Нийгмийн манлайлал, хөгжлийн “Найман санал” зорилтот хөтөлбөрийг санал болголоо
Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад өндөр цалинтай, баталгаат орлоготой, хангалуун амьдралтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, өрх, гэр бүлийг төрөөс дэмжиж, эдийн засгийн эрсдлээс хамгаалдаг оновчтой бодлогыг төрийн шийдвэрт тусгуулах зорилготой аж.
Энэхүү хөтөлбөрийг бүрэн эхээр нь нийтлэж байна
Нийгмийн манлайлал хөгжлийн “найман санал” зорилтот хөтөлбөр
/улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хүргүүлэх санал/
Улаанбаатар хот,
2012 оны 4 дүгээр сар 30-ны өдөр
Монгол Улсад өндөр цалинтай, баталгаат орлоготой, хангалуун амьдралтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, өрх, гэр бүлийг төрөөс дэмжиж, эдийн засгийн эрсдлээс хамгаалдаг оновчтой бодлогийг төрийн шийдвэрт тусгуулах зорилгоор Нийгмийн манлайлал хөгжлийн “Найман санал” зорилтот хөтөлбөрийг:
- Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/,
- Монголын Оюутны Холбоо /МОХ/,
- Монголын Сурагчдын Холбоо /МСХ/
- Монголын Скаутын холбоо /МСкХ/
- Монголын Төрийн албан хаагч Залуучуудын холбоо /МТАХЗХ/
- Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Нийгэмлэг /ММНН
- Монголын Лектор төв /МЛТ/
- Монголын Залуучуудын эрхийг хамгаалах төв /МЗЭХТ/
- Монголын МСҮТ, коллежид суралцагчдын холбоо /ММСҮТКСХ/
- Нийгмийн ядуурлын эсрэг-Нэг гэр хөдөлгөөн /Нэг гэр/
Улс төрийн намуудын 2012 оноос 2016 онуудад хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон 2012 онд шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах ажлыг хариуцаж, зохион байгуулах, амьдралд бодитоор хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхээр “Залуучуудын байгууллагууд нэгдэж” өөрсдийнбодлогоо “Найман санал” зорилтоороо дамжуулан дэвшүүлж байна.
Бид 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрүүдэд “Найман санал” зорилтот хөтөлбөрөө тусгуулахаар Та бүхэнд хүргүүлж байна.
Санал 1: Залуучуудын хөгжлийг хангах талаар
Улс орны хөгжил, ирээдүй өсвөр үе, залуучуудын асуудлыг чухалчлан тэдний эрх ашгийг эрхэм зүйл хэмээн үзэж УИХ-аас “Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулж батлуулах, хуулийн төслүүдэд залуучуудын нийтлэг эрх ашиг, дуу хоолой, саналыг тусгуулах болон шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулан өргөн бариулах зэрэг ажлыг дэмжин ажиллах;
Хүн амын цонхны үе эхлэж байгаатай холбогдуулан “Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого”-д суурилсан “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг Засгийн газраар батлуулж, тус хөтөлбөрт залуучуудын гэр бүл, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудын шийдвэрлэх арга замуудыг тусган Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах;
Санал 2: “Боловсролын салбарт цахим сургалт, мэдээллийн орчныг нэвтрүүлж, сургалтын чанарыг дэлхийн жишигт хүргэх”
Дотоодын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг олон улсын нэр хүнд бүхий сургуулиудын хөтөлбөрийн стандартад нийцүүлэн шинэчлэх, багшлах боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх, багш бэлтгэх тогтолцоонд зарцуулах хөрөнгийн хэмжээ боловсролын салбарт зарцуулж буй нийт хөрөнгийн “Долоон хувьтай тэнцэхүйц” байхаар тооцон, төсөвт тусгах;
Сургалтын чанарыг оюутны сургалтын төлбөрөөс ангид байлгадаг тогтолцоонд шилжүүлж “Боловсролын цахим сургалтын систем”-д ойрын 2 жилийн хугацаанд бүрэн шилжих;
Санал 3: “Сурагчдын нийтийн_тээврийн хөнгөлөлтийн тогтолцоог бий болгох”
Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж байгаа 400 гаруй мянган сурагчдын өмнө тулгамддаг гол хүндрэлтэй асуудал болоод байгаа “Нийтийн тээврийн хэрэгслэлээр хөнгөлөлттэй үнээр зорчих асуудлыг шийдвэрлүүлэх”-ээр санал гаргаж хүргүүлж байна.
