Д.Ганхуяг: Хүүхдэд тэтгэмжийн бодлого байх шаардлагатай
-Хүүхдэд мөнгө олгох тухай хуулийн төслийг танай намын нэр бүхийгишүүд өргөн барьсныг УИХ дахь бүлгээрээ хэлэлцээд дэмжсэн байна. Ер нь хүүхдэд бэлэн мөнгө өгөх нь хэр зөв юм бол?
-2004 оны сонгуульд "Эх орон-Ардчилал" эвслийн мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгө орсон. 2008 онд ч гэсэн энэ талаар Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө суулгасан. Гэвч манай нам УИХ-д цөөнх болсон. Дэлхий нийтийн парламентын жишгээр УИХ-д олонх болсон намын Засгийн газар нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг. Харин 2008 оны сонгуулийн дараа олонх болсон МАН цөөнх буюу манай намд хамтарч ажиллая гэдэг санал тавиад хамтарсан Засгийн газар байгуулсан . 2012 оны төсвийг батлаад Ардчилсан нам засгаас гарлаа. Тухайн жилийнхээ төсвийг батална гэдэг хэрэгжих боломжтой бүх арга хэмжээг авчихлаа гэсэн үг.
Түүнийг нь Засгийн газар хэрэгжүүлээд явдаг. Нэгэнт хоёр нам үзэл бодлоороо нэгдэхгүйгээс хойш иргэддээ сонгогдох боломж олгох шаардлагатай. Энэ утгаараа Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарсан юм. Хамтарч байх дөрвөн жилийн хугацаанд Эх орны хишиг, Эрдэнийн хувь олгох хүрээнд иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олголоо. Тиймээс үүнтэй давхардуулж хүүхдэд мөнгө олгох төсвийн бодлого Монголд байгаагүй. Энэ утгаараа өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд хүүхдийн мөнгө л олгогдсонгүй. Харин саяхан Ардчилсан намын гишүүн Л.Гүндалай Хүүхдэд мөнгө олгох хуулийн төслийг санаачлаад манай бүлгийн 27 гишүүн зуун хувь дэмжсэн.
-Бэлэн мөнгө олгох талаар нийгэмд олон янзын байр суурь байдаг. Хавтгайрсан халамжийн нэг болчихгүй юу?
-Өнгөрсөн хугацаанд янз бүрийн хэлбэрээр бэлэн мөнгө тараалаа. Гэвч энэ нь эзнээ олоогүй халамж их муу юм байна. Харин ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалин тэтгэвэр нь амьдралдаа хүрэлцээтэй байх шаардлагатай юм байна. УИХ болон нийслэлийн ИТХ-ын гишүүдийг сонгох сонгуулийн тухай хуульд улсын төсвийн хүчин чадлаас давсан бэлэн мөнгөний амлалтыг өгч болохгүй гэдэг заалт бий. Энэ нь ажил хийх боломжтой, эсвэл хөдөлмөрийн насны хүмүүст халамж хэлбэрийн бэлэн мөнгө өгөхтэй холбоотой заалт. Хүүхдийн тухайд өөр нийгмийн давхарга. Яг өнөөгийн байдлаар монголчуудын олонх нь ажилгүй, орлого багатай амьдарч байгаа нь үнэн. Цалинтай ядуус гэдэг ойлголт нийгэмд их байна. Тиймээс хөдөлмөр эрхэлдэггүй, гэвч тодорхой хэмжээний зардал гаргадаг хүүхдэд тэтгэмжийн бодлого байх шаардлагатай. Ер нь дэлхийн олон оронд хүүхдэд халамжийн хэлбэрээр өгч буй дэмжлэг их байдаг. Тиймээс улсын төсвийнхөө цаашдын нөөц чадлын хүрээнд хүүхдийн мөнгийг олгох нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна.
-Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал хэрэгжиж эхлэх хугацаа нь хэзээ байх вэ?
-Энэ оны хувьд улсын төсөв батлагдсан учраас хүүхдэд мөнгө олгох боломж байхгүй. Тиймээс 2012 оны сонгуульд намынхаа мөрийн хөтөлбөрт оруулаад явахад халамжийн бодлого биш гэж ойлгож байна.