Хөдөө аж ахуйн биржийн туршилтын арилжаа энэ онд болно
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаа зохион байгуулах “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Үүнтэй холбогдуулан энэ компанийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа.
Бирж байгуулахад төрөөс дахин санхүүжилт гаргахгүйгээр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн дүрмийн санг бүрдүүлэхээр тооцсон байна.
2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын багцад бирж байгуулахаар 5 тэрбум төгрөг батлуулсан бөгөөд энэ оны гуравдугаар улирлаас туршилтын арилжаа явуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлжээ.Энэ асуудлыг биржийн дүрэмд тусгажээ.
Эхний ээлжинд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨК байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж, улмаар төрийн өмчийн оролцоотой компанийн хэлбэрт шилжүүлэн биржийн гишүүн оролцогчид, арилжааны зах зээлд оролцогчид, үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүдээс 49 хүртлэх хувийн хувьцааг санал болгох замаар бүрдүүлэн компанийг бэхжүүлэх боломжтой гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам үзэж байна.