“Төсөв-2025” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2024.09.27

“Төсөв-2025” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны улсын нэгдсэн төсвийн  тухай хуулийн төслийг наймдугаарын сарын 30-ны өдөр УИХ-д өргөн барьсан. 

2025 оны төсвийн онцлог, төсвийн бодлого, хөрөнгө оруулалт, бүсчилсэн хөгжил ба төсвийн зарцуулалт, үр ашгийн талаар судлаачид, олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгөх зорилготойгоор Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс санаачлан “Төсөв-2025” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэг "Мега төслүүд ба хөрөнгө оруулалт", Зам тээврийн хөрөнгө оруулалт гэсэн хоёр үндсэн сэдвээр өрнөлөө.

Хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар 2025 оны төсвийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд Судлаачдыг төлөөлөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш Д.Үлэмж нар оролцлоо. 

Харин Зам тээврийн хөрөнгө оруулалт сэдэвт хэлэлцүүлэгт Арж Роуд ХХК-ийн захирал Х.мөнх-Эрдэнэ, Ложистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд, Монгол Улсын зөвлөх инженер Н.Адилбиш, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дэд бүтцийн салбар хариуцсан ахлах комиссар Б.Тэрбиш нарын мэргэжилтэн, судлаачид оролцлоо. 

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээндээ 14 мега төслийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Ирэх оны төсвийн төсөлд нийт зардлыг 35.8 их наяд төгрөг, орлогыг 33.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар Сангийн яам төлөвлөсөн. Томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, өсөлтийг өрхөд чиглүүлэх, төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийг дэмжих агуулга дор 2025 оны төсвийн бодлогыг тодорхойлоод буй.

Эдийн сэтгүүлчдийн клуб нь 15 жилийн түүхтэй бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийн чөлөөт нэгдэл юм. Тус клуб нь Өглөөний уулзалт, Зочин сэтгүүлч, Хэлэлцүүлэг, Алсын томилолт зэрэг уулзалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. Одоогоор тус клубт нийт 60 гаруй сэтгүүлч, тоймч гишүүнчлэлтэй байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn