Тэлмэн суманд Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийг энэ онд байгуулна
2025.02.19

Тэлмэн суманд Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийг энэ онд байгуулна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдтэй уулзлаа. Залуучууд төгсөөд нутагтаа ирж ажиллах таатай боломж, нөхцөлөөр хангахын тулд айл өрх, албан байгууллагыг дулааны шугам сүлжээнд холбохоос эхлээд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагатайг Тэлмэнчүүд хэлж байна. 

Орон нутагт орон сууцжуулах бодлогыг илүү хүртээмжтэй болгоход анхаарч, аймаг сумдын нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой эрэмбэлэх нь чухал. Тухайлбал, Завхан аймгийн 6 сум хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж буй энэ цаг үед нутгийн иргэд санал бодлоо нээлттэй илэрхийлж, оролцоо, санаачилгатай ажиллах шаардлагатай. 

Тэлмэн суманд Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийг энэ онд байгуулна. Сумын эрүүл мэндийн төв, сургуулийн дотуур байрны хөрөнгө оруулалтуудыг нэн яаралтай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар тогтлоо. 

Сумандаа тариалан эрхлэлтийг хөгжүүлж, төсөл хөтөлбөрт идэвхтэй хамрагдахыг эрмэлздэг ч агрономичийн эрэлт хэрэгцээ зайлшгүй тулгардаг гэдгийг малчид хэлж байна. Тэлмэн суманд одоогоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 4 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.