С.Цэнгүүн: Хаягдал үнсний ашиглалтыг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой
Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцууд нь нүүрс хэрэглэж их хэмжээний үнс гаргадаг. Хаягдал үнс буюу нүүрс шаталтын бүтээгдэхүүн нь дулааны цахилгаан станцад нүүрсийг 1100-1600 хэмд шатаасны дараа үүсдэг гэж хэлж болно.
Тэгвэл энэхүү хаягдал үнсээр барилгын материалын үйлдвэрлэл, авто замын бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар ашиглах боломжтой.
- ТЭЦ-4 жилд 4,2 тэрбум төгрөг үнсэн санг цэвэрлэхэд зарцуулдаг бөгөөд бусад жижиг станцууд үнсэн санг засварлах, өргөтгөх зэрэгт их хэмжээний үргүй зардал гаргадаг.
- ДЦС-2 жилд 200 сая төгрөгийг үнсэн сан засварлах, үнс зайлуулахад зарцуулж байна.
- ДЦС-3 ТӨХК-ийн хаягдал үнсэн сан дүүрч 40.2 тэрбум төгрөгөөр Эмээлтэд газар худалдан авч, станцаасаа автомашинаар үнсээ зөөвөрлөхөөс өөр аргагүйд хүрчээ.
Монгол Улс нийт хаягдал үнсний 5-15% дахин ашигладаг бол Дани, Швед зэрэг улс орнууд 100% буюу барилга, автозамын түүхий эдийн нэмэлт орцоор ашиглаж, эдийн засгийн үр өгөөжөөс гадна байгаль орчны аюулгүй байдлаа хангадаг байна. Улаанбаатар хотод 100га орчим талбайд хаягдал үнс агуулагдаж байгаа бөгөөд микро тоосжилт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Иймд, эрчим хүчний реформ хангалттай хэмжээнд ахицтай урагшилж чадахгүй байгаа энэ цаг үед салбарын хүндрэлийг даван туулах, хаягдал үнсийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашигтай бүтээгдэхүүн болгох боломжийг эрэлхийлэх шаардлага байна!
Технологи, инновацад түшиглэж, үнсийг дахин боловсруулан барилгын материал болгох боломжийг бодлогын түвшинд хэлэлцэж, хаягдал үнсийг ашиглах бусад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх, дулааны цахилгаан станцуудын аюулгүй байдал, үнсэн сангийн нөхцөл байдлыг анхаарч, салбар хоорондын уялдаа, мэдээллийн солилцоог сайжруулж, үнсийг дахин боловсруулах ажлыг нэгдмэл бодлогоор урагшлуулах шаардлагатайг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн онцоллоо.

Сэтгүүлч