Татварын маргаан таслана
Аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан татвараа бүрэн төлөхөөс санаатайгаар зайлсхийх, орлогоо дутуу мэдээлэх гэх мэт олон үндэслэлээр татварын албаны шалгалтад бүдэрч, татварын акт тогтоолгон, торгууль хүлээдэг. Энэ торгуулийг аж ахуйн нэгжүүд татварын албатай маргаан мэтгэлцээн хийлгүйгээр, даруухнаар төлөөд өнгөрөх нь бий.Гэвч ихэнх нь татварын байцаагчийн актыг үл хүлээн зөвшөөрч, Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар тухайн татварын байцаагчийн эсрэг гомдол мэдүүлэх нь элбэг болоод байна. Компаниудын эдийн засгийн чадавх мэдэгдэхүйц дээшилсэн. Энэ хэрээр хуулийн болоод нягтлан бодох бүртгэлийн хамгийн шилдэг боловсон хүчнээр “зэвсэглэж”, татвараа аль болох багаар төлөх эрмэлзэл өссөөр байгаа нь ийнхүү нэг талаас татварын байцаагч, нөгөө талаас аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдлагуудыг Татварын маргаан таслах хурлын танхимд “халз тулахад” хүргэдэг гэсэн үг.Хамгийн сүүлийн үеийн жишээ. Энэ он гарсаар буюу 2012 оны эхний улирлын байдлаар Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар нийт 30 гаруй компанид холбогдох 400 гаруй тэрбум төгрөгийн татварын маргааныг хянан хэлэлцсэн байна. Энэ дүн бол өмнөх онд бүтэн жилийн турш Маргаан таслах зөвлөлөөр хэлэлцсэн татварын маргааны мөнгөн дүнгээс 100 гаруй тэрбум төгрөгөөр илүү хэмжээний мөнгөн дүн.
Энэ жил л гэхэд Дорнод аймгийн Матад суманд түүхий нефть олборлодог “Петро чайна дачин тамсаг” компани 300 тэрбум төгрөгийн татварын өрийн асуудлаар маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн. Үүн дээр том, жижиг нийлсэн 30 гаруй компанийн татварын өр нийлээд 400 гаруй тэрбум төгрөгийн асуудал босч ирж байгаа тухай онцолсон. Түүнчлэн сүүлийн үед татварын маргаан, өр тоон үзүүлэлтийн хувьд өсч байгаа нь татварын байцаагчдын ур чадвар болон эрхзүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Тиймээс татварын байцаагч-хуульчдыг цаг үеийн шаардлагад нийцэх хэмжээнд сургаж боловсруулах нь цаг үеийн захиалга болоод байна хэмээн ТЕГ-ын ХЭЗХ-ийн дарга мэдэгдлээ.Татварын албаны маргаан таслах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаарх өөр нэг тоон мэдээллийг энд дурьдая. Өнгөрсөн жил Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нийт маргааны 70 хувьд Татварын алба ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, татварын байцаагчийн тавьсан акт, торгууль хуулийн хүрээнд байсан бөгөөд, тухайн аж ахуйн нэгжүүд тухайн татварын өрийг төлж, төрийг хохиролгүй болгосон.
Харин үлдсэн 30 хувьд нь татварын маргаан татвар төлөгчдийн талд шийдвэрлэгдсэн дүн мэдээ бий. Энэ тоо бол цаашдаа татварын алба идэвхи санаачилгатай байж, амжилтаа ахиулах шаардлагатайг илтгэсэн хувь хэмжээ. Тиймээс татварын маргаан таслах чиглэлээр ажиллаж буй байцаагч нар зөвхөн эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэжилдээ сайн байхаас гадна, хууль, эрхзүйн чиглэлээр ч шилдэг нь байх шаардлага тулгарч буйг харуулж байгаа хэрэг юм. Энэ нөхцөлд Татварын маргаан таслах зөвлөлийг магадлагч байцаагч нарын анхдугаар сургалт зөвлөгөөн болж байгаа нь өндөр ач холбогдолтой юм. Маргаан таслах зөвлөлийн магадлагч байцаагч нарын сургалт, зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ.