Газрын тосны үйлдвэр барих зээлээ бүрэн хэрэглээгүй ч 10 сая долларын хүү төлжээ
2025.01.20

Газрын тосны үйлдвэр барих зээлээ бүрэн хэрэглээгүй ч 10 сая долларын хүү төлжээ

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн төслийг сүр дуулиантай эхлүүлж байсан ч өнөөдөр ашиглалтад орсон нь хуруу дарам цөөн байна. Түүгээр ч барахгүй, хугацаа нь хойшилж хөрөнгө оруулалт нь нэмэгдсээр байгаа юм.

Тодруулбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2018 онд Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийж 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж шав тавьж, эхлүүлж байсан юм. 2024 онд ашиглалтад оруулна гэж байсан тус төсөл өнөөдөр 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн санхүүжилт нь 34 хувиар нэмэгдэж 500 сая ам.долларын зээл нэмж авахаар УИХ-аар хэлэлцэж байгаа юм.

Эхний гэрээгээр 1.2 тэрбум ам.долларын зээл авч, 2023 оноос үндсэн зээлээ төлж эхлэх хувиартай байсан. Тэгвэл зээлийн гэрээнд ашиглаагүй зээлийн үлдэгдэлдээ 0.5 хувийн хүү төлөхөөр тусгасан. 2018-2024 оны хооронд Монголын Засгийн газар 10 сая ам.долларын хүү төлөөд байна. 1.2 тэрбум ам.долларын зээл авахаас 268 сая ам.долларыг зарцуулсан. Үлдсэн 968 сая ам.доллар дээр 0.5 хувийн хүү төлж байгаа гэсэн үг.