Ж.Сүхбаатар:Хэвлэлийн эрх чөлөөг хязгааргүй тунхаглаж байсан үе бол XVIII зуун
Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн үйл явцад гол оролцогч байдаг.
Оролцдог нэг чиглэл нь сонгуулийн үйл явцын талаар үнэн бодитоор мэдээлэх, мэдээллийн үйл ажиллагааг иргэддээ хүргэх явдал. Түүнээс биш сонгуулийн сурталчилгаа хийх биш. Гэтэл энэ үүргээ биелүүлэх явцдаа сонирхлын зөрчил гаргадаг. Нөгөө сонгуулийн сурталчилгааг хийж, сонгуульд нэр дэвшигч, нам эвслээс мөнгө авсныхаа хариуд бэлтгэсэн мэдээллийг нь нийтэлж, нэвтрүүлдэг. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийг өмчлөгчид, үүсгэн байгуулагчид нь өөрсдөө улстөртэй хэт ойртож, үзэл баримтлал нь ч хуваагдах болсон. Түүгээр ч барахгүй хэвлэл мэдээллийнхэн улстөрчдийн муу муухайг илчилнэ гэдэг.
-Муу муухайг нь илчлэх л ёстой шүү дээ. Та дургүйцээд байгаа юм уу?
-Тэгвэл хэвлэл мэдээллийнхэн улстөрчдийн муу муухайг илчлээд байхад л муу хүмүүс УИХ-д сонгогдоод байна уу. Мундаг цэвэрлээд, илчлээд, хайр найргүй мэдээлээд байхад ийм муу хүмүүс сонгогдоод байгаа хэрэг үү.
-Бүгдээрээ ч биш л дээ. Тэгэхдээ яаж ийгээд сонгогдчихоод байна?
-Уг нь мэдээлэл гэдэг бол иргэнд олгодог хамгийн том зэвсэг юм. Үнэн зөв, бодитой мэдээлэл нь үнэн зөв сонголтыг хийхэд тусалдаг. Харин манай хэвлэл мэдээллийнхэн маш их мөнгөтэй, жинхэнэ луйварчдыг нийгэмд дэндүү сайн сурталчилдаг. Тэр гажуудал системийн хохирогч нь Монголын ард түмэн болно шүү дээ.
-Та бүхний тавьж буй шаардлага зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагад хамаатай зүйл биш байх. Ер нь ч Монголын сэтгүүл зүй сөрөг явдлыг илчилж, ард түмэнд чадлаараа зөв мэдээлэл өгч байгаа гэж боддог шүү?
-Би сонгуулийн бус үеийг ярихгүй ээ. Сонгуулийн тодорхой хугацааны дараа ард түмэн улстөрийн дээд эрх мэдлийг хэн нэгэнд шилжүүлдэг учраас энэ хамгийн эгзэгтэй цаг мөч юм. Энэ эгзэгтэй цаг үед үнэн зөв, бодитой, хариуцлагатай мэдээллийг шаардаж буй шаардлага улстөрчдөөс биш ард түмнээс гарч байна. Таны хэлдгээр шаардлага ганцхан хэвлэл мэдээллийн байгууллагад хамаатай зүйл биш. Нэр дэвшигч, улстөрийн нам, сонгуулийн хороонд адилхан тавигдах ёстой. Тийм ч болохоор худлаа мэдээлэл нийтэд тараавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлж торгоно гэж заасан. Төсөл дээр 5-10 сая гэж тоогоор байсан шүү дээ. Сая л би байнгын хороон дээр уншиж танилцуулахад хүмүүс юм яриад байгаа болохоос өмнө нь төсөл дээр явж байсан асуудал.
-Тэгвэл яагаад заавал хэвлэл мэдээллийн байгууллагад харьцангуй их торгууль ногдуулаад байгаа юм бэ. Магадгүй улстөрчид өөрсдийнхөө замыг засаж, хэвлэлийнхний амыг боож байгаа юм биш үү?
-Яагаад ийм асуудал үүсэж байна вэ гэхээр нэр дэвшигч, сонгуулийн хорооны ажилтан, иргэн ч бай эд бүгд хувь хүн. Энэ утгаараа таны гаргасан алдаа нь ноцтой бол хэрэг чангараад явчихна. Шорон орондоо орно, хорих ял эдлээд явна. Нэр төр гутаасан бол иргэний хуулиараа хэдэн төгрөг ч нэхэмжлээд явж болно. Харин бидний яриад байгаа энэ асуудал бол захиргааны хариуцлага. Захиргааны хариуцлага нь эрүүгийн хэргийг бодвол арай бага зөрчил. Тэгээд ч сүүлийн хоёр, гурван сонгуулиар манай хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн үзэмж, байр сууринаас асуудалд ханддаг болсон. Одоо үүнээсээ гарч чадахгүй байна.