Монголын сурагчдын холбооноос явуулсан судалгаагаар нийслэлийн хэмжээнд 61,123 эцэг, эхчүүд болон 12,211 багш, сурган хүмүүжүүлэгч, 32,600 сурагчид хамрагдаж, сурагчдын өмнө тулгамдсан шийдвэрлэвэл зохих олон асуудлуудаас нэн тэргүүнд нийтийн тээврийн хөнгөлөлтийн тогтолцоог бий болгож, төрөөс санхүүжүүлэх асуудал гэж томъёолсон байна.
Санал 4: “Халамжийн бодлого, бэлэн мөнгөөр дэмжих хөтөлбөрийг зөвхөн бага, дунд орлоготой иргэдэд чиглүүлэх”
Монголд бодитоор нүүрлэсэн ядуурлыг бууруулахад анхаарлаа хандуулж, бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэх болон халамжийг зөвхөн “Бага, дунд орлоготой иргэдэд зориулах” бодлогыг боловсруулж, чиглүүлэх;
Бага дунд орлоготой иргэдэд мэргэжил олгох, ажлын байраар хангах, байнгын баталгаат орлоготой болгоход чиглэгдсэн “Ажилтай, орлоготой иргэн хөтөлбөр”-ийг санаачилж, хэрэгжүүлэх;
Санал 5: “Ажлын байрны ялгаварлан гадуурхах байдлыг таслан зогсоох”
35-аас дээш насны иргэдийг ажил олгогчид ялгаварлан гадуурхаж байгаа бүхий л хэлбэрийг таслан зогсоох хуулийн зохицуулалтыг бий болгож, эдгээр иргэдийг баталгаат ажлын байраар хангахад чиглэгдсэн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг төрөөс тусгайлан боловсруулж, хамрагдах иргэдийн нарийвчилсан судалгааг орон даяар явуулж, төрийн боловсон хүчний нөөцийн санд бүртгэн дэмжих;
Санал 6: “Иргэдийн орлогод тохирсон татварын шаталсан тогтолцоог бий болгох”
Орлогоос хамаарсан татварын шаталсан тогтолцоотой болж, 161.000-500.000 хүртэл төгрөгийн орлоготой иргэдийг 1 хувийн татвар, 500.000-1.000.000 төгрөгийн орлоготой иргэдээс 5%-ийн татвар, 1.000.000-3.000.000 төгрөгийн орлоготой иргэдээс 10%-ийн татвар, 3.000.000-10.000.000 төгрөгийн орлоготой иргэдээс 15%-ийн татвар, түүнээс дээш орлоготой иргэдээс 30% буюу 30.000.000 төгрөгнөөс дээш орлогод нэмэгдүүлж 10% гэсэн шатлал тогтоох;
Санал 7: “Жижиг, дунд, бизнес эрхлэгчдийг дэмжиж, арилжааны банкнаас зээл авахад нь баталгаа гаргах үүрэг бүхий барьцааны сан” байгуулах
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг төрөөс төрөл бүрийн хэлбэрээр дэмжиж байгаа боловч тодорхой үйл ажиллагаа нь тогтсон, цаашид нэмэлт зээл авах боломжтой, бизнесийн ажил нь тогтворжсон бизнес эрхлэгчид үргэлжүүлэн их хэмжээний зээл авах тохиолдолд зайлшгүй өндөр үнэлгээ бүхий барьцаа хөрөнгө шаардагддаг бөгөөд түүнийг төр баталгаа гаргах хэлбэрээр дэмжих “Төрөөс бизнесийг дэмжих зээлийн баталгааны сан”-г байгуулж, ажиллуулах;
Санал 8: Төрөөс иргэдийг дэмжих “Орон сууцны сан”-г байгуулах
Орон сууцны сан нь 75-аас доошгүй тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгээр байгуулагдах ба “Иргэдийн барьцаа хөрөнгийг хангах сан” болон “Орон сууцны зээлийг эрсдэлээс хамгаалах сан” гэсэн хоёр дэд сангаас бүрдэнэ. Барьцаа хөрөнгийн сан нь орон сууц худалдан авах иргэний барьцааг тухайн худалдан авсан орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацаанд баталгаа гаргах үүрэгтэй сан байна. Эрсдлийн сан нь орон сууцны зээл авагчид учрах эрсдлийг банкны өмнө хариуцах үүрэгтэй сан байна.