Э.Батшугар: Зээлжих зэрэглэлийг оноожуулснаар зургаан жилийн санхүүгийн ялд унагаадаг “ХАР ЖАГСААЛТ“-ыг хална
2025.01.20

Э.Батшугар: Зээлжих зэрэглэлийг оноожуулснаар зургаан жилийн санхүүгийн ялд унагаадаг “ХАР ЖАГСААЛТ“-ыг хална

УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оны өмнө УИХ-д өргөн барьсан билээ. Тэгвэл хуулийн төсөлд оруулж буй онцлох өөрчлөлт болоод Монгол Банкнаас авч хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын асуудлаар түүнтэй ярилцлаа.

-Монголбанкны шийдвэртэй уялдуулж арилжааны банкууд зээлийн хүүгээ нэмэгдүүлэх нөхцөл үүсэж байгаа-

-Юун түрүүнд өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт Төв банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүгээ 10 хувьд хэвээр хадгалж буйгаа мэдэгдсэн. Хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ хөдлөлгүй хэвээр хадгалж байгааг та юу гэж харж байгаа вэ?

-Улсын хэмжээнд инфляц 10 хувьтай. Улаанбаатар хотод 9.1 хувь болж өссөн байна. Нэг талаас Бодлогын хүүгээ хэвээр хадгалсан ч банкнуудын төгрөг болон валютын заавал байлгах ёстой нөөцийг 2 хувиар нэмэгдүүлж шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх сарын инфляц найман хувьтай байж байгаад энэ сард 9 хувь болсонтой холбоотой.

Инфляц өссөн шалтгаан нь нэгдүгээрт, төгрөгийн зохицуулалттай бараа үйлчилгээний хувь 2.3 болсонтой холбоотой бол нөгөө талд цахилгаан дулаан, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, тэтгэвэр тэтгэмжийн зардал нэмэгдсэнтэй холбоотой. Цаашлаад ЭТТ ХХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг олгож буйтай ч мөн холбогдоно. Том зургаар нь харвал зах зээл дээр их хэмжээний мөнгө гарч байгаа учраас магадгүй үнийн өсөлт гурав болон дөрөвдүгээр сард 10 хувь давах эрсдэл өндөр гэж Монголбанк үзсэн байх.

Иймд үүнээс сэргийлэхийн тулд эхний ээлжид эдийн засагт шууд нөлөөлж болох хэрэгсэл нь банкнуудын заавал байлгах ёстой нөөц гэж бий. Заавал байлгах банкнуудын нөөц гэдэг нь арилжааны банкнууд Төв банканд заавал байршуулах ёстой хөрөнгийн нөөцийг хэлж байгаа юм. Түүнийг нь хоёр хувиар нэмэгдүүлснээр Төв банк зээлийн хэмжээгээ 900 тэрбум төгрөгөөр татчихаж байна гэсэн үг.

Энэ шийдвэрийн гол зорилго нь зах зээл дээр байгаа бэлэн мөнгийг өөр дээрээ татах зорилгоор зээлээ хязгаарлаж байна гэж ойлгож болно. Үүгээр дамжуулж инфляц болон үнийн өсөлтийг зорилттойгоо уялдуулж барих бодлоготой байгаа юм. Төв банкны үндсэн зарчим нь үнийн өсөлтийг тогтвортой барих. Харин бодлогын хүүгийн эффект эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь их удаан байдаг. Судалгаанаас харвал, бодлогын хүүг нэг хувиар өсгөх эсвэл бууруулахад 8-10 сарын дараа эдийн засагт бодит нөлөөлөл нь мэдрэгддэг. Сая банкнуудын заавал байлгах ёстой нөөцийг 2 хувиар нэмэгдүүлсэн нь маргаашаас нь эхлээд бидэнд шууд мэдрэгдэнэ гэсэн үг.

Банкуудын гол эх үүсвэр нь иргэдийн хадгаламж. Хадгаламжийн хүү хэвээр байх мөртлөө гаргаж байгаа зээл нь хүчээр багасаж Монгол банк өөр дээрээ татаж, жилийн 3 хувийн хүүтэй зээл гаргаад ирвэл үүнийг дагаад хүүгийн орлого багасах юм.

