2025.06.10

О.Батнайрамдал: Хуримтлалын нэгдсэн сангаас 2025 онд ипотек руу нэмэлт санхүүжилт байгаа юу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.06.10/-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай болон Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Баялгийн шударга хуваарилалт хийх хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа баталсан. Үүнээс олон нийтийн хамгийн хүлээлттэй сан бол Хуримтлалын нэгдсэн сан. Энэ сан хуулийнхаа хүрээнд боловсрол, эрүүл мэнд,орон сууц гэсэн гурван үндсэн чиглэлээр амьдралын чанарт ордог энэ гурван салбарт орохоор тусгасан.2024 онд Хуримтлалын нэгдсэн санд 495 орчим тэрбум төгрөг төвлөрөгдөж энэ маань ипотек руу орсон. Ингэснээр ипотекийн өөрийн санхүүжилт 1,2 ихнаяд төгрөгийн ипотекийг гаргасан. Энэ жилийн дүнгээр Монгол банкны хамгийн сүүлд Лхагвасүрэн Ерөнхийлөгчийн мэдээлснээр Хуримтлалын нэгдсэн сангаас ямар ч нэмэлт эх үүсвэр орж ирээгүй байгаа. Одоо явж буй ипотекийн дахин санхүүжилтээр 500 тэрбум төгрөгийн санхүүжилт гарчихсан байгаа.

Энэ нь 2025 оныг дуусахад нэмэлт эх үүсвэр 200 орчим тэрбум гараад оны төгсгөлд 700-800 тэрбумын ипотек гарах боломж байгаа юм байна. 2025 оны төсөв дээр 500 орчим тэрбум төгрөгийг Хуримтлалын нэгдсэн сан дээр төсөвлөсөн. Энэ мөнгө хэд болж төсөвт байгаа вэ? Хуримтлалын нэгдсэн сангаас ипотек руу нэмэлт санхүүжилт хийх шийдвэр гарсан уу?

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа