Дөрвөн төслийг Бондын мөнгөөр санхүүжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.02.21

Дөрвөн төслийг Бондын мөнгөөр санхүүжүүлнэ

Засгийн газраас “Чингис” бонд гаргаж, олон улсын зах зээлээс бага хүүтэй мөнгө босгоод буй. Үүний эхлэл 1,5 тэрбум ам.доллар Монгол Улсын дансанд орж ирээд буй. Энэ хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг сонох, шалгуур үзүүлэлтийг тогтоох, үүсч болох эрсдэлийг тооцох, гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэгтэй Ерөнхий сайдаар ахлуулсан Бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж, зөвлөмж гаргасан байна.

Бондын хөрөнгөөр эхний ээлжинд дөрвөн томоохон төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж зөлөмжтд тусгаж, Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо.

1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, 270 орчим км төмөр замын доод суурь бүтцийн ажлыг дуусгахад санхүүжилт олгоно

Шинэчлэлийн Засгийн газар 2016 онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөөд буй. Үүний эхлэл болгож Дорнод, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлэх, Мөн нийслэлийн дахин төлөвлөлтийн дагуу хотын төв хэсэгт түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзавар болгох ажлыг Бондын мөнгөнөөс санхүүжүүлэхээр болжээ. Мөн Туул, Сэлбэ голын даланга дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлэх санхүүжилтыг хийхээр Бодлогын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид тусгажээ.

Үүнээс гадна Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барьж эхлэх, ирэх жилүүдэд барихаар төлөвлөж буй нийт 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын доод суурь бүтцийн ажлыг дуусгахад санхүүжилт олгоно. Үлдэж буй 1500 км төмөр замын техникийн зураг төслийг мөн энэ онд санхүүжүүлэн гүйцэтгүүлэх  зэрэг дөрвөн чиглэлд эхний ээлжинд бондын мөнгөөр хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ бямба гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанд энэхүү зөвлөмжийг хүргүүлж, эцэслэн шийдвэрлэх юм байна.