Ард иргэдэд хуваах хувьцааны талаар хуралдав
2012.04.23

Ард иргэдэд хуваах хувьцааны талаар хуралдав

Татварын ерөнхий газрын дэргэдэх “Бизнесийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан өнөөдөр Татварын ерөнхий газрын байранд боллоо.
 
Монголын эдийн засгийн салбар бүрийн төлөөллийг багтаасан уг зөвлөл нийт 13 гишүүний бүрэлдэхүүнтэй. Уг бизнес зөвлөл нь Монголын татварын бодлого бизнес эрхлэхэд хэр нөлөөлж байгаа талаар, цаашид татварын асуудлаар бизнес эрхлэгчдээ дэмжсэн ямар бодлого дутуу дулимаг байна, хэрхэн шийдвэрлэх вэ зэрэг асуудлаар харилцан байр сууриа хэлэлцэж, нэгтгэдгээрээ онцлог билээ.
 
Бизнесийн зөвлөлөөс гаргасан шийдвэр зөвлөмжүүдийг Татварын алба үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ анхаарч ажилладаг бөгөөд эрхзүйн шийдлийн зарим шинэлэг санаачилгуудыг татварын хууль тогтоомжийн төслүүдэд тусгуулах тал дээр хамтран ажиллах үндсэн зорилготой ажилладаг.
 
Татварын албаны Бизнесийн зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

1. Бэлэн мөнгөөр гүйлгээ хийхэд бүртгэлийг сайжруулах.

2. Далд эдийн засгийн ил болгох ажлын хүрээнд бэлэн мөнгөөр хийгдэж байгаа худалдаа, үйлчилгээний төлбөр тооцоог хэрхэн хянах вэ? Хэрхэн бүртгэлжүүлэх талаар ярилцах

3. Улсын бүртгэлийн газраас гаргаж байгаа иргэний картын мэдээлэлд татварын мэдээллийг оруулж тусгах. Цахим карт хэрэгжүүлж эхлэхээр түүнд хамрагдах агуулагдах мэдээлэлд татварын мэдээлэл оруулах эсэх.

4 Банкны хууль болон Татварын ерөнхий хуулийн хоорондох зөрүү ойлголт.Банкны хуульд үйлчлүүлэгчийн нууцыг хадгална гэж заасан, Татварын хуулинд банк мэдээлэл гаргаж өгөх үүргийг зааж өгсөн байдаг. Энэ хууль эрх зүйн орчны талаар санал солилцох

5 Нийт ард иргэдэд хуваах хувьцаа. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд тараах эх орны хишгийн талаар

6 Захиргааны хэргийн шүүхэд татвар, санхүүгийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талаар.

Одоогийн практикт захиргааны хэргийн шүүхэд нягтлан бодох бүртгэл, татварын мэргэжлийн шүүгч хангалтгүй байдаг. Энэ асуудалд татварын албанаас болон бусад холбогдох газраас ямар арга хэмжээ авч явуулах талаар тус тус хэлэлцэж харилцан байр сууриа солилцлоо. Бизнесийн зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд ТЕГ-ын дарга Б.Баттөмөр оролцож, Үндэсний татварын албанаас хийж хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар танилцуулав. Бизнес эрхлэгчдэд татварын үйлчилгээг аль болох чирэгдэлгүй хүргэх зорилго тавьж ажилладаг татварын алба татварын тайланг тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар авч эхэлж байгааг дуулгалаа.

Түүнчлэн тун удахгүй татварын тайланг шуудангаар хүлээн авч, буцаан хүргүүлэх үйлчилгээг ч нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаагаа мэдэгдлээ. Татварын алба татвар төлөгчдөд хандсан үйл ажиллагаагаа улам нээлттэй болгохыг зорьж ажилладаг. Ирэх сард болох Татвар төлөгчдийн өдрүүдийн үеэр зохиогдох томоохон арга хэмжээнүүд болон, татварын байцаагч нараа дэлхийн стандартын сургалтуудад байнга хамруулж, мэдлэг мэргэжлийг дээшлүүлж буй талаар мөн мэдээллээ. Татварын Бизнесийн зөвлөлийн хуралдааны үеэр татвар төлөгчдийг төлөөлөн зөвлөлийн гишүүд зарим шүүмж, саналууд хэлсэн. Татварын маргааныг тусгайлан шүүдэг мэргэжлийн шүүгчид байх шаардлагатай болсныг Бизнесийн зөвлөл энэ удаагийн хэлэлцүүлгээрээ онцоллоо.

Мөн татварын алба далд эдийн засагтай тэмцэх талаар идэвхтэй ажиллаж байгаад талархалтай ханддагаа илэрхийлээд, цаашид газрын наймаа, лиценз болон хувьцааны худалдаа зэрэг татварт бүртгэлгүйгээр явагддаг том мөнгөний эргэлтийг сүүдрээс ил гаргах ажилдаа их амжилт олохыг хүсч байгаагаа илэрхийллээ. Татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс дийлэнх хувь нь алдагдалтай тайлан гаргаж өгч байгаа нь үнэн боловч, татварын албанд тайлан огт өгдөггүй, бүртгэлгүй бизнесийг илрүүлэх тал дээр татварын алба хууль, хүчний байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага тулгарч байгааг мөн онцоллоо.

Татварын албаны бизнесийн зөвлөлийг “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав тэргүүлдэг бөгөөд гишүүнээр

1. Л.Ариунболд “Монгол 999” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
2. Л.Бадамцэцэг “Хадгаламж” банкны захирал
3. А.Ганхуяг “МСS” ХХК-ийн захирал
4. Х.Ганбаатар “МАОЭНХ”-ны гүйцэтгэх захирал
5. Б.Дуламсүрэн “Мобиком” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал
6. Б.Лхагважав “Урбанек” ХХК-ийн захирал
7. Л.Мөнхбат “Одкон холдинг” ХХК-ийн захирал
8. Б.Түвшин “АПУ” ХХК-ийн Санхүүгийн албаны захирал
9. Л.Чинбат “Гацуурт” ХХК-ийн захирал
10. Б.Чулуунбаатар “Моннис” ХХК-ийн дэд захирал
11. Ч.Чимэдсүрэн “ММНБИ”-ийн гүйцэтгэх захирал
12. Ц.Энхбаяр “Магнай трейд” ХХК-ийн дэд захирал нар ажилладаг.
Эх сурвалж
Татварын ерөнхий газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.