Хүүхэд хамгааллын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ
2024.01.11

Хүүхэд хамгааллын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2024,01,11/-ны өдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюучимэг хүүхэд хамгааллын ажилтны орон тоо, хүний нөөц, төсвийн талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, орон тоо нэмэгдүүлснээр гарах үр дүнгийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Ажлын хэсгээс боловсруулан оруулсан зарчмын зөрүүтэй гурван саналын нэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах нь зүйтэй гэж тус байнгын хороны гишүүд үзсэн тул хоёр асуудлаар санал хурааж, дэмжжээ.Нийгмийн бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Эдгээр хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар танилцуулав.

Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд зарим зүйл, заалтын дугаарлалтыг өөрчлөх талаар тусгасан бол Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахим орчинд хүүхдийг урхидсан, дээрэлхсэн, дарамталсан тохиолдолд болон хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй бол, гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг насанд хүрсэн хүнд харгалзуулалгүй орхисон, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд хүүхдийг байгаа газраас нь авч явсан, тээвэрлэсний улмаас хүүхэд эрсдэлт нөхцөлд орсон зэрэг тохиолдлуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилд нь шийтгэл оногдуулах зохицуулалтуудыг тусгажээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn