“НҮБ-ын хүний эрхийн тайлагнах механизмд парламентын оролцоог нэмэгдүүлэх нь” салбар хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Хүний эрхийн үнэлгээний салбар хэлэлцүүлэг өнөөдөр (2023.11.22) “НҮБ-ын хүний эрхийн тайлагнах механизмд парламентын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр үргэлжиллээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил “НҮБ-ын хүний эрхийн тайлагнах механизмд парламентын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр танилцуулга хийв. Тэрбээр, Монгол Улс нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталж, бөгөөд дурдаад 2022 оны эцсийн байдлаар 1325 хоёр талт олон улсын гэрээ байгуулсан талаар танилцуулгынхаа эхэнд дурдав.
Монгол Улсын олон талт олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний тайланг боловсруулах үүргийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлдэг бөгөөд тайланг бэлтгэх, зохирн байгуулах, хүргүүлэх, хэлэлцүүлэхтэй холбоотой журам болон тайланг хариуцан боловсруулах байгууллагын хуваарийг Засгийн газраас баталдаг байна. Энэ хүрээнд нийт 30 олон талт олон улсын гэрээний тайланг боловсруулан, тайлагнадаг аж. Үүнд, хүний эрхийн 18, байгаль орчны 5, эрүүл мэндийн 3, гэмт хэрэгтэй тэмцэх салбарын 4 олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийг тайлагнадаг байна.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, парламентын зүгээс НҮБ-ын Хүний эрхийн тайлагнах механизмд оролцох оролцооны талаар үргэлжлүүлэн танилцуулав. Тухайлбал, НҮБ-аас ирж ажиллах эрх бүхий тусгай төлөөлөгч нь парламент болон парламентын асуудал хариуцсан хороотой уулзалт хийдэг бол бусад арга механизмыг хэрэгжүүлэх хүрээнд учир дутагдалтай байдаг байна.
Тэрбээр, Улсын Их Хурлаас олон улсын тайлагнадаг гэрээнүүдийн талаар огт юу ч хийгээгүй юу гэвэл бас тийм биш гээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор Ажлын хэсэг байгуулсан гэлээ. Уг ажлын хэсгийн зорилго нь Монгол Улсын олон талт олон улсын гэрээний үүргийн хэрэгжилт, тайланг НҮБ-ын Гэрээний хороонд хүргүүлж буй байдал, тайлангийн мөрөөр НҮБ-ын Гэрээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх, санал, дүгнэлт боловсруулах явдал аж. Тус ажлын хэсгээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын дэд хэсэг байгуулсан байна. Дэд ажлын хэсэг нь олон улсын олон талт хүчин гэрээний үүргийн хэрэгжилт, өгсөн зөвлөмжтэй нэг бүрчлэн танилцан, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын хууль эрх зүйн орчныг нягтлан судлах ажлыг хийж байгаа аж. Мөн түүнчлэн олон талт олон улсын гэрээний нэр томьёо, зүйл, заалт үндэсний хууль тогтоомжтой нийцэх эсэхийг судалжээ. Ажлын хэсэг, Дэд ажлын хэсэг нийт 10 гаруй удаа хуралдсан бөгөөд санал, дүгнэлт боловсруулсан байна.
Тухайлбал, төрийн байгууллагын хүний нөөц тогтворгүй байгаа нь олон улсын гэрээний хэрэгжилт, тайлагнаж байгаа байдал, олон улсын экспертүүдээс өгсөн зөвлөмжийн хэрэгжилт тун хангалтгүй байгаагийн үндсэн шалтгааны нэг болж байна гэлээ. Түүнчлэн, олон улсын гэрээний хэрэгжилтийн нэгдсэн сан байхгүй, гэрээний хэрэгжилтийн тайлан хэлэлцүүлсэн дүн, өгсөн зөвлөмжийг УИХ, Засгийн газарт танилцуулах, биелэлтэд хяналт тавих нэгдсэн механизм байхгүй, шүүх олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлэх практик туршлага байхгүй, шүүхийн байгууллагын албан хаагчийн олон улсын гэрээний талаарх мэдлэг дутмаг, олон улсын гэрээнд нэгдэн орохдоо дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх ажил хангалтгүй, тодорхойлолт, нэр томъёо зөрүүтэй, тайлан боловсруулах үйл явцад ТББ-ын оролцоог хангах механизм бүрдээгүй хэмээн дүгнэжээ.
