Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг татсан нь зөв үү
УИХ-ын өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
2013.01.28

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг татсан нь зөв үү

УИХ-ын өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Гэвч хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн барьсан уг төслөө эргүүлэн татсан юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгч төслөө татаж авсан нь зөв

-Ерөнхийлөгч санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргүүлэн татлаа. Та ямар шалтгаанаар эргүүлэн татлаа гэж үзэж байгаа вэ?

-Хуулийн төслөө эргүүлэн татсан нь зөв гэж үзэж байгаа. Дахин боловсруулах, сайжруулах шаардлагатай олон зүйл байсан. Тухайлбал, Засгийн газрын гишүүн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүйгээс эхлээд зохицуулах шаардлагатай олон асуудал бий. Энэ хуулийн төсөлд томоохон зарчмын өөрчлөлтийн талаар тусгаагүй, зүгээр наад захын харилцааг зохицуулсан байсан. Тиймээс татаж авсан ч зөв гэж үзэж байна.

-Анх өргөн барьсан хувилбар нь сайн төсөл байгаагүй гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. Одоо нэгэнт татаад авсан болохоор дахин нухацтай хэлэлцэж боловсруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

Л.Энх-Амгалан: Уг нь төслийн агуулга өөрчлөгдөөгүй

-Ерөнхийлөгч хуулийн төслөө яагаад эргүүлэн татчихав аа. Та ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан хүний хувьд юу гэж үзэж байгаа вэ?

-Хуулийн төслөө татсан шалтгааныг нь би хууль санаачлагчийн өмнөөс тайлбарлана гэж юу байх вэ. Ерөнхийлөгч яагаад татах болсон тухайгаа өөрөө тайлбарласан байна лээ.

-Хэвлэлийн эрх чөлөөг хумих тал руу хэлбийсэн учраас татаж авлаа гэсэн байна лээ. Байнгын хороо, ажлын хэсгээр хэлэлцэх үед анх өргөн барьсан төслийнх нь агуулга тийм их өөрчлөгдсөн юмуу?

-Анх өргөн барьснаас нь нэг их өөрчлөгдсөн зүйл байхгүй. Ер нь хууль санаачлагчийн өргөн барьсан хувилбарыг 60 хувиас дээш өөрчилж болдоггүй. Энэ хүрээнд л өөрчлөлт хийсэн.

-Ажлын хэсэг зарим заалтыг өөрчлөхдөө агуулгыг нь алдагдуулсан гэх шүүмжлэл байна. Тухайлбал, хэвлэлийн эзэдтэй холбоотой заалтын агуулга өөрчлөгдсөн юм биш үү?

-Засгийн газрын хуралдаан найруулгыг нь өөрчилсөн. Гэхдээ агуулга нь өөрчлөгдөөгүй.

Д.Сарангэрэл: Ажлын хэсэг хангалтгүй ажилласан

-Ерөнхийлөгч санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байхад нь эргүүлэн татсан. Юунаас болоод энэ хуулийг эргүүлэн татахад хүрсэн гэж та үзэж байна вэ?

-Юу гэхээр, энэ хуулийг санаачлагч, төсөл боловсруулагчид хэвлэл, мэдээллийн салбарынхантай хамтраад Хэвлэлийн эрх чөлөөний сэдвээр өргөн хэмжээний хэлэлцүүлэг хиймээр байна. Ажлын хэсгийнхэн болохоор хийсэн гэж хэлдэг юм билээ. Гэхдээ хангалттай хэмжээнд хийгээгүй нь тодорхой харагдлаа шүү дээ. Лав л санаачилсан хуулийн төслийг нь хүлээж авах хөрс нь бэлэн болоогүй.

Хууль санаачлагч болон хэрэгжүүлэгч субъектүүд нь ойлголцлын зөрүүтэй байгаа нь харагдлаа.

Тэгээгүй бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад иймэрхүү эсэргүүцэлтэй тулгарч, эргүүлэн татахад хүрэхгүй байлаа. Ер нь бол энэ хууль хэлэлцэгдэх хэмжээнд бэлтгэл нь ханаагүй байжээ гэж хэлье дээ.

-Ажлын хэсгийнхэн хагас дутуу ажилласан гэж хэлэх гээд байна уу?

-Ажлын хэсгийнхэн дутуу ажилласан. Тухайлбал, сэтгүүлчид эздийнхээ дарамтад байдаг эсэх талаар судалгаа хийсэн үү. Хэдэн сэтгүүлч үүнд "тийм", эсвэл "үгүй" гэж хариулсан юм бэ. Ийм судалгаа хэнд байгаа юм. Харагдахгүй л байна шүү дээ. Ажлын хэсгийн гишүүд нь ч амьдралаас тасархай юм яриад явах юм. Жишээ нь, энэ төслийн 19 дүгээр зүйлийн 1.3-т телевизийн мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа явуулахыг хориглоно гэж заасан. Өнөөдөр телевиз хаанаас санхүүжиж байгаа билээ. Бор зүрхээрээ л болгоод явж байна. Гэтэл тэрийг нь зүгээр л хаачихаж байгаа юм. Ерөө-сөө л телевизийн талаар энгийн ойлголтгүй хүмүүс байгаа байхгүй юу.

Г.Уянга: Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн дарамтанд орсон байх

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг хэлэлцэх явцад хууль санаачлагчийнхаа хүсэлтээр эргүүлэн татсан. Энэ нь хууль санаачлагчийн анх санал болгосон хуулийн төслийг хэлэлцэх явцад нь өөрчилсөнтэй холбоотой бололтой. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Тийм юм байхгүй. Харин ч сайн хууль болсон гэж үзэж байгаа. Байнгын хороон дээр эвдээд өөрчлөөд, орвонгоор нь эргүүлсэн юм байхгүй байх. Ганцхан хэвлэл мэдээллийн байгууллагын улстөрч эздийн эсэргүүцэл, нөлөөгөөр л эргүүлээд татчих шиг боллоо. Түүнээс биш сэтгүүлчдийн эрх ашгийг сайн хамгаалсан хууль болсон байна лээ. Тэр бүү хэл хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн эрх ашгийг ч хамгаалсан хууль болсон шүү дээ.

-Үүгээрээ та Ерөнхийлөгчийг хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн дарамтанд орсон гэж хэлэх гээд байна уу?

-Ер нь бол тэглээ л гэж үзэж байна.