О.Амарцэнгэл: Үнээгээ сааж мөнгө олох биш үнээндээ “саалгуулж” байна
Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэлтэй сүүний салбарыг хэрхэн дэмжвэл зүйтэй талаар ярилцлаа.
-Сүүний салбарыг төрөөс дэмжих тухай өнгөрсөн оноос эхэлж яригдах болсон. Зарим улс төрчдийн зүгээс ч нэг литр тутамд 500 төгрөгийн урамшуулал олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Танай холбоо ч үүнтэй зэрэгцэн байгуулагдсан гэхэд хилсдэхгүй. Танай холбоонд нийт хичнээн фермер нэгдсэн вэ. Ер нь монгол улсын хэмжээнд хичнээн фермер байдаг юм бол. Тэд өнөөдөр ямар байдалтай байна вэ?
Улаанбаатарт сүү нийлүүлдэг фермерүүдийн 70 хувь нь манай холбоонд нэгдсэн байгаа. Нийт 3000-аад фермер байдаг. Бид улсын хэмжээнд бүс
300 үнээтэй ферм байгуулахад дор хаяж 4 тэрбум төгрөг шаардлагатай
бүсээр нь ангилж, бүсийн холбоог дотор нь байгуулсан. Бидний хэдэн фермерүүд улс төрчдийг урамшуулал өгнө гэж ярихаас ч өмнө яамтай зөндөө уулзаж, учир байдлаа ярьдаг байсан боловч ер тоодоггүй байсан. Харин энэ засгийн газар овоо сонсоод, уулзаж ярилцаад байгаа нь сайн хэрэг болж байна. Өнөөдөр бүх ферм дампуурлын байдалтай байна. Тухайлбал манай ферм дампуурсан. Аж ахуйн хувьд 100 хувьд дампуурсан. Манайх уг сүүний фермээс гадна өөр бизнестэй.
Гэтэл түүнээс олсон ашгаараа сүүний фермийн зардлыг нөхсөөр байгаад ферм маань ашиггүй болсон. Үнээгээ сааж мөнгө олох биш үнээндээ саалгаад сууж байна. Гэхдээ урамшуулал өгөөд эхэлвэл ферм хөл дээрээ босно. Унаж байгаа фермүүдийг хөрөнгө оруулалтаа нөхөх, хөгжихөд урамшуулал өгнө гэж нэг талаас ярьж байна. Урамшуулал гарчихвал хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэнэ. Бид зээлээ даагаад өөрсдөө фермээ эрчимжүүлээд хөгжүүлээд явж чадна.
-Сүүнд бонд гаргаж дэмжих хэрэгтэй юм уу. Яагаад дэмжүүлэх гээд байгаа юм бэ?
Ер нь өгөх ёстой. Өгнө гэсэн бодолтойгоор хөдөлж байна. Яагаад гэвэл дэлхий дээрх бүх оронд сүү гэдэг зүйл заавал татаастай явдаг. Учир нь нэгдүгээрт сүү гаргаж авна гэдэг өөрөө төвөгтэй процесс. Хоёрдугаарт сүү маш эмзэг бүтээгдэхүүн. Гуравдугаарт сүү хүний бие махбодид нөлөөлөх ач холбогдлоороо махны дараа ордог. Үүнийг ч төр засгийн зүгээс хүлээн зөвшөөрөөд өнгөрсөн 12 сард хүнсний тухай хуулинд хүнсний стратегийн дөрвөн бүтээгдэхүүний дотор сүүг оруулсан юм. Стратегийн бүтээгдэхүүнд улаанбуудайн гурил, мах, сүү орж байгаа.
-Өнөөдрийн байдлаар фермерүүд хэрхэн ажиллаж байна вэ. Хэр хөгжиж байна вэ. Асуудал байна уу?
