О.Баасанхүү: Д.Идэвхтэнг АТГ-аас дуудсан
О.Баасанхүү: Улсын их хурлын гишүүн
2013.02.28

О.Баасанхүү: Д.Идэвхтэнг АТГ-аас дуудсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрөгч долоо хоногт Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Д.Идэвхтэнг дуудаж авчран мэдүүлэг авсан гэх эр сурвалжийн мэдээллийг өмнө нь бид хүргэсэн. Гэвч эл мэдээллийг АТГ-ынхан няцаасан хариулт өгсөн юм. Тэгвэл ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны төсвийн гүйцэтгэлийг шалгаж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс энэхүү мэдээллийг бодитой эсэхийг  утсаар тодрууллаа.

-УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан хэд хэдэн улсад суугаа манай элчин сайдын яамны төсвийг шалгаж байгаа. Та ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг шалгав уу?

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ОХУ-д  манай улсаас суугаа Элчин сайд Д.Идэвхтэнг дуудаад аваад явчихсан байна. Уг нь Элчин сайдаас тайлбар мэдүүлэг авч, дуудах эрх АТГ-т байхгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн мэдлийн асуудал.

-Ямар үндэслэлээр дуудсан юм бол. Таньд тодорхой мэдээлэл бий юу?

-Мэдэхгүй. Удахгүй ОХУ руу буцаана л гэж байна лээ АТГ-ынхан.

Тодруулахад, Д.Идэвхтэнг АТГ-т дуудах болсон үндэслэл нь Москва дахь манай улсын Элчин сайдын яамны хоёрдугаар байр зарагдсан, түрээслэгдсэн гэх мэдээлэлтэй холбоотой гэж хэлэх хүн ч бий. Сүүлийн үед Москвад байрлах Монголын Элчин сайдын яамны 10 давхар бүхий II байрыг манай эрх мэдэлтнүүд чеченүүдэд худалдсан гэх яриа олон нийтийн дунд түгэх болсон юм.