Нэр бүхий гишүүд МАХН-ын гишүүнчлэлээ албан ёсоор сэргээлээ
Өнөөдөр 15 цагаас МАХН-ын төв байр цагаан ордонд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар. Гишүүнчлэлээ сэргээх ёслолыг нээж МАХН-ын ЕНБД Н.Удвал хэлсэн үгэндээ “Монголын төрийг мөрийтэй тоглоомын газар болгосон бидний олгиархиуд гэж нэрлээд байгаа зэрлэгшсэн хүн сүрэгээс салж ард түмэнтэйгээ нэгдэхээр манай эх оронч гишүүд маань ирлээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэнчлэн ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй гэдгийг энэ явдал харууллаа. Албан тушаалдаа шигдэж үлдэлгүй ард түмэндээ ирж байгаа энэ гурван гишүүнээ бид бүхэн булган сүүлтэй гишүүд гэж үзэж байгаа. Булган сүүлтэй гишүүдийн маань хойноос тун удахгүй өдий төдий гишүүд бидэн дээр ирнэ. МАХН-ын маань унаган гишүүд ирнэ” гэв. Ингээд Монголын сайхан уламжлалаараа гурван гишүүнийг алд цэнхэр хадган дээрээ мөнгөн аяга сүүгээ бариад хүлээн авсан юм. Одоо тус гишүүд МАХН-ын бага чуулганд оролцож байгаа бөгөөд бага чуулганаар намын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байгаа. Тодруулбал МАХН-ын дэд дарга, ЕНБД, НБД, бага чуулганы гишүүд, гүйцэтгэх товчооны гишүүдийг тохоон томилох асуудлыг хэлэлцэж байна. Эдгээр албан тушаалд томилох хүний нэрсийг МАХН-ын дарга Н.Энхбаярын санал болгосны дагуу бага чуулганы гишүүд саналаа хурааж оролцож байна.