Танилцуулгатай холбогдуулан, Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан, хүний эрхийн механизмд хяналт тавихад парламент ялангуяа Улсын Их Хурлын гишүүд идэвхтэй оролцох нь зүйтэй гээд харин ингэхдээ парламентын зүгээс хэрхэн, ямар үүрэгтэй оролцвол зохимжтой талаар асуулт асууж хариулт авав. Асуултад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Засгийн газраас олон улсын гэрээний хэрэгжилтийн тайлан боловсруулах ажилд зөвхөн яамдуудыг оролцуулад зогсохгүй холбогдох Улсын Их Хурлын байнгын хороод нь оролцох нь зүйтэй. Улсын Их Хурлаас НҮБ болон холбогдох байгууллагуудаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд байх юм бол хүний эрхийн асуудал, гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой хэмээн хариуллаа.
“Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Хүний эрхийн үнэлгээний салбар хэлэлцүүлгийн үдээс хойших хуралдаан “Олон нийт ба хүний эрхийн бусад байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр үргэлжиллээ. Сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулга хийв. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцсэн, бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ” хэмээн заасан байдаг гээд орчин үед парламентыг нээлттэй байдалгүйгээр төсөөлөх аргагүйг онцолсон юм. Тэрбээр, нээлттэй байна гэдэг нь энгийн утгаараа ажил хэргээ явуулах байр, танхим нь олон нийтэд биет байдлаар нээлттэй байхыг хэлэхээс гадна чуулган болон хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан зарлаж, цахим сүлжээнд байршуулж, олон нийтэд мэдээлсэн байхыг шаарддаг болсон гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Улсын Их Хурлын ил тод, нээлттэй ажиллах зарчмыг төлөөлөл, нээлттэй байдал, төр, ард түмний гүүр, олон нийтийн харилцаа, хууль тогтоомж сурталчлах, парламентын боловсрол олгох хэмээн тодорхойлж, танилцууллаа.Тодруулбал, парламентын төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэх зарчмын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллах боломж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан үед гардаг. Чуулган завсарласны дараа Улсын Их Хурлаас батлан гаргасан хүний эрхийн чиглэлийн хууль тогтоомжуудыг сурталчлах, олон нийтэд танилцуулах ажлыг хийх нь парламент төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх ардчиллын зарчимд нийцнэ гэж үздэг. Энэ үйл ажиллагааг идэвхижүүлэх, илүү системтэй хэрэгжүүлэх шаардлагатай бий гэлээ.
Тэрбээр, Хүний эрх, эрх чөлөөний асуудлаарх хяналтын сонсгол бол иргэд, олон нийтийг хүний эрхийн тодорхой асуудлаар Улсын Их Хуралд санал, хүсэлт хэлэх боломж олгодог чухал арга хэрэгсэл юм гээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооноос 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсголыг зохион байгуулж, холбогдох байгууллагууд оролцож, илтгэл хэлэлцүүлж, асуудлаа тодорхойлсон талаар жишээ болгон танилцуулав.
Түүнчлэн Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэсэн заалтыг амьдралд бодитоор хэрэгжүүлэх “Парламентын боловсрол”, D-Parliament, D-Petition хөтөлбөрүүдийг Парламентын удирдлагын зүгээс санаачлан хэрэгжүүлсэн нь тодорхой ахиц дэвшил үзүүлж байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулгадаа Хүний эрхийн Үндэсний Комисс ба парламентын харилцааны асуудлыг хөндөв. Монгол Улсын Хүний Эрхийн үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Комисс Монгол Улсын Их Хуралтай харилцах нь” гэсэн бие даасан зүйлийг тусгаж өгсөн байна. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг Улсын Их Хурал жил бүр хэлэлцэх тухай, мөн Комиссын илтгэлд Улсын Их Хурлын Тамгын газраас шинжилгээ хийж, шинжилгээ хийсэн талаарх танилцуулгыг холбогдох Байнгын хороонд хүргүүлэх тухай, Хүний Эрхийн үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлэх тухай, мөн 9.2 дах хэсэгт Комиссын илтгэлийг жил бүрийн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурал тогтоол гаргахаар зохицуулсан байна. Уг илтгэл бол Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын үнэн бодит байдлыг илтгэх гол баримт бичиг бөгөөд уг илтгэлд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлаас анхаарах ёстойг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл онцолсон юм.