Сонгодог утгаараа эрчимжсэн фермер монголд байхгүй. Учир нь өндөр үр шимтэй үхэр алга. Өнөөдөр УБ хотод сүү нийлүүлдэг фермүүдийг харахад нэг үнээнээс дунджаар өдөрт 8 литр сүү авдаг. Жилдээ 2400 литр гэсэн үг. Гэтэл өндөр үр шимтэй үхэр жилд 8000 литр сүү өгдөг. Өндөр гарцтай үнээний фермүүд боломжийн хэмжээнд ажиллах боломжтой. Хоёрдугаарт манай улсад фермийг эрчимжүүлж хөгжүүлье гэхээр үйлдвэрлэлийн
Гараар саахад өдөрт дунджаар 8 литр сүү, цахилгаан саалтуураар саахад 20 литр сүү авдаг
технологи хөгжөөгүй. Саах, арчлах, тэжээх, орон байрны асуудал үүнд орно. Үхрээ зохих ном ёсоор нь тэжээж чадахгүй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, сааж чадахгүй байна. Нэг бол хятадын муу, цахилгаан саалтуураар үнээгээ сааж байна. Үнэнийг хэлэхэд ихэнхи фермүүд гараараа л шувтарч байна шүү дээ. Энэ бүх дутуу дулимаг үйл ажиллагааны эцэст сүүний чанар шаардлага хангахгүй байгаа юм.
-Хүнсний тухай хуулиар сүүг стратегийн бүтээгдэхүүн гэж үзсэн нь цаанаа сүүний чанар шаардлагыг улам сайжруулах ёстой гэдгийг баталж байгаа хэрэг. Тэгэхээр сүүний чанарыг яаж сайжруулах вэ?
1 мл сүүнд байх самотик эс, бактерын бохирдол хоёрын хэмжээг заагаад өгчихсөн байдаг. Гэтэл энэ үзүүлэлт үнээг гар аргаар саахад шаардлага хангахаа больчихдог юм. Дэлэнг гараар саагаад байхаар дэлэнгийн хамаг эсийг сүү рүү саачихна. Хэтрүүлээд хэлвэл ийм сүүнд хүн малын эд эс их байгаа байхгүй юу. Тэгэхээр заавал саалтуураар саах ёстой. Саангуутаа дөрвөн градус хүртэл хөргөхгүй бол дотор нь бактерууд үрждэг. Ингэж зааврын дагуу хөргөхгүй тасалгааны 20 градуст хоёр цаг байлгахад тэр бактери нь үржээд бохирддог. Тиймээс сүүгээ саангуут хөргөөд 6 градус болж өгвөл 4 хэмд огцом хөргөх ёстой. Тэгэж байж бактерийн хэмжээ багасна.
-Фермд тулгарч байгаа олон асуудлыг шийдэж, нөлөөлөхөд энэ засгийн газраас гаргах бондоор олгогдох урамшуулал хэр нөлөөлөх вэ. 1 литр тутамд 500 төгрөг олгоход байдал хэр өөрчлөгдөх бол?
Фермийг эрчимжсэн сонгодог байдлаар л хөгжүүлвэл тэр их асуудлыг шийдэж чадна. Хөгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний урамшууллаар дэмжих хэрэгтэй. Хэрвээ урамшуулал олгоод эхэлвэл одоо дампуурч байгаа фермерүүд эргээд сэргэж эхэлнэ. Бид урамшууллаасаа үхрийнхээ тэжээл, саах технологи, арчлах технологийн асуудлыг шийдэх боломжтой. Саасан сүүгээ яаж хөргөх асуудлаа ч шийдчихнэ. Хэрэглэгч талаасаа харвал сүү их байх хэрэгтэй. Хуурай сүү биш үнээний сүү их байх хэрэгтэй. Хоёрдугаарт тэр сүү нь чанар стандартын шаардлага хангасан байх ёстой. Эрүүл ахуйн шаардлага хангасан амьд сүү байх хэрэгтэй. Энэ гурван шаардлагыг хангахад 1 литр тутамд олгох урамшуулал чухал нөлөө үзүүлнэ. Ер нь эрчимжсэн фермийг байгуулахын тулд хоёр нөхцөл хэрэгтэй. Нэгдүгээрт заавал урамшуулал олгох ёстой, яагаад гэвэл хөрөнгө оруулалтаа нөхөх бага ч гэсэн ашигтай байх хэрэгтэй. Нэгээр хэлбэл нэмэх баланстай байхын тулд сүүг 1100-1300 төгрөгийн хооронд зарж байж тэр ферм хөл дээрээ оршин тогтнож байгаа. Гэтэл сүү боловсруулах үйлдвэрт 1000 төгрөгөөр сүү өгчихөөр дэлгүүрээс 2000 төгрөгний үнэтэй болж хэрэглэгчдийн гар дээр очих гээд байна. Ингэхээр хүмүүс 1600 төгрөгийн импортын савласан хуурай сүүг сонгох нь ойлгомжтой шүү дээ.
