийн засагт нь хэмнэлт өгөх учиртай.

-Ийм цахим гарын үсгийг нэвтрүүлсэн хичнээн улс байдаг юм бол?

-50 гаруй улс цахим гарын үсэг ашиглаж байна. Тэдний эгнээнд манай улс орж байна гэсэн үг. Цахим гарын үсэг ашигласнаар энэ улсуудтай ямар нэгэн байдлаар харилцан ажиллах, хамтрах боломжтой. Мөн цахим гарын үсгийг дагасан бизнесийн салбар ч бий болох нь дамжиггүй.

-Мэдээж үүнийг дагаад аюулгүй байдал, хамгаалалтын асуудал сөхөгдөх байх. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Бидний хэлж заншсанаар кибер ертөнцийн асуудал яригдаж эхэлнэ л дээ. Дэлхийд кибер гэмт хэрэг олон гардаг ч үүнийг хамгаалах боломжтой. Ингэхийн тулд тоон гарын үсэг нэвтрүүлэх ёстой.

-Тэгвэл тоон гарын үсгийг иргэд хэзээ авах вэ?

-Иргэний ухаалаг үнэмлэх тараах ажил ид яригдаж байна. Бидний тооцоолж буйгаар тоон гарын үсгийг ухаалаг үнэмлэхтэй нь иргэдэд олгочихвол хүндрэл учрахгүй. Тэр даруйгаасаа л ашиглаад эхэлнэ.

-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд багагүй мөнгө зарж байгаа гэсэн. Хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна? Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-40 тэрбум төгрөг зарцуулах юм. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд ирэх жилээс бэлтгэл ажлыг нь хийж гүйцэтгэх ёстой. Бэлтгэл ажил хангагдвал хэрэгжих юм. Энэ хууль батлагдсантай холбогдуулан долоон хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Тухайлбал, Иргэний хууль, Харилцаа холбооны тухай хууль, Татварын хууль, Иргэний бүртгэлийн хууль зэрэг долоон хуульд нэлээд том өөрчлөлт оруулна