-Гэхдээ хэвлэл мэдээллийнхэнд ногдуулж буй 35-70 дахин нэмэгдүүлсэн тоо арай их байгаа юм биш үү?
-Энэ арай ахадсан тоо байж магадгүй. Хэрэв тэр хэмжээ өндөр байна аа гэвэл бууруулж болно. Яг үнэндээ манай хэвлэлийнхэн асуудлаа мэдээд байгаа юм шиг ярьдаг мөртлөө нарийн ширийн зүйл дээрээ таг болдог. Үнэхээр улстөрчдийн тавьж буй асуудал буруу гэвэл хэвлэл мэдээллийн байгууллага зарчмын хувьд асуудлаа тавь л даа. Хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнуудын барих ёстой стандарт, ёс зүй ямар байх ёстой гэдэг зарчмын асуудлыг та бүхэн гаргаж тавьж болно. Ер нь бол Хэвлэлийн эрх чөлөөг хязгааргүй тунхаглаж байсан үе бол XVIII зуун. Тэр үед хэвлэл мэдээллийн технологийн ойлгомж ч үндсэндээ төрж гарч ирээгүй. Хэдэн өгүүлбэр бичих цаас нь ч бараг олддоггүй байсан. Өнөөдрийн хувьд асар олон хэвлэл мэдээллийн суваг гараад ирсэн болохоор зохицуулалт хийхийг шаардаж байна. Одоо ч гэсэн интернэтэд цензур хэрэгтэй байна гэж зарим хэсэг нь үздэг. Нөгөө талдаа мэдээллийн хүчирхийллийн золиос гэдэг ойлголт гарч ирсэн. Хөрөнгө мөнгөний тодорхой бүлэг хэвлэл мэдээллийн байгууллагыг ашиглаж байна.
-Тийм байж. Тэгэхээр энэхүү заалтыг та бүрэн дүүрэн дэмжиж байгаа юм байна. Засвар орохгүй нь гэж ойлгож болох уу?
-Өнөөдөр /өчигдөр/ манай ажлын хэсэг хуралдах байх. «Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийнхөө бэлтгэсэн мэдээ, нэвтрүүлгийн төлөө хариуцлага хүлээнэ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагаар худлаа мэдээлэл цацсан хувь хүн болон бусад байгууллага хариуцлагаа хүлээнэ. Хэвлэл мэдээллийн байгууллага худал мэдээлэл цацсан хүний өмнөөс хариуцлага хүлээхгүй» гэдэг зүйлийг нэмж оруулахаар төлөвлөөд байна. Энэ бол уг нь ойлгомжтой асуудал юм. Гэхдээ яах вэ тодорхой болгоод өгчихье. Ер нь хууль зүйн хувьд нэг тодорхой зарчим байдаг. Хэн зөрчил гаргана тэр хариуцлага хүлээдэг. Түүнээс биш Сүхбаатар худлаа мэдээлэл өгсний төлөө тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээх ёсгүй шүү дээ. Үүнийг энэ хуульд засаж, тодруулж оруулсан, оруулаагүй тухайн шүүгч өөрөө асуудлыг шийдээд явах боломжтой байсан.
-Энэ асуудлыг анхнаасаа л тодотгож, оруулах ёстой байсан юм. Ингэхэд ажлын хэсэгт хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж явсан туршлагатай гишүүн багтаж байгаа юу?
-Та бүхэн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд болохоор маш эмзэг хандаж, аягүй чанга дуугарч байна. Тэрэн дээрээ тулбал наанадаж 1.7 сая хүний эрх ашиг хөндөгдөж байгаа асуудал. Нэр дэвшигчид, намууд, сонгуулийн хороодын ажилтнууд гээд түмэн янзын эрх ашиг энд яригдаж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагын заалт миний мэдэхээр хоёр, гуравхан л бий.
-Тэгвэл тэр хоёр, гуравхан заалт дээрээ ядаж хэвлэлд ажиллаж явсан гишүүдээсээ асууж, тодруулаад оруулж болоогүй юм уу?
-Яг энэ заалтыг хийхэд сэтгүүлч байсан гишүүнээс асууж, тодруулъя гэж анхнаасаа яриагүй. Тухайлбал манай ажлын хэсэгт З.Алтай гишүүн ороогүй. Сонгуулийн хуультай холбогдуулаад бид хоёр хэд хэдэн удаа уулзаж ярилцаж байсан л даа. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль дээр ч санал бодлоо хуваалцсан.
