Кубачууд интернэт ашиглахдаа тусгай зөвшөөрөл авдаг
2011.11.07

Кубачууд интернэт ашиглахдаа тусгай зөвшөөрөл авдаг

  • .
Куба улсад өнөөдөр олон зүйлийг зөвшөөрчээ. Энэ улсыг капитализм руу хөтөлж яваа эдийн засаг, улстөрийн шинэчлэлд алдаж, оносон зүйл олон бий. Зоогийн газар нээхийг зөвшөөрсөн хэрнээ хүнс худалдан авах эрх олгохоо мартчихсан. Мөн хувийн бизнес эрхэлж болох ч түүхий эдийг чөлөөтэй худалддаггүй. Куба маягийн капитализм одоогоор энэ орны иргэдийн өдөр бур үйлчлүүлдэг тээврийн хэрэгслийг халаагүй байна. Үүнийг харахад манай хотын унаа дэлхийд хамгийн муу нь биш бололтой.
Төрийн эрхэнд 10-хан жил
Кубын төрийн тэргүүн Рауль Кастро 2011 оны дөрөвдүгээр сард Төрийн зөвлөлийн тэргүүлэгч, сайд нарын алба хаах хугацааг 10 жилээр хязгаарлав. Энэ хууль өөрт нь мөн хамаатай аж. Тэгэхээр Рауль төрсөн ах Фидель шигээ төрийн эрхийг 52 жил тасралтгүй жолоодохгүй.
Машинтай болохыг зөвшөөрөв
Энэ орны иргэд 50 жилийн дараа авто машин худалдан авах эрхтэй болсон. Кубын эрх баригчид 2011 оны есдүгээр сарын 28-нд энэхүү хориог цуцалжээ. Одоо кубачууд төр засгаас зөвшөөрөл авалгүй хуучин машинаа зарах буюу худалдан авч болно. Дашрамд сонордуулахад Кубад өмнө нь зөвхөн 1959 оны хувьсгалаас өмнө үйлдвэрлэсэн машиныг зарах, авахыг зөвшөөрдөг байсан. 1951 оны «Chevrolet» машин 25 мянган доллар, 1948 оны «Dodge» машин 4,8 мянган доллар байдаг. Гэтэл Кубад дундаж цалин сард 20 доллар шүү дээ. Иймээс өмнө нь зөвхөн намын элитүүд болон гадаадад ажиллаж валют цуглуулсан тамирчид, жүжигчид л машин унадаг байлаа. Голдуу ЗХУ-д үйлдвэрлэснийг. Харин одоо кубачууд импортын, шинэ машин худалдан авч болно, гэхдээ эхлээд Тээврийн яамнаас зөвшөөрөл авах ёстой. Кубад үл хөдлөх хөрөнгийг зарах, худалдан авах хориотой. Гэхдээ удахгүй энэ хориог цуцлах гэнэ. Нэг иргэн зөвхөн нэг байр эсвэл байшин эзэмшиж болно. Мөн гадаадынханд үл хөдлөх хөрөнгө зарахыг зөвшөөрдөггүй.
Гар утас хэрэглэж болно
Рауль Кастро 2008 онд гар утсыг зөвшөөрсөн. Өмнө нь зөвхөн намын элитүүд, гадаадынхан гар утастай байв. Тухайн үед гар утасны гэрээг 210 доллараар байгуулж байсан нь жирийн иргэний бараг жилийн цалин. Мэдээж, гар утсыг хар захаас авч болох ч заавал гадаад нэрээр бүртгүүлдэг байжээ. Одоо гар утас 65 доллар болсон байна. Гэхдээ энд гар утасны интернэт, цахилгаан шууданг хориглосон. Тэр бүү хэл компьютер дээрээ интернэтийн үйлчилгээ авах гэвэл төр засгаас тусгай зөвшөөрөл авах ёстой. Холбоо харилцааны бүх үйлчилгээг зөвхөн «Etecsa» төрийн компаниар дамждаг. Одоо Кубын хүн амын долоон хувь буюу 800 мянган хүн гар утастай байна. Жилийн эргэлт 80 сая доллар болсон ба 2013 онд 400 саяд хүрэх гэнэ.
Бизнес эрхэл, гэхдээ түүхий эд хориотой
Уг нь Фидель Кастро 1990-ээд онд хувийн бизнесийг зөвшөөрсөн. Гэвч зөвшөөрлийг шинэчлэх, өндөр татвар тогтоох, элдэв хориг тавих зэргээр бизнесийн орчин маш хүнд байжээ. Харин Рауль Кастро бодлогоо өөрчилж, 2010 онд жижиг, дунд бизнес эрхлэх 75 мянган зөвшөөрөл олгов. Кубын Коммунист намын хурал 2011 онд 300 өөрчлөөлт бүхий нээлттэй зах зээлийн бодлогыг баталж, төрийн 1,3 сая ажилтныг цомхотгохоор болсон юм. Халагдагсад гар урлал эрхлэх, хувийн бизнес нээх эрхтэй. Гэхдээ хувиар хөдөлмөр эрхлэх мэргэжлийн жагсаалтыг зөвхөн төр засаг баталдаг. 2011 оны байдлаар гуталчин, үсчин, талхчин, шивээсчин, нягтлан гээд 178 төрлийн үйл ажиллагааг зөвшөөрсөн. Гэх-дээ дархан, автын слесарь зэрэг мэргэжил хориотой хэвээр. 2011 оны эхээр гэр бүлийн гишүүдээс өөр хүнийг хөлслөхийг Кубын бизнесмэнүүдэд зөвшөөрөв. Гэхдээ иргэдийн 85 хувь нь насан туршдаа улсад ажиллаж ирсэн тул хувийн бизнесийн талаар ямар ч төсөөлөлгүй байлаа. Үүн дээр нэрмээс болох мэт учир утгагүй хориг, элдэв нөхцөл тулгадаг аж. Хувийн бизнес эрхлэхийг зөвшөөрсөн хэрнээ түүхий эд, материал нь чөлөөт худалдаанд байхгүй. Иймээс засварын газрууд хар захаас сэлбзг энэ тэрээ худалдаж авдаг. Мэдээж, тэдгээрийг төрийн байгууллагаас л хул-гайлж таарна шүү дээ. Иргэдэд хувийн зочид буудал нээх,гадаадынханд өрөө хөлслүүлэхийг зөвшөөрснөөр тэд аялал жуулчлалын салбарт ажиллах боломжтой болжээ.
75 хувийн татвартай орон
Хувийн бизнес Кубын эдийн засгийг эрс өөрчлөх нь гарцаагүй. Ийм зөвшөөрөл олгосны дараа хувийн зоогийн газар, кафе нээгдсэн. Гэвч суудлын тоог хязгаарлаж, 12-оос дээш хүн нэг дор хооллож болохгүй гэж заажээ. Харин энэ тоо 2011 оноос 20 болж нэмэгдсэн. Зоогийн газрууд хүнсний бүтээгдэхүүнээ голдуу хууль бусаар худалдан авдаг. Тэгээд ч кубачууд хүнсээ талоноор авдаг юм чинь. Энд хувийн бизнест өндөр татвар ногдуулдаг. Жилд 5000 песо /225 доллар/ олдог бол 25 хувийн татвар төлнө. Харин 50 мянган песогоос дээш орлоготой бол 50 хувийн татвар ногдуулдаг. Дээр нь нэмж, орлогын 25 хувийг нийгмийн даатгалд төлөх ёстой.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.