2013.02.28

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга МАН-тай эвсэх нь гэрээ зөрчихгүй гэсэн төдий

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урьж, цаг үеийн асуудлаар яриа өрнүүлсэн юм.

-“МАН, МАХН хоёр Ерөн­хий­лөгчийн сонгуульд эвсэж оролцох гэж байна” гэдэг мэдээлэл гарсны дараа­гаар “МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай биш АН-тай тохирол­цох асуудлыг эн тэр­гүүнд тавь” гэдэг чиг­лэлийг намын­хандаа өгсөн гэдэг мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар тод­руулахгүй юу. Үнэхээр тийм яриа үүссэн юм уу?

-Үүрэг чиглэл өгсөн гэхээсээ илүүтэй Засгийн газарт хамтрахдаа байгуулсан гэрээний­хээ үр дүнд үнэлэлт дүг­нэлт хийх ёстой гэдгийг сануулсан гэж ойлгож болно. Өөрөөр хэл­бэл,  Засгийн газрыг хам­тарч бай­гуулсан намууд харил­цан үүрэг хүлээж, гэрээ байгуулсан шүү дээ.

Тухайлбал, орон нут­гийн хурлын болон Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэг субьект болж оролцоно гэдэг заалтыг гэрээндээ шигтгэж өг­сөн бай­сан. Гэтэл орон нут­гийн хурлын сонгуулиар тийм зүйл болоогүй. Энэ бүхэн аль намын буруугаас болсон юм. Тиймээс одоо Ерөн­хий­лөгчийн сон­гуульд хэр­хэн оролцох юм бэ гэд­гийг л сануулсан болохоос “Энэ намтай эхэлж хамтар. Тэр намтай дараа нь хамтар” гэсэн зүйл байхгүй. Улс төрийн намуудын үүргийг л сануулсан төдий.

Хэрэв нэгдэхээр болбол МАХН гэдэг нэрийн дор нэгдэнэ гэдэг шаардлагыг манай намынхан тавих нь мэдээж.
-Тэгэхээр МАХН, МАН-тай эвсэж Ерөнхийлөгчийн сонгуульд ороцох нь Засгийн газарт байгаа намуудын байгуулсан гэрээг зөрчсөн асуудал болохгүй гэсэн үг үү?

-“Шударга ёс” эвслийнхэн шинэч­лэлийн Засгийн газарт орж ажиллахаар болохдоо Иргэнхий зориг-Ногоон нам, Ардчилсан намынхантай гэрээ байгуулсан.

Энэ гэрээнд  “Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа намууд орон нутгийн хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субьект болж оролцоно” гэсэн заалт байдаг нь үнэн.

Гэхдээ энэ заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл Ардчилсан намынхан гэрээний уг заалтыг мөрдөхгүй байгаа юм. Энэ бүхэн орон нутгийн хурлын сонгуулийн үеэр тодорхой мэдрэгдсэн гэж бодож байна. Орон нутгийн хурлын сонгуульд Ардчилсан намынхан дангаараа оролцсон. Харин манай намынхны хувьд гэрээний заалтыг аль болох биелүүлэх гэж оролдсон.

Орон нутгийн хурлын сонгуулийн үеэр зарим тойрогт “Шударга ёс” эвслийн нэрээр оролцсон бол зарим тойрогт Засгийн газарт хамтарч байгаа Иргэний зориг-Ногоон намынхантай хамтарч оролцсон гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэгэхээр гэрээг хэн зөрчсөн бэ гэдэг нь тодорхой байгаа биз дээ.  Тухайн үед Ардчилсан намынхан “Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд орон нутгийн намын байгууллага тухайн сонгуульд яаж оролцохоо өөрсдөө мэднэ гэсэн заалт байдаг учир бид гэрээг хуулиас дээгүүр тавьж болохгүй” гэдэг тайлбарыг хийсэн.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэж бий учир энэхүү хуулийн хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт бий. Энэ хүрээнд парламентад суудалтай намууд эвссэний үндсэн дээр хүнээ нэр дэвшүүлж болно шүү дээ.

-МАН, МАХН хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцоод цаашид нэгдэх магадлалтай гэдэг яриа гараад байгаа. Энэ хэр боломжтой асуудал вэ. МАН, МАХН хоёр нэгдэх эрх зүйн боломж бий юу?

-Улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө МАХН-ынхан аль ч намтай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. МАН, МАХН гэсэн хоёр нам нэгдэхэд аль нэрийг нь сонгох вэ гэдгээс эхлээд олон асуудал бий.

Хэрэв нэгдэхээр болбол МАХН гэдэг нэрийн дор нэгдэнэ гэдэг шаардлагыг манай намынхан тавих нь мэдээж. МАН-ын гишүүд чухам ямар бодолтой байгааг мэдэхгүй юм. Ер нь бол хоёр нам нэгдэх нь бүү хэл хоёроос дээш нам нэгдэж байсан түүх бий шүү дээ. Үүний тод жишээ бол одоогийн Ардчилсан нам гэдгийг олон хүн мэднэ. Тэгэхээр болохгүй гэх газаргүй. Нөгөөтэйгүүр МАН, МАХН гэдэг хоёр нам маань угшил нэгтэй гэж ярьдаг олон мянган жирийн гишүүд маань манай хоёр намыг нэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа нь тодорхой болчихсон шүү дээ. Энэ бүхнээс үүдээд жирийн иргэдийнхээ хүсэлтийг хүндэтгэх үү, хоорондоо ойлголцох уу гэдэг асуудал хоёр намын удирдлагуудын түвшинд тавигдаж байгаа юм.