-Уулзалтуудаас ямар ойлголт авав?
-Би буруу ойлгоогүй бол тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хэн нэг нэр дэвшигчтэй гэрээ хийхдээ янз бүрийн гүтгэлгийн мэдээлэл гарахад бүх хариуцлагыг манайх хүлээнэ гэж тусгадаггүй юм билээ. Тэр гэрээ чинь хууль эрх зүйн хувьд одоо ч гэсэн хүчинтэй бичиг баримт. Өөрөөр хэлбэл гэрээгээр хэн, ямар эрсдэл хүлээх вэ гэдгээ зохицуулдаг шүү дээ. Түүнээс биш Монгол Улсын хуулиар тухайн гэрээний заалтыг өөрчилж байгаа юм биш. Мөн ерөөсөө л хариуцлагаа тодорхой болгоё гэдэг асуудлыг би ойлгосон. Улстөрийн нам, улстөрч өөрийн гаргасан мэдээ, нийтлэлийнхээ төлөө хариуцлагаа хүлээнэ. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн байгууллагууд тухайн мэдээлэл бодитой байна уу, үгүй юү гэдгийг шалгаад суух боломж, цаг хугацаа хомс. Энэ үүднээсээ уг заалтыг би өөрөө нэмж, тусгаж оруулъя гэж бодож байна. Оруулаагүй байсан ч шүүгч өөрөө шүүж, хянаад буруутай этгээдийг тогтоочихно шүү дээ.
-Гэхдээ сэтгүүлчдэд хардах эрх бий. Баримтжуулж боломгүй асуудлыг хардаж, өөр өнцгөөс харж бичихээс авахуулаад бидний эрх хаагдаж байгаа бололтой?
-Баримтгүй зүйл бичвэл та тухайн нэр дэвшигч, улстөрийн намын эсрэг сөрөг сурталчилгаа хийчихэж байна гэсэн үг. Энэ чинь өөрөө гэм буруутай нь -эцэслэн тогтоогдоогүй нөхцөлд гэм буруугүйд тооцно гэдэг зарчимтай уялдана. Хоёрдугаарт шударгаар өрсөлдөөд явж байгаа нөхрийг сонгуулийн бус үед бичдэг шигээ хардах маягаар харлуулж болохгүй. Үүний цаана төлбөртэй, төлбөргүй янз бүрийн ажиллагаа явагдаж байж болно. Нэгэнт өөрсдөө бэлтгэж байгаа юм бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэдгийг би хатуу хэлнэ. Хэрэв та цацах гэж байгаа бол үнэн бодитой мэдээллийг түгээ эсвэл...
-Эсвэл юу гэж?
-Танд би нэг жишээ хэлье.
-За?
-АНУ-д нэгэн сэтгүүлч, хуульч хоёр ярьж байна л даа. Сэтгүүлч нь АНУ-д хэвлэл мэдээллийн эрх чөлөө байдаг гэтэл хуульч нь байдаггүй гэж хэлж. Яагаад гэж хуульчийг асуухад «Яагаад гэвэл манай Америкт зөв зарчим үйлчилдэг. Манай улсад юу ч ярьж, юу ч хийж болно. Гэхдээ юм ярьсныхаа төлөө шоронд орно, эсвэл торгуулна. Тэр нь баталгаатай хэрэгждэг бөгөөд эрх нь хязгаарлагддаггүй гэж хэлсэн байна лээ.
-Үүнийг та ямар утгаар хэлнэ вэ?
-Цаг хугацаа бол шүүлтүүр. Ж.Сүхбаатар аливаа зүйлийг зохиож яриад байгаа юм биш. Би ардчилсан нийгэмд нийцсэн стандарт хэрэгжиж байна уу гэдгийг л голлон хардаг. Арван жилийн дараа миний ярьж байсан энэ асуудлыг чи ойлгох байх. Тэгээд ч би өвдөж зовоод үхчихгүй бол тав арван жилийн дараа улстөрд байж л байна.
-Монголын сэтгүүл зүйг ч гэсэн ийм зарчмаар яваа-сай гэж та хүсдэг юм уу. Баримтгүй бол шорон эсвэл торгууль гэж?
-Би энэ асуултаас үнэхээр зайлсхийж байна. Яагаад гэвэл та бүхний дотоод асуу-далд оролцмооргүй байна. Сонгуулийн хуулийг л би яриад байгаа болохоос биш Монголын сэтгүүл зүй гэсэн том сэдвийн хүрээнд яримааргүй байна. Сонгуулийн бус үе надад хамаагүй.
