
Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км замыг энэ онд эхлүүлэхээр болжээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улиастай сумын иргэдтэй уулзлаа.
Завхан аймгийн хэмжээнд энэ онд нийт 35 төслийг 104.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээс аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажил, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шинээр эхлүүлэхээр улсын төсөвт тусгасан.
Тэрбээр хэлэхдээ “Улиастай-Алтайг холбох 178 км авто замын төслийн хүрээнд Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км замыг эхлүүлнэ. Аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбосноор тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа сэргэхээс гадна экспортыг нэмэгдүүлэх давуу талтай юм.
Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхээр болсон нь Завханчуудын хувьд худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, аялал жуулчлалын томоохон гарц болно гэдэгт Улиастайчууд итгэл дүүрэн байна.
Энэ онд Солонготын давааны 12 км хатуу хучилттай замыг барихаас гадна Улиастай-Ховд 335 км замын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэв.
Уулзалтаар Улиастай сумын цаашдын усны хангамжийг шийдвэрлэх зорилгоор Богд, Чигэстэйн гол дээр хөв цөөрөм байгуулах ажлын талаар мэдээлэл өглөө.
Улиастай хотын иргэдийн уулзалтаар хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах, хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх бодлогыг хэрэгжүүлэх “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцууллаа.