Хүүхдийн эрх гэдэг бол хөгжих эрх
Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай хүүхдийн эрхийн сэдвээр ярилцлаа.
Монголд хүүхдийн эрхийн байдал ямар байна гэж та бодож байна вэ?
Хүүхдийн эрх гэхээр нийгэмд басамжилсан хандлага байдаг. Хүүхдийн эрх гэдэг ирээдүйн эрх. Хүүхдийн эрхийг хангаж, хүүхдийг зөв төлөвшүүлснээр ирээдүйд зөв нийгмийг бүрдүүлж чадна.
Бусад оронтой харьцуулахад Монголын хүүхдүүд хүнд нөхцөлд байдаг. Нэг үгээр хэлбэл зовлон амсдаг. Наад зах нь сар бүр 70 000 төгрөгийн тэтгэлэгтэй оюутнуудаас автобусанд мөнгө авдаггүй мөртөө өөрийн гэсэн ямар ч орлогогүй хүүхдүүдээс мөнгө нэхдэг. Сургуульд багш нь мөнгө нэхдэг. Цэцэрлэгээс хоолны мөнгө шаарддаг. Мөнгө өгөөгүй хүүхэд адгийн болдог. Хүүхдийн баяраар хүүхдийн парк дээр очихоор тэнгэрт хадсан үнэтэй. Хүүхэдтэй хүн хүүхдээ баярлуулж л таарна. Манай хүүхдийн парк бол хүүхдээс мөнгө салгадаг луйврын газар. Коммунист гэгддэг Хятадад байдал үүний эсрэг байдаг.
Өнөөдөр ихэнх гэр бүл дундаас доош түвшинд амьдарч байна. Хүүхдээс ингэж мөнгө нэхдэг нь хүүхдийг эдийн засгийн аргаар дарангуйлж эрхийг нь зөрчиж байгаа хэрэг.
0-18 насны хүүхэд гэдэг эдийн засгийн ямар ч чадамжгүй хүн амын хэсэг гээд олон улсын конвенциуд, Монгол улсын хуулинд заачихсан байгаа.
Социализмын үед хүүхдийн эмч гэж байсан бол өнөөдөр хуруу дарам болсон. Аливаа улс орон ирээдүйгээ бэлдэхийн тулд их хөрөнгө зардаг. Хүүхдийн эрүүл мэнд, боловсролд мөнгө зардаг. Харамсалтай нь манай улс хүүхдийг эдийн засгийн аргаар мөлждөг. Тэр байтугай улс төрийн популизмын хэрэгсэл болгодог. Нэр дэвшигчид цэцэрлэгийн хүүхдүүдэд тоглоом тарааж байсан тохиолдлууд бий.
Эцэг, эх өөрөө буруу үлгэр дууриалал үзүүлчихээд хүүхэд тэрнийг нь дуурайхаар хүчээр болиулах гэж оролдож байна гэдэг ухаалаг алхам биш.
Тиймээс хүүхдийн эрх гэдэг түүний хөгжих эрх. Хөгжихийн тулд эдийн засгийн ямар нэгэн дарамтгүй, эрүүл саруул, сурч боловсрох таатай орчинд байх ёстой. Хүүхэд аль болох ээжтэйгээ 6 нас хүртэл хамт байх хэрэгтэй. Харин хүүхдээ харж буй эцэг, эхэд улс нь цалин өгдөг баймаар. Мөнгө, хоол хүнс, хувцсаар дутахгүй орчинд өссөн хүүхэд чөлөөтэй сэтгэдэг, нээлттэй харилцдаг. Хүүхдийг 6 нас хүртэл гэр бүл нь тэжээх боломжийг хуулиар олгох хэрэгтэй.
Хүүхдийн эрхийн талаар хоёр хандлага байна. Нэг хэсэг нь орчин үеийн ойлголтыг дэмжиж хүүхдийн эрхийг ямар ч байдлаар зөрчиж болохгүй гэж үздэг. Харин уламжлалыг дэмждэг хэсэг нь “алганы амт үзэхгүй хүүхэд гэж хаана байхав” гэсэн хандлагатай. Энэ хоёр нь ялгаж салгах ёстой тусдаа ойлголт уу, эсвэл орчин үеийн хандлага, уламжлал хоёрын зөрчил үү?
