2024.11.08
М.Бадамсүрэн: Сургууль цэцэрлэг баръя гэхээр урсгал зардал гаргах зүйлд хөрөнгө оруулахгүй гэж хариулж болохгүй
УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Ирэх оны төсөв дээр анхаарах ёстой зүйл байна. зарим дарга нар шинэ гишүүд ингэлээ, тэглээ гэж нэр бариад байна. үүнийгээ болих хэрэгтэй. Бидэнд туршлага бий. Том эрхээрээ давуу байдал үүсгэж болихгүй. Шинэ гишүүд үгээ хэлэх хэрэгтэй. Байнгын хороон дээр зарим асуудал дээр санал хураалт явуулах санал гаргасан ч хүлээж аваагүй. Би үүнийг шаардлагатай бол Үндсэн хуулийн цэц, Их хурлын даргад хүргүүлж болно. Туршлагатай хүмүүсээ хүндэтгээд явж байгаа. Сургууль цэцэрлэг баръя гэхээр урсгал зардал гаргах зүйлд хөрөнгө оруулахгүй гэж хариулж байна. 50-60 хүүхэдтэй сургууль, цэцэрлэгийн багш эрүүл байх уу, хүүхэд бүрд хүрч чадах уу. Энэ хариултыг сонсоод гутарсан. Бага насны хүүхэдтэй хүмүүс мэдэж байгаа. Байдал хүнд байгаа. Урсгал зардлыг харахаар гадаад, дотоод томилолт,бусдаар гүйцэлдүүлэх ажил, үйлчилгээний төсөв хэдэн ихнаядад хүрлээ.
Миний хувьд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Аймагт бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд хэдэн төгрөг байдаг вэ гэж Тамгын газрын даргаасаа асууж байсан. 5-10 сая байгаа нь тодорхойгүй. Бүхэл бүтэн нэг аймагт ийм байна. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчлэлд өнгөрсөн жил нэг ихнаяд байсан бол энэ жил 1 ихнаяд 470 тэрбум болж орж ирсэн. үүнийг цаашдаа анхаарах ёстой. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдээ зээлээр дэмжинэ, төр яаж дэмжих гэж байна вэ. Төр зөвхөн дэд бүтэц, татвар, зээлээр дэмжинэ. олон жил сонгогдсон гишүүд үүнийгээ мэддэг байлгүй дээ. Миний хувьд тойргийн асуудал яриагүй,улс орон, хувийн хэвшлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдүүлэх зорилго тавьж байгаа. Их хурлын гишүүдийн итгэл, үнэмшлийг хүндэтгэх хэрэгтэй. Төсвийн зардлын ялгаатай байдлыг арилгах ёстой.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn