Аймгуудын эмнэлэгт ерөнхий сайд 200 орчим тэрбум төгрөг зарцуулна
Шинэчлэлийн Засгийн газрын “Шинэчилж шийдье” энэ удаагийн хурал “Эрүүл монгол хүн” сэдвийн доор нээлттэй болов. Хуралд нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Засгийн газрын тэргүүний эрүүл мэндийн салбарт ажилласан 10 гаруй хоногт тус салбарт тулгардаг асуудал аль шатандаа ямар асуудал байгааг нь олж тогтоох зорилготой байв. Учир нь Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарыг иргэндээ хүрсэн иргэд боломжийн хэмжээнд чанартай, хүртээмжтэй, даатгал болоод бусад төлбөрөө хослуулж авдаг байх хэрэгтэй гэж тусгасан байгаа юм байна.
Иймд тулгарч байгаа асуудалд яамны зүгээс ямар арга хэмжээ авах хэрэгтэй байгаагаа тодорхойлж гаргасан байна. Болохгүй байгаа асуудлыг ил тод гаргаж тавих нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилго.
Үүний дараа болохгүй байгаа асуудлыг хэрхэн, яаж шийдэхээ тодорхойлох гэнэ. Тиймээс хурлын үеэр Н.Алтанхуяг сайд эрүүл мэндийн салбарт тулгарч байгаа асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар илтгэл тавьсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Эрүүл мэндийн салбар иргэдэд үйлчилдэг болно
Эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь буруу учраас өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх иргэд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгээр үйлчлүүлж байна. Энэ бол тогтолцооны гажиг юм. Үүнийг зөв болгохын тулд анхан шат буюу өрх сумын эмнэлэг боломжийн хэмжээний тусламж үйлчилгээ, сэргийлэх арга хэмжээг авдаг болох хэрэгтэй юм. Иргэддээ ойртсон санхүүжилт нь тэндээ байх шаардлагатай байна. Тэр ч бүү хэл зарим оношлогоо нь хүртэл хийгддэг болох хэрэгтэй. Иймээс нэгдүгээрт өрхийн эмнэлгийн төвшинг нэлээд өөрчлөх хэрэгтэй байна. Дараа нь хоёрдугаар шатлал буюу аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах юм.
СХД-ийн хүүхдийн эмнэлэгт очиход хонгилоор нь дүүрэн хүүхэд хэвтсэн байсан
Гуравдугаар шатны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн өнөөдрийн төвшин манайд маш хүнд байна. Гэмтлийн эмнэлэг, ЭХЭМҮТ, нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг байгаа мэт боловч амьдрал дээр алга. Үүнийг салбарынхан зөвөөр ойлгох хэрэгтэй. Манай гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн үүргийг Хятад, Солонгос, Тайланд зэрэг орны эмнэлгүүд гүйцэтгэдэг болсон байна. Энэ буруу тогтолцоог өөрчлөх болно. Өрхийн эмнэлгүүддээ бэхжүүлэлт сайн хийж өгье. Дараа нь, хоёрдугаар шатлал дээрээ боломжийн үйлчилгээ авдаг, бүр болохгүй бол гуравдугаар шатлалд үзүүлдэг болох хэрэгтэй. Гурав дугаар шатлалын эмнэлэг ч гэсэн судалгаа шинжилгээгээ иж бүрэн хийдэг, дэлхийн жишигт хүрсэн техник технологиор үйлчилдэг болно. Мөн төр хувийн эмнэлгийн уялдааг хөгжүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 900 гаруй хувийн эмнэлэг байна. Эдгээр эмнэлгүүд боломжийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж хийсэн байна. Харамсалтай нь тэнд цөөхөн өвчтөн хэвтдэг, эмч эмнэлгийн ажилтан харьцангуй цөөн байна. Гэтэл СХД-ийн хүүхдийн эмнэлэгт очиход хонгилоор нь дүүрэн хүүхэд хэвтсэн байсан. Энэ нь тогтолцоо, бодлогоо шийдэж чадаагүй байгаагийн тод илрэл юм.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 900 гаруй хувийн эмнэлэг байна
Бидний хамгийн ойрын жишээ хууль зүйн салбар буюу цагдаагийн байгууллагад хийж.байгаа шинэчлэл. 100 мянга орчим иргэнд нэг цагдаагийн байгууллага байхаар зохион байгуулалт хийж байгаа шиг эрүүл мэндийн салбарыг ийм болгох хэрэгтэй байна. Хамгийн эхэнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хоёрдугаар шатлалын нэг нэг эмнэлэг нэмэх шаардлагатай байна. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд илүү ойртоно. Бас нэг анхаарах зүйл бол оношлогоо. Иргэд хийлгэсэн оношлогоо, шинжилгээндээ сэтгэл дундуур байна. Яагаад гэхээр нэг эмнэлэгт нэг өөр нөгөө эмнэлэгт бас өөр хариу гардаг. Ийм байхад иргэд хэнд итгэж үйлчлүүлэх болж байна. Тиймээс иргэд гадагшаа явж оношлуулдаг болсон. Үүнийг дараагийн ээлжинд өөрчилнө. Солонгос Улсын Засгийн газраас 55 сая ам.доллараар томоохон оношлогооны төв авахаар өмнөх Засгийн газрын үед ярьсан. Энэ асуудлыг үргэлжлүүлж шинэ оношлогооны төвтэй болно. ингэснээр тодорхой хэмжээнд оношлогоогоо нутагтаа хийлгэдэг болох юм. Мөн Эрдэнэт хотод шинэ оношлогооны төв ашиглалтад орох гэж байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд шинэ оношлогооны төв барих зэргээр асуудлыг шийдэж эхэлнэ.