Тиймээс банкнууд хүүгийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд шууд утгаараа зээлийнхээ хүүг нэмэгдүүлнэ гэсэн санаа. Ингэж хүүгийн алдагдлаа нөхнө. Ерөнхийдөө ийм байдал руу орчихлоо гэж хэлж болно.

-Манай улс экспортоо нэмэгдүүлж, ам.долларын орлогтой улс болох ёстой-

- ЗГ, Монголбанкнаас 2025 онд инфляцын түвшнийг 6 хувьтай барих бодлогоо танилцуулж байсан. Гэтэл энэ эрчээрээ явбал инфляц хоёр оронтой тоо руу ч шилжих эрсдэл ойрхон байна гэж эдийн засагчид үзэж буй?

-Монголбанкны шийдвэр хэчнээн инфляцын өсөлтийг дарах зорилготой ч гэсэн нөгөө талдаа маш гашуун. Жишээлбэл, Бодлогын хүүгээ 18 хувь болгочихлоо гэж бодъё. Ингэвэл автоматаар инфляцыг дарна. Ямар сувгаар дарах вэ гэхээр банкнууд зээлээ гаргахаа болино. Эдийн засаг агшиж ажилгүйдэл нэмэгдэнэ. Хүмүүсийн худалдан авах чадвар багасч эдийн засаг өөрөө идэвхгүй болоод ирэхээр инфляц дарагдана. Эсрэгээрээ бодлогын хүүг 5 хувь болгочихлоо гэж бодъё. Энэ үед эдийн засаг хэт хална. Инфляц магадгүй 20 хувь руу очно. Манай төгрөгийн ханш 4000 гарна. Үүний дүнд хүмүүсийн худалдан авах чадвар бас л буурна. Худалдан авах чадварт хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь үнийн өсөлт.

Өнөөдрийн байгаа 100 төгрөгийн худалдан авалт маргааш 90 төгрөгийн үнэт цэнтэй болчихвол шууд худалдан авалтад нөлөөлнө. Төв банк Мөнгөний бодлогоо инфляц болон үнийн өсөлттэйгөө уяж тодорхойлдог. Манай Монгол Улс шиг орнуудын хувьд үнийн өсөлтөд ханш орчихсон байдаг. Яагаад гэвэл, манайд байгаа есөн хувийн инфляцын 30-40 хувьд импортын бараа бүтээгдэхүүний инфляц нөлөөлдөг. Хэрэв төгрөгийн ханш суларвал импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нэмэгддэг. Тиймээс үнийн өсөлтийг хязгаарлана, барина гэдэг нь маш нарийн тооцоолол, мэдрэмж шаарддаг зүйл.

Төв банк үнийн өсөлт, инфляцыг хэрхэн барих вэ, төгрөгийн ханшийг яаж тогтвортой барих уу, зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг гол зарчмыг баримталж ажилладаг бол нөгөө талаас ЗГ-ын хэт тэлэлттэй, эсвэл алдагдалтай төсвийн балансад цаг алдалгүй тохируулга хийдгээрээ онцлогтой. ЗГ-ын төсөв жилд нэг л удаа яригддаг бол Мөнгөний бодлого жилд хэдэн ч удаа тооцоологдож хөдөлдгөөрөө ялгаатай.

Өөрөөр хэлбэл мөчлөг сөрсөн бодлогын тохируулгуудыг Монгол банк цаг алдалгүй хийж явах үүрэг хүлээдэг. Магадгүй 3 сарын дараа инфляц маш өндөр болохыг тооцоолсон бол мөчлөгийг сөрж бодлогын хүүгээ нэмье. Заавал байлгах ёстой нөөцийг нэмэгдүүлье гэж шийднэ. Эсвэл инфляц зорилтот түвшинөөс доор байна гэж үзвэл мөнгөний тэлэх бодлого явуулахыг бодно. Ингэхдээ ханш болон төлбөрийн тэнцэлд хэрхэн нөлөөлөх вэ гэдгээ харна.