Энэ гурван шаардлагыг хангахад 1 литр тутамд олгох урамшуулал чухал нөлөө үзүүлнэ.
Тэгэхээр ядаж импортын сүүнээс илүү гаргахгүйгээр үнээ тооцож барих ёстой. Барихын тулд төр оролцож фермийн хаалган дээрээс гарах сүүнд 400-500 төгрөгний урамшуулал өгснөөр боловсруулах үйлдвэрт 1000-1050 төгрөгөөр сүү очих боломжтой болно. Бид нарт 1050 төгрөгөөр сүүгээ өгч байвал өөр асуудал байхгүй. Гэхдээ төр засаг 650 төгрөгөөр өгье гэж байвал 400 төгрөг өгчих, үйлдвэр 700-гаар авна гэвэл хамаа алга 350-ийг өгчих. Үйлдвэр 1000 төгрөгөөр авья гэвэл 50-хан төгрөг өгчих гэж байгаа юм. Гэхдээ өнөөгийн бодит байдлаас үзэхэд сүү 2000 төгрөг болох гээд байгаа учраас үйлдвэр яаж ч бодсон фермүүдээс сүүг 650 төгрөгөөр авч таарч байна.
-Бондын асуудал ярихаас өмнө нь ер нь төр засгийн зүгээс сүүний салбарт та бүхнийг хэрхэн дэмжиж байв?
Манай салбар сүүлийн хориод жил хаягдчихаад байсан. Гэхдээ өмнө нь дэмжлэг огт байгаагүй гэж бас хэлж болохгүй. Байх ёстой дэмжлэгийн 0,01 хувийн л тусламж байсан. Дөрөв таван жилийн өмнө 500 үхрийг тендер зарлаад импортолж, фермерүүд хөнгөлттэй үнээр өгсөн. Гэтэл тендерт ялсан компани нь мэргэжлийн бус байгууллага учраас хятадаас баахан хог цуглуулаад энд тэндээс эрээвэр хураавар үхэр авчраад тараасан. 30, 30-аар нь тараасан. Одоо тэр үхрүүдийг авсан фермерүүд дээд тал нь 50 сая, доод тал нь 10 сая төгрөгний өрөнд орчихсон байна. Нөгөө үхэр нь ч үхчихсэн.
Нэгэнтээ дэд бүтцийг нь уялдуулж, цогцоор нь техникийг нь шийдэхгүй болохоор зүгээр хэдэн үхэр өгчихөөр ямар ч үр ашиг гараагүй. Сүү гаргаж авах процесс өөрөө төвөгтэй учраас үйлдвэрлэл, технологийн олон шаардлагыг хангаж байж үр ашгаа өгнө шүү дээ. Төр засаг бидний хааяа зуд болохоор 50 үхэртэй хүнд гурван ширхэг боодол өвс өгдөг. Тэр нь өдрийн нормын талын талын талд хүрдэг. Өөрөөр хэлбэл бодитой үр дүнд хүрэх дэмжлэг үзүүлж байгаагүй. Асуудлыг цогцоор нь шийдэж байж үр дүнд хүрэх ёстой. Одоо цогцоор нь шийднэ гэсэн агуулгаар ҮХАА яам бидний саналыг хүлээж авч, өөрсдөө асуудлаа тавьж байгаа нь сайн байна.