-Хэвлэлийнхнийг ялгаварлан гадуурхах, дарамтлах асуудал та бүхний хийж буй хуулиас цухалзаад байгаа болохоор асуугаад байгаа юм л даа?
-Сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн ёс зүй гэдэг нь тусдаа сэдэв. Сонгууль ба хэвлэл мэдээлэл гэж. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүхнээс илүү хариуцлагаа өндөржүүлж, бусдаас илүү анхааралтай байх ёстой. Жинхэнэ утгаараа сонгогчдын сэтгэл зүйд зүй бус нөлөөлөл хийж, сонголтыг нь үймүүлэхэд хязгаар хийх ёстой юм. Түүний зэвсэг нь хэвлэл мэдээллийн байгууллага болдог. Тэгэхээр тэр зэвсгийг хууль бусаар ашигласан хүмүүстэй бид хариуцлага тооцох хэрэгтэй.
-Ер нь яагаад заавал хэвлэлийнхнийг буруутгах гээд байгаа юм бэ. Хэвлэлийнхэн заавал алдаа гаргах албагүй шүү дээ. Тухайн сэтгүүлчийн бичсэн нийтлэлийн 80 хувь нь бодитой гэж би хувьдаа боддог, Нийгэм хөгжих тусам сэтгүүлзүй цэвэршиж, ичих булчирхайтай болж байна?
-Бид хэвлэл мэдээллийн байгууллагыг шийтгэх гээд байгаадаа гол нь биш юм. Мэдээллийн зөв урсгал өөрөө эрүүл саруул өрсөлдөөн рүү оруулдаг. Мэдээллийн урсгалыг зөв болгоход хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, үүрэг их байна. Ганцхан хэвлэл мэдээллийн байгууллагатай ч ноцолдсон юм алга. Нэг юмыг өөр юмтай та бүхэн уяж ойлгоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллага нийтэд буруу ойлголт өгч, зөрчил гаргаж байхад сонгуулийн хорооны ажилтантай уяад л. Сонгуулийн хорооны ажилтан хэсгээсээ гарч зөрчил хийхгүй нь ойлгомжтой. Монголын 1800 сонгуулийн хэсэг байлаа гэхэд тухайн нэг хэсэг дээр гаргасан ажилтны зөрчил тусдаа асуудал. Мөн нэр дэвшигч зөрчил гаргасан бол бас тусдаа зүйл. Харин хэвлэл мэдээллийн байгууллага орон нутаг, бүс, үндэсний хэмжээнд зөрчил гаргадаг. Эцсийн бүлэгт ард түмний сонголтод сөргөөр нөлөөлнө.
-Тэгэхээр таны ярианаас хэвлэлийнхэн ёс зүйтэй хариуцлагатай бай. Нөгөөтэйгүүр улстөрчид болон Монголын ард түмэн хэвлэлийнхний золиос болж болохгүй гэж хэлээд байгаа юм байна?
-Чи миний яриаг мушгиж байна.
-Үгүй, мушгиагүй.Та яагаад тэгж ойлгов?
-Танай зарим хүмүүс «Тэр жижигхэн улстөрч хариуцлага, ёс зүй ярьдаг хэн юм бэ» гэдэг. Би өнөөдөр өөрийнхөө эрх ашгийг хэлж байгаа юм биш. Энэ асуудал улс орны хэмжээн дэх зүйл. Чөлөөт, шударга сонгууль гэдэг чинь ганц Сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцооноос хамаардаггүй юм. Ихэнх нь сонгуулийн үеийн мэдээлэл ямар байхаас шалтгаална. Эцсийн бүлэгт Монгол Улсын иргэдийн сонгох, сонгогдох эрхэд эергээр нөлөөлж болох мэдээллийн урсгал зөв л явж байвал болж байна. Мэдээж УИХ хамтаараа шийдвэр гаргадаг. Би байнгын хорооны даргын хувьд, ажлаа хийгээд саналыг хураасан. Түүнээс биш үндсэн санаачлагч нь би биш.
-Үндсэн санаачлагч нь хэн хэн байгаа билээ?
-Тэрийг хэлээд яах вэ. Хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ. Сонгуулийн хуулийн төсөл дээр байсан заалтыг ярьсны төлөө та бүхэн над руу дайрч болохгүй. Гэхдээ энэ бүх асуудлыг ойлголцоод нааштайгаар шийдэж болох байх гэж бодож байна.