Хамгийн гол хязгаарлаад байгаа зүйл нь валютын урсгал. Валютын урсгал хангалттай орж байвал мөнгөний бодлогоо тэлээд л явна. Ханш болоод инфляцаа барьчихна. Үүгээр дамжуулаад зээлийн хүүгээ ч мөн барьчихна. Гэхдээ эдгээр нь Засгийн газраас их хамаардаг. ЗГ Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлээд бүх уурхайгаа нээж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа хийвэл дунд болон урт хугацаандаа манай экспорт нэмэгдэнэ. Гэвч эдгээрийг хийхийн тулд төсвийн хөрөнгө оруулалт чухал. Төсвийн хөрөнгө оруулалт хэт халбал эдийн засаг хөөрөх эрсдэлтэй. Үүнийг Монгол банк хазаарлаж өгнө. Нэг талдаа улс орон хөгжих хэрэгтэй байдаг.

Тиймээс Монгол банк тэр бүрийн балансыг тааруулах ёстой болдог. Нөгөө талдаа ЗГ өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй. Том мега төслүүдээ хэрэгжүүлмээр байгаа. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийн бодит нөхцөлд төсвийн хөрөнгө оруулалтаа тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж байж инфляцыг зорилтот хэмжээндээ баланслах боломжтой болно.

Хамгийн гол түлхүүр нь экспортоо нэмэгдүүлж ам.долларын орлоготой улс орон л болох юм.

-Оны өмнө буюу 12 дугаар сард та Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Энэ намрын чуулганаар амжиж хэлэлцэгдэх үү?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн баасан гарагт хуралдаж дараа долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн тов, дарааллаа гаргаж баталгаажуулдаг. Миний өргөн барьсан хуулийн төслийн хувьд одоогоор хуваарь нь тогтоогүй байна. Магадгүй хаврын чуулганаар ч хэлэлцэхийг үгүйсгэхгүй.

-Зээлжих зэрэглэлийг оноожуулах арга санхүүгийн сахилга баттай иргэдийг идэвхжүүлнэ-

- Монгол банкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн ангилалд орсон хүмүүс дахиж зээл авах эрх нь хязгаарлагдаж 6 жилийн турш иргэдийн хэлдгээр “хар данстай” гэж явдаг. Энэ мэт шаталсан ангиллыг тоон системээр шинэчлэх агуулга өргөн барьсан хуулийн төсөлд орсон гэж ойлгож байгаа. Тодруулж яривал?

-Манай улс 1991 оноос хоёр шатлалтай банкны системд шилжсэн байдаг. Энэ системээр өнөөдрийг хүртэл явж ирсэн. Цаашид улам боловсронгуй болгох шаардлага үүсэж байгаа учраас Зээлийн мэдээллийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Анх 2011 онд Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдсан. Энэ нь өөрөө иргэдийн сайн мэдэх “хар жагсаалт”-д оруулдаг тогтолцоо юм. Тухайн үедээ хэн сайн эсвэл муу зээлтэй байсныг ялгах боломж хомс байсан учраас анхаарал хандуулах, чанаргүй зээлдэгч зэрэг ангиллаар ангилж ирсэн нь зөв хэрэг. Харин одоо орчин цаг үеийн технологийн дэвшил, үйлчилгээний чанарын шаардлагад нийцсэн шинэчлэлийг хийх цаг нь аль хэдийн болчихсон юм.

Хоёрдугаарт, одоо байгаа хууль нь иргэн, ААН-ийг хэт санхүүгийн ял үүрүүлдэг системд оруулчхаж байна. Хамгийн энгийн жишээ нь, гар утасныхаа төлбөрийг төлж чадаагүй иргэн “хар жагсаалт”-д орчихлоо гэж ярьдаг. Зээлээ төлсний дараа ч зургаан жил мэдээллийн сангаас мэдээлэл нь устдаггүй. Шууд утгаараа тэр иргэнийг зургаан жилийн санхүүгийн ялд унагаж байна гэсэн үг. Энэ систем АНУ-д аль 1980-аад оны үед байсан. Хамгийн хоцрогдсон харгис хууль бол энэ.

Миний хийхийг зорьж байгаа эрх зүйн өөрчлөлт нь зээлжих зэрэглэлийг онооны системд шилжүүлэх алхам юм.

