2013.01.21

УИХ-ын 26 дугаар тойргийн санал хураалтыг цагаан сарын дараа явуулах бололтой

УИХ-ын 26 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Эрхэмбаярын гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт боллоо. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Ийнхүү УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог дахин санал хураалт явуулах нь тодорхой боллоо. Харин хугацааны хувьд цагаан сарын дараахан байх болов уу гэсэн таамаглалтай байгаа аж. Хэрэв алгуурлан хугацаа алдсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуультай улам ойртож будилаан үүсч болох талтай гэдгийг СЕХ-ныхон бодолцох биз ээ.

Харамсалтай нь сонгуулиас хойш өнөөдрийг хүр­тэлх хугацаанд ямар хэм­жээний зар­дал гарч, цаг алдсаныг тоо­цоолж үзэх, хариуцлага тоо­цохыг хэн ч хүсэхгүй байгаа бололтой. Нөгөөтэйгүүр анх­наасаа дэн­дүү ойлгомжтой хуулийн заалт бүхий асуудал дээр мар­гаан үүсгэж удаад дараагийн шүүх хурлаар асууд­лыг шийдүүлж “тог­лох” нь сонгогчдын санал хураалт, За­хиргааны хэргийн шүүхийн аль нь УИХ-ыг бүрдүүлдэг байх вэ гэдэгт ч эргэлзэхэд хүргэж байгаа юм. Тэгээд ч Сонгуулийн хуулийн заалт, санал хураалтын дүн гаргах аргачлал гэдэг нь хэн нэг хүнд “тусгай” заавраар үйлчилж болдоггүйг харуулж сургамж боллоо гэж хэлж болно.

Цаашид сонгогчдын санал, шүүхийн шийдвэрийн аль нь УИХ-ын гишүүнийг томилох вэ гэдгийг нэг мөр болгон шийдэх хэрэгтэй. Ямар­тай ч энэ удаад цагаан сарын дараа 26 дугаар тойргийн төлөөллийн асуудлыг шийдэх санал хураалтыг зохион байгуулж сон­гинохайрханчууд нэг өдрийн ажлаа алдаж, энэ ажилд төс­вийн нэлээд хэмжээний мөн­гийг дахин гарздах болж байна.

Сонгинохайрханчуудтай холбоотой дараагийн нэг мэдээ гэвэл өнгөрсөн бямба гарагт хороодын Засаг дарга нараа томилосон явдал юм.

Нийт 32 Засаг даргаас 22 нь МАН-ынх, найм нь АН-ынх, хоёр нь МАХН-ынх болсон бөгөөд зургаадугаар хорооны Засаг даргыг сонгоход дахин санал хураалт явуу­лахаар болсон аж.

Юу­тай ч Сонгинохайрхан дүүр­гийн МАН-ынхан аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сон­гуулийн амжилттаа батат­гаж чадсан нь энэ. За­саг даргыг сонгосон дүнг бямба гарагийн шөнө гарган баталгаажуулсан байна.

Ийм хүчтэй залуус МАН-д олон байгаа учраас ч тус намын гишүүд, дэм­жигчид Их хурлаа яаралтай зарлан хуралдуулж “цус сэлбэлт” хийхийг хүсээд бай­гаа байж мэднэ. Гэтэл тус намын “том” удирдлага нь нам гүм, чив чимээгүй хэвээрээ. Ялалт, ялагдлаа хардаг юм уу, үгүй юү. Харсан ч нүдээ аниад, дотроо “залбираад” суудаг уу, бүү мэд. Уг нь тус нам УИХ-ын дараагийн сонгуульд оролцож л таарна. Тэр цагийг хүртэл намын хороо, үүр, хэс­гийн идэвх, оролцоо чухал л баймаар юм. Энэ талаар МАН-ын “хууччуул” ихэд анхаарч ажилладагсан. Харин одоо намын “хөл”, “хуруу, хумс” юу ч биш болж, тэдэнгүйгээр ялах шинэ арга олсон бололтой. Үүнийгээ шинэчлэл хийж байна гэж эндүүрээд байгаа ч байж мэдэх юм. Юутай ч намын удирдлагууддаа үл тоогдох ч ялалт байгуулсаар яваа МАН-ын залууст баяр хүргүүштэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.