О.Баасанхүү мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ээр тодорхой байр суурь илэрхийлээд байгаа учраас миний бие залруулга хийхээр мэдээлэл хийж байгаа гэлээ. О.Баасанхүү “Эмч нар сүүлийн үед өлсгөлөн зарлах тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа бөгөөд зарим нь надтай ирж уулзсан.Тэдгээр хүмүүсийн уулзаж байгаа шалтгаан нь Төрийн тусгай албан хаагчийн нэр дээр баригдаж байсан шинэ эмнэлгийн барилгыг Улсын прокурорын байр, шүүхийн байр, Хууль зүйн яамны байр, мөрдөх албаны байр болгоно гэх мэт яриа гараад Дотоодын цэргээр тэр эмнэлгийг хамгаалуулаад эмч нарыг нь янз бүрээр хэвлэл мэдээллээр гаргуулаад байгаа учраас бид эсэргүүцэл илэрхийлж байна гэсэн мэдээллийг надад өгсөн. Хуулиараа, Хууль зүйн яамны өмч эсэхийг төрийн өмчөөр бүртгэсэн тохиолдолд тэр Хууль зүйн яамны өмч болно. Өмчийг юунд хэрэглүүлэх вэ, яаж ашиглах уу гэдэг Хууль зүйн яамны асуудал. Тэгэхээр төсвийн хөрөнгөд Сангийн яам УИХ хяналт тавих ёстой” гэв.
Мөн тэрээр хэлэхдээ, төр өмчөө мэдээд төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулъя. Тэгэхээр энэ барилга бол эмнэлгийн зориулалттай барилга гэдэг нь тогтоогдсон. Үүнийг төрөх, эсвэл хүүхдийн эмнэлэг болгох, зориулалтыг нь битгий өөрчлөөч гэсэн шаардлага тавьж байгаа гэдгээ олон удаа илэрхийлсэн гэлээ.