Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарт чиглэл өглөө
Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн арваад хоног ажилласны дараа энэ салбарт ойрын жилүүдэд авч хэрэгжүүлэх суурь шинэчлэлийн бодлого, төлөвлөгөөг сонсохоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.
2013.02.07

Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарт чиглэл өглөө

Төв эмнэлгүүдийн үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн ачааллыг 2015 он гэхэд 36 хувиар бууруулан II шатлал руу шилжүүлэх зорилтыг ЭМЯ-ныхан өмнөө тавьжээ. Үүний тулд дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт дотор, мэдрэл, хүүхэд гэсэн гурван чиглэлээр хэвтүүлэн эмчилж буйг долоон төрөлд хүргэх, өрхийн эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сэргээн засах үйлчилгээний нэгжүүд байгуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын гол ачааллыг анхан шат буюу өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шилжүүлэхийг шинэчлэлийн гол зарчим болгожээ. Нийслэлд 16 төв эмнэлэг, төрөлжсөн төв ажиллаж байгааг “Лавлагаа төв” гэсэн нэгдмэл бүтцэд оруулах, дөрвөн нэгдсэн эмнэлгийг ес болгон ногдох ачааллыг нь хоёр дахин бууруулах, 128 өрхийн эрүүл мэндийн төвийг 145 болгохын зэрэгцээ хүчин чадлыг нь сайжруулах зэрэг тодорхой ажлыг 2015 он гэхэд бүрэн хэрэгжүүлэхээр зорьсон байна.

Санхүүжилтийн тогтолцооны хувьд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж өдрийн эмчилгээ, гэрийн эргэлт, сэргээн засах тусламж үйлчилгээ гэсэн гурван төрлөөр өвчтөнд хүргэсэн үйлчилгээг дагуулан олгодог болохоор төлөвлөсөн байна.

Төв эмнэлгүүдийн үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн ачааллыг 2015 он гэхэд 36 хувиар бууруулан II шатлал руу шилжүүлэх зорилтыг ЭМЯ-ныхан өмнөө тавьжээ.

Өнгөрсөн өдрүүдэд салбарын асуудлаа ил тод ярьж, шинэчлэлийн төлөө хамтран ажиллаж, улмаар авч хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөгөө нэгтгэн танилцуулж байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрүүл мэндийн яамныханд талархал илэрхийллээ.

Эхний байдлаар танилцуулсан энэ төлөвлөгөөнд заавал тусгах бодлогын хэд хэдэн чиглэл бийг Засгийн газрын тэргүүн хэллээ. Ачааллыг нэгдүгээр шатлал руу шилжүүлэхээр зорьж байгаа нь зөв боловч хэт нүсэр, зардал шаардах бүтэцтэй болгох хэрэггүй гэлээ. Мөн санхүүжилт нь өвчтөнөө дагадаг байх гол зарчмыг шат бүртээ яаж уялдуулав, цаашид ачаалал ямар хэмжээгээр буурах, үйлчилгээний чанар хэр сайжрах, дотоод өрсөлдөөн хэрхэн бий болох нь тодорхойгүй байна гэлээ.

Иймд эхний байдлаар гаргасан дээрх төлөвлөгөөгөө улам нарийвчилж, оролцогчдын хариуцах чиглэлүүдийг тодорхойлж гаргахыг Эрүүл мэндийн яамныханд даалгалаа. Ингэхдээ, эмнэлгийн нэгж бүр вант улс шиг болсон өнөөгийн тогтолцоог халж босоо удирдлагатай сүлжээ болгох, хүн амын тооноос хамаарсан хүчин чадалтай нэгдсэн эмнэлгүүд ажиллуулах зэрэг Шинэчлэлийн Засгийн газрын суурь бодлогыг чанд баримтлахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг чиглэл болголоо