Аливаа зүйл цаг үеэ дагадаг. Монголчууд хүүхэддээ алганы амт үзүүлэхээс аргагүй байсан цаг үе бий. Харин өнөөдөр алганы амт хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд үр дүнгүй арга болсон. Өөрөөр хэлбэл эцэг, эх нь үлгэр дууриалал болж чаддаг, ямар ч муу зүйл сурах боломжгүй орчинд өссөн хүүхдэд алганы амт хэрэггүй. Тэр хүүхэд тэртэй тэргүй зөв хөгжөөд явчихна. Эцэг, эх өөрөө буруу үлгэр дууриалал үзүүлчихээд хүүхэд тэрнийг нь дуурайхаар хүчээр болиулах гэж оролдож байна гэдэг ухаалаг алхам биш.
Сахилгүй хүүхэд гэж ярьдаг. Гэтэл хүүхэд болгон байгалиасаа хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, нээлттэй, юмыг сурах, мэдэх гэсэн тэмүүлэлтэй байдаг. Багаасаа “бос, суу” гэсэн хатуу командан доор байсан хүүхэд идэвхгүй хүн болж хүмүүждэг. Хүн гэдэг чинь маш нарийн төвөгтэй оршихуй шүү дээ. Тэгэхээр хүүхдэд ядаж 6 нас хүртэл сайн үлгэр дууриалал үзүүлвэл зөв хүмүүжлийн суурь тавигдана. Сурах, хөдөлмөрлөх, эрүүл байх нь хамгийн гол зүйл гэдгийг багаас нь ухамсарт нь суулгаж өгмөөр. Харамсалтай нь өнөөдөр хөрөнгө мөнгө, эрх мэдэл бүхнээс хүчтэй гэдгийг харуулаад байна. Тэгсэн атлаа мөнгийг яаж зөв зарцуулах талаар хүүхдэд сургадаггүй.
Хүүхдийн хөдөлмөрийг мөлжих гэдэг ойлголтын талаар та юу хэлэх вэ?
Би ихэнх тохиолдолд тийм нотолгоотой санал нийлдэггүй. Ажил хийхгүй байж хүн болно гэж байхгүй. Зодож болохгүй, гэхдээ хөдөлмөрлүүлэх ёстой. Ар гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй, гэр бүлээ өөрийн хүчээр тэжээдэг хүүхдүүд цөөнгүй. Үүнийг хөдөлмөрийг нь мөлжиж байна гэж үзэх үү? Тэр хүүхэд амьдралын төлөө хөдөлмөрлөж байна. Хүүхдийг насанд хүрэхээс нь өмнө хөдөлмөрлүүлж байж хүн болгоно. Түүнээс биш 18 наснаас хойш хөдөлмөрийн хүмүүжил олгоно гэж байхгүй. Биеийн хөдөлмөрийг 14 наснаас, оюуны хөдөлмөрийг 8 наснаас хөгжүүлэх хэрэгтэй.
Гэр бүл гэдэг зөвхөн эр, эмийн хоорондох асуудал биш, улс орон оршин тогтнохуйн үндэс.
Хүүхдээр хурдан морь унуулах ёсгүй гэдэгтэй би санал нийлдэггүй. Морь унана гэдэг монгол нарийн ухаан. Зөвхөн аюулгүй байдлыг нь хангаад өгчихөд л болно. Морьтон соёлыг хадгалахад том хувь нэмэр оруулж байгаа унаач хүүхдүүдэд тэр морины эзэд их мөнгө өгөх ёстой.
Гэр бүл салалтаас болж хүүхдийн эрх зөрчигддөг. Үүнийг эрх зүйн талаас нь яаж зохицуулах вэ?
Гэр бүлийн хуулиараа. Гэр бүл гэдэг зөвхөн эр, эмийн хоорондох асуудал биш, улс орон оршин тогтнохуйн үндэс. Эцэг, эх болоход тодорхой бэлтгэл хангасан хүн гэр бүл болох талаар хуулинд суулгаж өгөх хэрэгтэй. Ингэвэл гэр бүл салалт багасна. Гэтэл өнөөдөр хоёр согтуу, хоёр галзуу нийлээд хүүхэдтэй болж байна. Замбараагаа алдсан, гэр бүлийн асуудал орхигдсон.