Нийлүүлэлт нэмэгдвэл орон сууцны үнэ буурна
Залууст зориулсан орон сууц нээлттэй хэлэлцүүлэг
2013.05.13

Нийлүүлэлт нэмэгдвэл орон сууцны үнэ буурна

Хүний анхдагч хэрэгцээний нэг орон байрны асуудал өнөөдрийн нийгэмд  ажил хөдөлмөр эрхэлж байгаа энгийн нэгэн залуу хүн авдаг цалингаараа орон сууц худалдаж авна гэвэл бараг л боломжгүй зүйл.

Банкны шаардлага болох орон сууцныхаа нийт төлбөрийн урьдчилгаа 30 хувийг төлөх, нийгмийн даатгал төлдөг, тогтмол хангалттай орлоготой байх зэргээс эхлэн 3-аас доошгүй жил ажилласан байх шалгуурыг хангах гээд орон сууцны хөтөлбөрт хамрагдах залууст бэрхшээл олон.

Иймд залуучуудыг орон сууцжуулахад ямар бодлого хөтөлбөрүүд хэрэгтэй байна, өнөөгийн барилгын салбарын орчинд ямар бэрхшээлүүд болон боломжууд байна, гадаад улс орны туршлагаас суралцах болон авч хэрэгжүүлэх боломжуудын талаар Ерөнхий сайдын дэргэдэх Монголын залуучуудын үндэсний хорооноос “Залуучуудын орон сууц” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Бүх зардалаа нэмээд одоо барилгын компаний зарлаж байгаа үнэ ханш бодит байдлаас их өндөр байгаа.

Энэ үед Тэнхлэг зууч ХХК гүйцэтгэх захирал Б.Батзоригтой орон сууцны үнэ ханшийг буулгах ямар боломж байгаа талаар ярилцлаа.

- Залуусын сарын цалин орлого өнөөдрийн орон сууцны ханш хэр дүйцэж байгаа бол?

Сүүлийн үеийн орон сууцны зах зээлийн үнийн судалгааг хийсэн ч зах зээлд орон сууцны эрэлтийн судалгаа дутмаг байгаа. мэдээж залуучууд бүгд л орон сууцтай болохыг хүсч байгаа нь ойлгомжтой.

Одоо байгаа орон сууцны үнийг өрхийн дундаж орлогтой харьцуулахад нилээн өндөр дүн гарна. Статистикийн тооцоогоор өрхийн сарын дундаж орлого 780,800 төгрөг гэсэн тоо бий. Орон сууцыг дөрвөн зэрэглэлд ангилдаг.

Стандарт, дундаж, бизнес өндөр зэрэглэл гэх мэт. Хамгийн доод талын буюу стандарт орон сууцны нэг метр кв талбай 1сая 350 мянган төгрөгийн ханштай, нэг өрөө байр дунджаар 32 метр кв-тай.

Энэ ханшаар тооцох юм бол стандарт зэрэглэлийн нэг өрөө байр авахын тулд дунджаар 44 сая төгрөг хэрэгтэй. Гэтэл сарын 780 мянган төгрөгийн орлоготой өрх амьдралын эхний хэрэгцээ болох идэх, өмсөхөд нэг ч төгрөг зарцуулахгүй зургаан жил цуглуулж байж байртай болно гэсэн үг.

- Орон сууцны үнэ залуусын гар дээр байгаа орлогын харьцаааг яаж ойртуулах бэ? Дэндүү хол зөрүүтэй байна.

Орон суцны нийлүүлэлт эрэлтээсээ давж байж л үнэ буурна. Нийлүүлэлт эрэлтээс даваагүй цагт үнэ буурна гэсэн ойлголт байхгүй. Хамгийн түрүүнд нийлүүлэлт болох шинэ орон сууцны бүтээн байгаалалтанд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

- Өнөөдөр орон сууцны нийлүүлэлт хэр байгаа бэ?

Бага гэж хэлж болно. Жишээлбэл 2013,2014 онд нийт 35 мянган айлын орон сууц ашиглалтанд орно гэж захиалга авсан. Гэвч амласан тоогоор барилга ашиглалтанд ороод байдаггүй.

Жилд хамгийн ихдээ л арав гаруй мянган айлын орон сууц ашиглалтанд ордог. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээд гэрчилгээгээ авсан шинэ орон сууц дөнгөж 6500 мянган айлын орон сууц байна.

- Барилгын материалын үнийн өсөлт орон сууцны үнэд хэр их нөлөөлдөг бэ?

Барилгын материалын үнэ мэдээж нөлөөлнө. Гэсэн ч бүх зардалаа нэмээд одоо барилгын компаний зарлаж байгаа үнэ ханш бодит байдлаас их өндөр байгаа. Нийлүүлэлт нэмэгдээд худалдан авагчдын сонголт бий болсон үед л үнэ буурна.