Тухайн иргэн авсан зээлээ хугацаандаа төлбөл оноо нэмэгдэнэ. Ингэснээр тэр иргэнийг банк болон ББСБ-иуд урамшуулна. Урамшууллын хэлбэр нь зээлийн хүүг бууруулах болон хугацаагаар урамшуулж болно. Учир нь тухайн иргэнийг санхүүгийн сахилга баттай юм байна гэдэг үүднээс уян хатан нөхцөлийг санал болгох нь нээлттэй болох юм.

Бүр цаашлаад банкнууд ипотекийн зээлийг ч мөн зээлжих зэрэглэлийг харгалзан үзэж олгох бүрэн боломжтой.

-Хэрэв тухайн иргэн зээлээ төлөх боломжгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд яах вэ?

-Энэ тохиолдол зээлжих зэрэглэлийн оноо нь буурна. Харин зээл нь эргээд хэвийн болсон үед оноо нь нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл зээлээ төлж чадахгүй яваа иргэнд зургаан жилийн санхүүгийн ял үүрүүлэх шаардлагагүй. Зөвхөн онооны системээр хянана гэсэн үг.

Бид олон улсын судалгааг харсан. АНУ-д гэхэд 1981 онд энэ системийг нэвтрүүлсэн байдаг юм билээ. Ингэхэд нийт зээлийн хүү нь хоёр хувиар буурсан. БНЭУ, БНСУ мөн шилжээд зээлийн хүү нь хоёр хувиар буурсан. Бразил улс бүр 5 хувиар бууруулж чадсан. Тэгэхээр бид энэ системээр явж чадвал зээлийн хүүг багадаа хоёр хувиар бууруулах бүрэн боломж бий.

-2020, 2021 онд ковидтой холбоотойгоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ЗГ-аас тодорхой хугацаанд хойшлуулах шийдвэр гаргаж байсан шүү дээ. Гэхдээ энэ бол бүх нийтээр хамруулсан зохицуулалт байсан. Тэгвэл хувь зээлдэгч гэнэтийн эрсдэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртлөө гэхэд тухайн иргэний зээл төлөлтийн хугацааг хойшлуулах, оноог нь бууруулахгүй байх зохицуулалт байхуу?

-Яг энэ зохицуулалтыг хийсэн тогтоолын төслийг мөн УИХ-д өргөн мэдүүлж байгаа. Хэрэв тухайн зээлдэгчээс хамаарахгүйгээр орлого нь буурсан тохиолдолд зээлжих зэрэглэлийн оноог нь бууруулахгүй байх ёстой. Гэхдээ хавтгайгаар нь ийм зохицуулалт руу оруулж болохгүй. Өөрөөр хэлбэл улсын мөнгийг давуу эрхтэйгээр хувьдаа авсан иргэдэд энэ зохицуулалт үйлчлэхгүй байхаар тусгасан.

Өөрөөр хэлбэл ЗГ-ын тусгай сангууд болон Хөгжлийн банкнаас давуу байдлаа ашиглан бага хүүтэй их хэмжээний зээл авсан хүмүүс бусдын боломжийн өмнүүр ашиг сонирхлоо биелүүлсэн гэдэг утгаар нь энэ хуулийн зохицуулалт үйлчлэхгүй байх юм.

Жишээ нь, Хөгжлийн банкнаас бага хүүтэй урт хугацааны зээл авчхаад түүгээрээ казино тоглосон, өндөр хүүтэй ББСБ руу хийгээд мөнгө эргэлдүүлж хүүгээр нь ашиг олчихсон хүмүүс ч байна. Эцсийн үр дүнд татвар төлөгчид л тэнд хохирч байгаа шүү дээ. Тиймээс зээлжих зэрэглэлийг тогтоож, санхүүгийн сахилга баттай иргэдийг урамшуулдаг байх тогтоолцоо давуу эрх хувьдаа эдэлж, улс хохироодог иргэдэд үйлчилдэггүй байх тогтоолын төслийг ч мөн батлуулахаар зорин ажиллаж байна.

Ярилцсан танд баярлалаа

UBN