-Тэгэхээр МАН-тай эвсэж, Ерөн­хий­лөгчийн сонгуульд оролцох нь тодорхой болсон гэж ойлгож болох уу?

-МАН-тай эвсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай асуудлыг албан ёсоор ярьж, тохиролцсон зүйл одоогоор алга байна. Хэрэв эвсэх дээрээ тулбал аль, аль намаасаа нэр дэвшигчийг тодруулж, цааш хэнийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг ярих байх. Энэ талаарх асуудлыг яриагүй байгаа учир одоогоор ингэнэ, тэгнэ гэж ярих нь өрөөсгөл асуудал болох байх.

-Танай нам МҮАН-тай эвсэж, “Шударга ёс” эвсэл байгуулсан. Гэтэл одоо МАН-тай эвсэх тухай асуудлыг ярьж байна. Энэ бүхний хариуд МҮАН-ынхан “Бидэнд МАХН-ын-ханд барих гэнэтийн бэлэг байгаа” гэсэн утгатай зүйл ярих болж?

-Уг нь бол шинэ жил хэдийнэ өнгөрчихсөн. Тиймээс би МҮАН-ын өвлийн өвгөн бидэнд ямар бэлэг бэлтгэснийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ бид өнөөдөр улс төрийн аливаа нам сонгуульд оролцохдоо эвсэх боломжтой гэдэг зарчмыг л баримталж байгаа гэж хэлэх байна. Түүнээс биш “Шударга ёс” эвслийг задлах тухай асуудлыг яриагүй шүү дээ. Ер нь яагаад заавал МАХН, МАН-тай эвсэх ёстой гэж. “Шударга ёс” эвслээрээ МАН-тай нэгдэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

-Тэгэхээр “Шударга ёс” эвсэл МАН-тай эвснэ гэсэн үг үү?

-Үүгээрээ “Шударга ёс” эвсэл МАН-тай эвснэ гэсэн юм биш. Эвсэх эрхзүйн бололцоо нь нээлттэй л гэх гэсэн юм. МАН-ын нөхөд маань энэ тал дээр ямар бодолтой байгааг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ байж болох хувилбаруудын нэг л болохоос хоёр намын хооронд албан ёсоор яригдчихсан юм биш шүү. Тэгэхээр МҮАН-ын бэлтгэсэн бэлэг гээд байгаа нь дараагийн асуудал байх гэж бодож байна.

-Танай намын бага чуулган өчиг­дөр хуралдлаа. Ямар, ямар асууд­лыг хэлэлцсэн?

-МАХН-ын ээлжит Бага чуулганы наймдугаар хуралдаан өчигдөр боллоо. Бага чуулганы хуралдаанаар намтай холбоотой цаг үеийн асуудлуудын талаар илтгэлүүдийг тавилаа. Мөн орон нутгийн хурлын сонгуулийн үр дүн болон намын үйл ажиллагааны талаар гишүүд маань ямар бодолтой явдгаа танилцуулсан.

-МАН-тай эвсэх эсэх асуудлыг хөндсөн үү?

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН, МАН-тай эвсэж оролцох тухай мэдээлэл түгээд багагүй хугацаа өнгөрч байна. Өнөөдөр энэ асуудал хүн бүрт сонин байгаа нь мэдээж. Тиймээс манай намынхан ч энэ асуудал дээр өөрсдийн байр суурийг илэрхийлэх нь дамжиггүй. Бага чуулганы гишүүд маань энэ асуудалд өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

-МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хорооны Ерөнхий зохицуулагч Д.Загд­жавд та “Хоёр намын эвсэх, нэг­дэх асуудлыг ажлын хэсэг бай­гуулж шийдэх нь зүйтэй. Энэ хүрээнд манай намаас таван гишүүн бүхий ажлын хэсэг гарсан байгаа” гэж хэлсэн байна билээ. Асуудал ямар шатанд байна вэ?

-Хоёр намын зүгээс хамтарсан ажлын хэсэг байгуулсан тохиолдол гараагүй байна. Ардын намынхан энэ асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулсан гэж би сонссон. УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд тэрхүү ажлын хэсгийн даргаар ажиллаж байгаа юм билээ. Бид одоогоор нам дээрээ ажлын хэсэг гаргаагүй байна. Бага чуулганы тогтоол гарсны дараа ажлын хэсэг байгуулах бололцоо нээгдэнэ гэж үзэж байгаа.

-Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг МАХН-ын гишүүнийхээ үүргийг умартаж байгаа гэж үзэж танай намынхан хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөх болсон гэсэн. Энэ үнэн үү?

-Эрүүл мэндийн сайдтай Засгийн газар л хариуцлага тооцох байх. МАХН-ын гишүүн, сонгуульт ажилт­ных нь хувьд Н.Удвалтай хариуцлага тооцох тухай асуудал манай намын хүрээнд яригдаагүй. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.