-Засгийн газраас өнгөрсөн хавар жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэйгээр дэмжих бодлого барьж зээл олгож байсан. Одоо дампуурах гээд байгаа фермүүд тэр зээлд хамрагдаж болоогүй юм уу?
Зээлийг сүүний фермд өгөх их дургүй байдаг. Нөгөө талаас жижиг дунд
Монгол улсын хэмжээнд 2500 гаруй фермер байна
үйлдвэрлэлийн зээл ферм байгуулах хэмжээнд гардаггүй. Одоо бол тэр зээлийг 1,5 тэрбумаар хязгаарласан байгаа. Гэтэл ийм мөнгөөр ферм байгуулж чадахгүй. Дор хаяж 4 тэрбум төгрөгөөр 300 үнээний фермийг эрчимжсэн ферм болгож босно. Газар нутгийн ойроор нь фермүүдийг хорших асуудал ярьж байгаа. Таван хүн 10 хүн хоршоод 300 үнээний ферм байгуулж болно.
-Ямартай ч урамшуулал та бүхэнд их чухал дэм болох нь гарцаагүй. Гэхдээ цаана нь ферм эрчимжиж, суурин газрын иргэдийн сүүний хэрэгцээг хангах асуудал гарч байна. Энэ тал дээр та бүхэн юу хийх вэ?
Тийм ээ. Мэдээж ганц урамшуулал олгосноор бүх асуудлыг шийдэхгүй. Яам биднийг их сайн сонсч байна. Яамны зүгээс 2016 он гэхэд хүн амынхаа ундны сүүний хэрэгцээг бүрэн хангадаг болох зорилт тавьсан. Үүнтэй уялдаад 2020 он гэхэд 20 мянган цэвэр үйлдрийн үхэртэй болох байх. Ингэж чадвал Улаанбаатарын сүүний бүх хэрэгцээг хангаж чадна. Өнөөдөр манайд өндөр үр шимтэй үхэр нь байхгүй болохоор 7500 үхрийг хоёр жилд хуваагаад, нэг жилд 3500 үхэр импортлоод өгөөч гэсэн хүсэлтэй Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд тавиад байгаа. Хэрвээ үүнийг ажил хэрэг болговол 7-8 жилийн дотор улсыг хамарсан хүчирхэг сүлжээ бий болно. Үүний дараа монголдоо дасан зохицсон өндөр үр шимтэй үнээтэй фермүүд бий болох юм. Дахиж үхэр импортлох шаардлагагүй. Импортлох хөнгөлөлттэй зээл өгөх нь дараагийн нэг дэмжлэг болно. Ерөнхийдөө төслийн хүрээнд аваад үзвэл фермүүдэд өнөөдөр гуравны нэг хувийн чадамж байна. Фермийн байшин, хадуур, комбайн, саалтуур нь байна. Үлдсэн чадамжийг гүйцээхэд төрийн дэмжлэг хэрэгтэй.
Өдөрт 2 стакан сүү уух нь 5 стакан жимсний шүүс, ногооны нухаш идсэнтэй тэнцдэг
Ер нь хүн сүү ууж байх ёстой. Гэхдээ эрүүл, цэвэр амьд сүү. Би цай сүлж уухыг хэлээгүй шүү. Эрүүл мэндийн яамнаас тогтоосноор хүн бүр өглөө 150 мл сүү заавал уух ёстой. Ялангуяа суурин газар амьдарч байгаа хүмүүс уух ёстой. 40 сая малтай мөртлөө сүүний хэрэгцээгээ хангаж чаддаггүй гэж хэвлэл мэдээллээр их ярьдаг. Гэхдээ асуудал нь хачир дээрээ нүүдлийн мал аж ахуйгаар хэзээ ч суурин газрын сүүний хэрэгцээг хангаж чаддаггүй, болохгүй гэдэгт байгаа юм.