Ерөнхий сайдын багцаас аймгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулахад 20 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна
Нарийн мэргэжлийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгаас ирдэг. Аймгийн эмнэлгүүд оношлогоо эмчилгээг хийж чадахгүй байгаагаас энэ. Тиймээс Засгийн газраас баримталж байгаа бодлогын хүрээнд эхний ээлжинд аймгийн эмнэлгүүдэд оношлогоо эмчилгээ хийдэг болно. Энэ чиглэлийн судалгаа шинжилгээг хийж эхэлсэн, аймгийн эмнэлгийн дарга нартай . ярилцсан. Компьютер томографийг тухайн орон нутагт нь бий болгох,дуран, суурин дижитал эхо аппарат, тархины судасны аппарат, нүд, чих, хамар хоолой, шүдний оношлогооны багцыг аймгийн төвүүдэд бий болгох зэрэг олон асуудлыг шийдэх болно. Үүнээс гадна лабораторийн шинжилгээний багцыг бий болгох. Биохими, цусны шинжилгээ хийдэг болох хэрэгтэй байна. Заавал бүгдийг нь хийдэг байх шаардлагагүй ч зайлшгүй хийдэг хэдэн шинжилгээг аймагтаа хийлгэдэг болох юм. Мөн одоо байгаа аппаратны аналог системийг дижитал болгодог системийг нь авах талаар ярьж байна. Ерөнхий сайдын багцаас аймгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулахад 20 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. Мөн хүүхдийн зүрхний хагалгааг энд хийдэг болоход нь зориулж зургаа орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмж хийнэ гэдгээ хэллээ.
Эмийг дагаад эмийн бизнес, эм эмнэлгийн хэрэгслийн шахаа, тендер, хэрүүл маргаан тасрахаа болсон, Бусад оронд эмчид тухайн эм нь хэдэн төгрөгөөр нийлүүлдэг мэс засал, хагалгаа нь хэдээр хийгддэг нь хамаардаггүй. Манайд энэ менежмент байдаггүй. Тиймээс энэ тал дээр зайлшгүй өөрчлөлт хийх болно Энэ тал дээр иргэд ч гэсэн өөрсдөө анхаарах цаг болсон.
Манай улсад ч бэлтгэдэг арга нь буруу байна. Их сургуулийнх нь дэргэд эмнэлэг байдаггүй. Тиймээс энэ Засгийн газар энэ эрүүл мэндийн сайдыг ажиллаж байх хугацаанд "University Hoсpital” ыг заавал бий болгоно. Ингэж байж бид ирээдүйн мэргэжилтнүүдээ зөв бэлдэх юм.
Эрүүл мэндийн даатгалын санг хүн бүр бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нь зөв болгож төсвөөс болон эрүүл мэндийн даатгалаас юуг нь төлдөг болохыг тодорхой болгож өгөх юм.
103 дугаарт 2700 яаралтай тусламжийн талаарх мэдээ мэдээллийг хүлээн авдаг
Монгол улс шиг 102, 103,104 зэрэг олон утас руу залгадаг улс дэлхийн хаан ч байхгүй. Бүгд нэгдсэн нэг системтэй байдаг. Үүнийг нь шийдэх болно. Мөн яаралтай тусламж 17 цэгээс үйлчилдэг болно. Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийдэх цаг болсон. Залуучуудад спорт, усан заал нь хангалтгүй байна. Үүнийг нь анхааралдаа авч тэр тал руу нь хөгжүүлэх цаг болсон. Тэр цагт залуус элдэв хорт зуршлаас ангид эрүүл чийрэг зөв бие бялдартай болж хөгжих юм. Үүний тулд хүүхэд залуучуудад зориулж баригдсан барилга байгууламж зориулалтаараа ашиглагдаж байна уу үгүй юу гэдгийг судлах ажлын хэсэг ажиллаж байна. Зориулалтын бусаар ашиглаж байгаа барилга байгууламжуудыг буцааж авна.