Г.Шийлэгдамба: Нэлээд асуудлыг тодорхой болгож байж хоёр нам нэгдэх тухай ярина
Г.Шийлэгдамба: МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013.02.28

Г.Шийлэгдамба: Нэлээд асуудлыг тодорхой болгож байж хоёр нам нэгдэх тухай ярина

МАХН-ын Бага чуулганы VIII хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Цог удирдаж явуулсан байна. МАХН-ын энэхүү хурал­даанаас улстөрийн намууд, тэр дундаа МАН-ынхан их зүйлийг хүлээж байсан. Учир нь МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцох эсэх асуудал нийгэмд хүлээлт үүсгээд байгаа. Гэвч намын гишүүд “Энэ удаагийн Бага чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуульд аль намтай эвсэх нь тодорхой болохгүй. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг сонсож, дахин энэ талаар хуралдах байх” гэдгийг хэлж байв.

-Ерөнхийлөгчийн сонгуу­лиар МАН-тай эвсэж оролцох тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Улстөрийн намын хувьд Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө аливаа нэг улстөрийн намтай хамтарч үйл ажиллагаа явуулах боломж бий. Хоёр нам хоорондоо нийлж, нэгдэх асуудал одоо­гоор тодорхой яригдаагүй. Энэ бол нэлээд цаг хугацаа шаардсан асуудал. Хоёр намын ахмадын байгууллага Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцох нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна. Угшил нэгтэй хоёр на­мын хувьд хамтарч ажиллаж болно. Гэхдээ нэ­лээд асуудлыг тодорхой болгож байж хоёр нам эвсэх үү, нэгдэх үү гэдгийг ярих ёстой.

Хоёр нам хоорондоо нийлж, нэгдэх асуудал одоо­гоор тодорхой яригдаагүй.
-Бага чуулган эхлэхэд жаа­хан маргаан гарлаа. Шалтгаан нь юунд байв?

-Чуулганд оролцогчдын идэвх сайн байна. Хамгийн гол нь Бага чуулганд нэлээд өөрчлөлт орсон. Төрийн албанд шилжсэн намын гишүүдтэй холбоотой Бага чуулганы гишүүнээр сон­гогдсон хүмүүс албан ёсоор батлагдах ёстой. Үүнтэй холбоотой нэлээд маргаан үүслээ.

-Засгийн газарт АН-тай хамтрахдаа орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцоно гэж гэрээ байгуулсан юм билээ. Энэ гэрээг хэрхэн яаж дүгнэж байгаа вэ?

-Гэрээнд ийм заалт бий. Гэхдээ орон нутгийн сонгуулиар энэ заалт хэрэгжээгүй. АН-ын удирдлагуудад энэ талаар сануулж байсан. Гэтэл АН-ынхан орон нутгийн сонгуулийн тухай хуулиа дагаж тус тусдаа сонгуульд оролцоно гэж хэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд хуулиа дагаж, өөрсдийнхөө намын хүнийг нэр дэвшүүлэх боломжтой. Тэгэхээр гэрээний заалт­тай холбоотойгоор Ерөнхийлөг­чийн сонгуулиар яах ёстой вэ гэдэг нь Засгийн газар бүрдүүлж буй намуудын хооронд дахиж ярилцах ёстой асуудал юм.