Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.05.18

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын нарын нийт 13 эмэгтэй гишүүн 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгадаа, 2016 оноос хэрэгжиж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайланд “...хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдлын илрүүлэлт, авах хариу арга хэмжээ, үйлчилгээ нь хязгаарлагдмал байна.

Кейс менежментийн хариу үйлчилгээ практик дээр бараг байхгүй энгийн нөхцөл байдлын үнэлгээ, эсхүл үйлчилгээ үзүүлэх өөр байгууллага руу кейсийг холбон зуучлах эсхүл хаах зэргээр л хариу үйлчилгээ хязгаарлагдаж байна. Энэ нь боловсон хүчний чадавхийн дутагдалтай холбоотой.

Төрийн байгууллагад ажилладаг нийгмийн ажилтнууд давхардсан үүрэг хүлээж ажлын ачаалал ихтэй болохыг судалгааны үр дүн харуулж байна. Кейстэй ажиллаж чадахгүй байгаа нь, эсвэл хангалттай цаг байхгүй гэдэг бэрхшээл нь хамтарсан багт ажилладаг нийгмийн ажилтнууд нь мэргэжлийн бус байдаг, мэргэжлийн эрх олгох тогтолцоогүй, эсвэл чадвар сул, нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах явдал хязгаарлагдмал гэсэн бусад бэрхшээлүүдтэй хавсарч тохиолдож байна.

2016 оны 12 дугаар сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлахдаа тухайн оны 2 дугаар сард батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулиас хамтарсан багийн зохион байгуулалт, чиг үүрэгтэй холбоотой заалтуудыг хассан.

Ингэснээр хүүхэд хамгааллын хариу арга хэмжээтэй холбоотой манлайлал, удирдлага зохион байгуулалтын дэмжлэгийг бууруулж, хүүхэд хамгаалал дахь нийгмийн ажлын үйлчилгээнд зориулах санхүүгийн хуваарилалт, хариуцлагыг дутуу үнэлэн, улмаар хамтарсан баг нь хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахгүй, зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, тохиолдолд илүү их анхаарах ёстой гэсэн хандлагыг бий болгох зэргээр Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг сулруулсан дүр зураг харагдаж байна гэж дүгнэсэн

Иймээс Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн хуулийн 2 болон 3 дугаар зүйлд зарчим, хамрах хүрээг нэмэгдүүлэх, Хүүхдийн хамгаалагдах эрхийн хүрээнд хуулийн 4 дүгээр зүйлд хүүхэд хамгааллын кейс үйлчилгээний талаарх нэр томъёог олон улсын жишигт нийцүүлэн шинээр нэмж тодорхойлох, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хоёрдугаар бүлэгт Хууль зүйн салбар дахь хүүхэд хамгаалал гэсэн 10 дугаар зүйл нэмж оруулах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд орон нутгийн түвшинд /сум, хороонд/ хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, тэднийг бодлого, зохицуулалт, удирдлага арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, түүний харъяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, мөн хуулийн 23 дугаар зүйлд хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох, аргачлал, журмын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг болно.

Хуулийн төслийг боловсруулахдаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайлан, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гүүд Нейборс олон улсын байгууллагын мэргэжилтнүүдийн саналд үндэслэсэн. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжиж, төрийн байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, хүүхэд хамгааллын үйлчилгээ мэргэжлийн түвшинд, шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх болно. Хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшилнэ.

Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна. Энэ хууль хэрэгжсэнээр төсвийн ачаалал бий болох хэдий ч хүүхэд бүрийн эрх баталгаатайгаар хамгаалагдах нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд оруулах үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болно гэж үзэж байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа нар үг хэлэв. Гишүүд хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа бус хүчирхийлэлд өртөхөөс өмнө хамгаалах, урдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажиллах, хүүхэдтэй ажиллаж байгаа багийнхныг мэргэжлийн сургалтад хамруулах, хүүхдийн хүчирхийлэл гэдэгт юуг ойлгохыг тодорхойлж, асуудалд цогцоор нь хандах шаардлагатай гэлээ.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар дэмжив. Уг асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn