2024.10.18

А.Ариунзаяа: Байгууллага бүр ахмадын сан байгуулах хуультай ч хэрэгжихгүй байна!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /202410.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

2025 оны төсвийг бүхэлд нь зарчмын хувьд дэмжиж байна. Жижиг тойргийн шинэ хөрөнгө оруулалтыг нэг жилдээ тэсэж, эдийн засгийг тэлэх томоохон мега төслүүдийг юуны түрүүнд шийдвэрлэх хөгжлийн төсвийг “зоригтой төсөв” хэмээн тодотгомоор байна. 

Төсвийн тодотгол хэлэлцэж байхад ахмадын сангийн талаар, ахмад настны хөгжлийн хуулийн талаар асуусан. Тухайн үед Л.Энх-Амгалан сайд хариулахдаа “2025 оны төсөвт цалингийн сангийн нэг хувиар ахмадын санг байгууллагууд нэн ялангуяа төсвийн байгууллагууд тусгаж орж ирнэ” гэсэн хариулт өгч байсан. Ахмад насны тухай хуулиар цалингийн сангийн 3 хүртэлх хувиар ахмадын сан байгуулна гэсэн хууль 2017 оноос хойш хэрэгжиж байгаа. Одоогийн байдлаар нийт ААН-үүдийн 8 хүрэхгүй хувь сан байгуулаад явж байна. Зарчмын хувьд өмчийн хэлбэр үл хамаарч байгууллага бүр ахмадын санг байгуулна. Төр өөрийн баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байхад, яаж эргээд нэхэн шаардах вэ? 

2025 оны төсөв дээр цалингийн сангийн 3 хүртэлх хувиар сан яагаад байгуулагдсангүй вэ? Ахмад настны тухай хуульд төсөвтөө тусгаж батлуулна гэж оруулсан учир аудитын байгууллага тухайн жилийн төсвийн зарцуулалтыг хянахдаа төсөвт суугаагүй зарцуулалт хийсэн байна гэсэн сануулга хийдэг. Тэгэхээр яах ёстой юм бэ?

2025 оны хувьд төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн байгууллагууд ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх энэ заалтыг хэрхэн биелүүлэх вэ гэдэг дээр тухайлсан хариултыг өгнө үү? 

Түүний асуултад, Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан