Барак Обама 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
2013.01.10

Барак Обама 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй

АНУ-ын өнөөгийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар бол энэ нь боломжгүй асуудал. Хуульд зааснаар, тус улсын төрийн тэргүүн бөгөөд армийн ерөнхий командлагчаар дээд тал нь дараалан хоёр удаа сонгогдон ажиллах боломжтой бөгөөд Ерөнхийлөгч Обамагийн хувьд дараагийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэсэн үг.

Харин Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Жозе Серрано хуулийн энэхүү заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барьсан талаар "CNN" мэдээлсэн байна.

Хэрэв энэхүү хуулийн төсөл Конгресст дэмжигдвэл Барак Обамад 2016 оны сонгуульд өрсөлдөх боломж нээлттэй болох юм.

Нью-Йоркоос сонгогдсон төлөөлөгчдийн танхимын гишүүн Серраногийн хувьд энэ хуулийн төслийг 1997 оноос хойш найм дахь удаагаа өргөн барьж байгаа ч Бүгд найрамдах болон Ардчилсан Ерөнхийлөгчийн аль альных нь үед дэмжлэг авахгүй байсаар өдийг хүрчээ.

Зөвхөн Жозе Серрано ч биш Конгрессын өөр олон гишүүн үүнтэй ижил хуулийн төслийг өргөн барьж байжээ. Энэ удаа дэмжлэг авч чадвал Франклин Рузвельтээс хойш гурван удаа дараалан сонгогдож ажиллах анхны Ерөнхийлөгч нь Барак Обама болох боломжтой юм байна. АНУ-ын Конгресс анх 1947 оны гуравдугаар сарын 21-нд Үндсэн хуульд 22 дугаар нэмэлт өөрчлөлтийг оруулан баталснаар төрийн тэргүүн бөгөөд армийн ерөнхий командлагчаар дээд тал нь хоёр удаа дараалан сонгогдох хуультай болсон байна. Тухайн үед энэхүү нэмэлт өөрчлөлт 41 мужид дэмжлэг авч, хоёрхон муж эсэргүүцэж байжээ.

Экс Ерөнхийлөгч Рональд Рейган энэхүү 22 дугаар нэмэлт, өөрчлөлтийг алдаа байсан хэмээн 1986 онд Барбара Уолтерст өгсөн ярилцлагадаа хэлсэн бол Билл Клинтоны хувьд юм бүхэнд хэмжээ хязгаар, дүрэм журам байх ёстой хэмээн дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж байсан байна.

Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд энэ хуулийн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа аж. Тэрээр энэ сарын 21-нд тангараг өргөж, хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг албан ёсоор эхлүүлэх бөгөөд тангараг өргөх ёслолыг зохион байгуулах хорооны мэдээлж буйгаар, арга хэмжээнд зориулж ойролцоогоор хувь хүн болон компаниас нэг сая хүртэлх ам.долларын хандив цуглуулах шаардлагатай байгаа гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, "Microsoft, "АТ&Т" зэрэг үндэсний томоохон компаниуд олон сая ам.долларын хандив өгөхөө мэдэгдээд байгаа юм байна. Дашрамд дуулгахад, Барак Обамагийн анхны тангараг өргөх ёслолын үед 53 сая ам.долларын хандив цугларч байжээ. Хандивлагчдын хувьд тангараг өргөх ёслолд тусгай зочноор оролцох бол энгийн олон нийт 60 ам долларын тасалбараар арга хэмжээг үзэж сонирхох боломжтой юм байна. Энэ удаагийн ёслолын арга хэмжээг жүжигчин Эва Лонгориа хөтлөн явуулах талаар эх сурвалжууд мэдээлжээ.