
Д.Амарбаясгалан : Уул уурхайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нутгийн иргэдийн санал бодлыг зайлшгүй харгалзах ёстой
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Сонгино суманд ажиллалаа.
Тэрбээр хэлэхдээ “Зөвхөн зурагт, сонин, цахим хуудсуудаар гарч буй УИХ-ын чуулганы хуралдааны мэдээллээр иргэдийнхээ мэдэх эрхийг хангах бус парламентаас хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн орчны шинэчлэл зэргийг биечлэн иргэд, олон нийтэд хүргэж, танилцуулж байна” гэв.
Сонгино сумын иргэд сартуул түмний шүтээн Сонгино хайрханы орчимд хайгуулын лиценз олгосныг олон жилийн турш эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Аливаа уул уурхайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нутгийн иргэдийн санал бодлыг зайлшгүй харгалзах ёстой. Тиймээс дархан цаазат ан амьтадтай, 20-иод айлын өвөлжөөтэй, түүхт хайрханаа хамгаалж буй иргэдийн байр суурийг холбогдох газруудад хүргүүлэхээ мэдэгдэв.
Сумын 100 хүүхдийн дотуур байр, цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийн асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэж өгөхийг иргэд уламжиллаа.
Түүнчлэн, банкны тогтолцоог зээлдэгчийн эрх ашигт нийцүүлэн шинэчлэх шаардлагатайг захиж, хөрөнгийн биржийн арилжаа, хувьцааны талаарх ойлголт мэдээлэл орон нутагт хомс байгааг хэллээ.
Хүний эрхийг хангасан хууль батлахын тулд иргэдийнхээ санал бодлыг сонсож, батлагдсан хууль амьдралын чанарт нь нөлөөлж, асуудлыг нь бүрэн шийдвэрлэх чадамжтай болоход анхаарч ажиллана гэдгээ Д.Амарбаясгалан дарга илэрхийлэв.