Сүүг 100-гаас дээш километрээр тээвэрлэвэл үнэ нь дийлдэхгүй. Жишээ нь Баян-Өлгийгөөс УБ хот руу сүү тээвэрлэе гэж бодвол энд ирээд 4000-5000 төгрөгт хүрнэ. Өвөл хөлдөөсөн сүү, зарж болно. Аарцыг тээвэрлэхэд асуудалгүй. Сүүг холоос тээвэрлэж болдоггүй. Тэгэхээр суурин газрын хүн амыг сүүгээр хангая гэвэл заавал хотынхоо хаяанд эрчимжсэн фермүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Фермерүүд яаж ийж байгаад сүүгээ 10-11 сар хүртэл хэрэглэгчиддээ өгдөг. Өвөл сүүний гарц байхгүй байсаар дөрөв таван сараас л сүү өгч эхэлдэг. Өвөл арай хийж л бэлчээрээр яваад онд ордог.
-Фермүүдийн хөгжил сул байгаа нь таны ярианаас мэдэгдлээ. Бараг л малчинтай адилхан байгаа юм шиг?
Би түрүүн хэлсэн. Өвөл ашиггүй байдаг. Зун сүүний нийлүүлэлт нь ихдээд сүүний үйлдвэрүүд авч дийлэхээ больдог. Тэгэхээр сүүний үнэ 200-300 төгрөг хүртлээ буурдаг. Энэ тогтолцоогоор бол нүүдэлчин малчинд асуудал гарахгүй, хямдхан сүүгээ зарчихаар болчихно. Ноос ноолуур, арьс ширээ тушаагаад урамшуулал авна. Сүхбаатар, Дорнод аймгийнхан үхэрээ саадаггүй. Махлаад зарчихдаг. Харин сүүний ферм бол шал өөр. Үнээгээ махалж зарна гэх биш үнээнээс ганцхан сүүгээ л сайн сааж, ашиг олдог. Үүний тулд заавал байшин, хөргөлтийн танк цахилгаан саалтуур хэрэгтэй. Тэжээл, даршаа тарьж үйлдвэрлэх хэрэгтэй. Хашаа хороо барих ёстой. Хадлангаа өөрөө бэлдэнэ. Трактор, компани, борной, анжис, тэжээлийн үйлдвэр хэрэгтэй. Үнээнээс сүү авахын тулд их хөрөнгө оруулалт шаарддаг. Үхрийн байр нь орон сууц шиг том дулаахан байр байх ёстой. Өндөр үр шимтэй үхрийг нэг амбаарт байлгавал осгоод үхчихнэ.
-Яамнаас сүү боловсруулах үйлдвэр болон хуурай сүүний үйлдвэр барих чиглэлд бодлого барьж байгаа. Та үүнийг хэр ашигтай гэж үзэж байна вэ?
Энэ зөв. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, малчдаас улирлын шинж чанартайгаар сүүний нөөцийг нь дагуулаад хуурай сүүний үйлдвэр барьж болно. Хамгийн их малтай Хөвсгөл аймаг уртаашаа нэг хөндийг дагаад маш их малтай айл байвал тэр голын сүүг цуглуулаад хуурай сүүний үйлдвэр байгуулж болно.
-Фермүүдийг дэмжээд ирэхээр дотоодын сүүгээ хангаад эхлэхээр импортын сүү шахагдах байх. Тэд зүгээр хараад суухгүй л байх?
Гэхдээ бидний тооцоогоор импортын сүү нэг их шахагдахгүй. Учир нь сүүний эрэлт, сүүний хэрэглээ ихсээд ирэх учраас. Өнөөдөр үндсэндээ сүү хэрэглэхгүй байна ш дээ.
Ярилцсанд баярлалаа.