Тэрбээр, цаашид хууль санаачлагчид хүний эрхийн мэдрэмжтэй хуулийн төсөл боловсруулахын тулд хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын саналыг анхдагч хуулийн төслийн хувьд хуулийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах судалгаа хийхдээ, мөн хууль тогтоомжид хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхдээ хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангадаг байх зохицуулалтыг Хууль тогтоомжийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах нь зөв юм гэв. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хүний эрх, эрх чөлөөтэй шууд холбоотой томоохон хуулиудын хувьд анхны хэлэлцүүлэг явуулахын өмнө зайлшүгй олон нийтээр хэлэлцүүлдэг байх зохицуулалтыг тусгах. Ингэснээр хуулийн төслүүдийн чанар сайжирч, хүний эрхийн зөрчилтэй зохицуулалт тусах эрсдэл багасна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн Улсын Их Хурал болон холбогдох байнгын хороо Хүний эрхийн асуудлаар хяналтын болон нээлттэй сонсгол хийхдээ иргэдийн оролцоог бодитой хангаж, тэдний санал, хүсэлтийг сонсох нөхцөлийг илүү сайн бүрдүүлэх шаардлагатай бөгөөд сонсголоор гарсан тайлан, дүгнэлтийн дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал хэмээлээ. Цаашид Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг жил бүр нэгдсэн чуулганаар хэлэлцэхдээ илтгэлээр өгсөн санал, зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, Засгийн газрын энэ чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг Улсын Их Хурлаар сонсдог болох шаардлагатай гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан, Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан, мэдээлэл солилцооны өнөөгийн байдал, анхаарах асуудлын талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний байгууллагуудын холбооны тэргүүн Ц.Оюунбаатараас тодруулж асуув. Тэрбээр, бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын олон гишүүнтэй уулзаж байсан. Үүнээс юу ажиглагдсан бэ гэвэл, бид бүх түвшиндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт мэдлэгээ нэгтгэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдсан. Нөгөө талаар иргэдийн оролцоог хангах хүрээнд, жишээ нь Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан хуулиудын талаар Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудаст байршуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд тус цахим хуудсыг ашиглахад хүндрэл үүсдэг тал бий. Иймд энэ тал дээр Улсын Их Хурлын Тамгын газраас өөрийн цахим хуудсаа боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллахыг хүсэв. Энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Б.Батманлай хариулт өгсөн.
Тэрбээр, өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудсыг тодорхой түвшинд сайжруулах ажлуудыг хийсэн. Тухайлбал, parliament.mn цахим хуудсанд байршуулсан мэдээ, мэдээллийн үсгийн хэмжээг нь томруулах боломжтой байдлаар хийгдсэн нь харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүрэн биш ч тодорхой хэмжээнд хангасан гэж үзэж байна. Мөн “Улсын Их Хурал-Энэ 7 хоногт” тойм нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэдэг бөгөөд ингэхдээ “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ-тай гэрээ байгуулж, сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зорилтын хүрээнд уг нэвтрүүлэг дохионы хэлмэрчтэй олон нийтэд хүрдэг. Түүнчлэн, Төрийн ордонд зохион байгуулагдах олон нийтийн арга хэмжээнд дохионы хэлмэрчтэй хамтран ажилладаг болсон талаар мэдээлэл өглөө. Сүүлийн үед Улсын Их Хурлаар батлагдсан хуулиудыг аудио хэлбэр хувирган, сонсох хэлбэрээр parliament.mn цахим хуудаст байршуулдаг болсон талаар ч дурдлаа.
Хүний эрхийн үндэсний зөвлөх, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны гишүүн Д.Гэрэл асуулт асууж хариулт авав. Түүний, Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломжтой эсэх талаарх асуултад Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн референт Ж.Лхагвасүрэн хариулав. Тэрбээр, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд иргэд, олон нийтийн байгууллагад нэлээн боломж олгосон зүйл, заалт байдаг. Тухайлбал, Улсын Их Хурлаас зохион байгуулж буй сонсголын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг оролцуулах боломжийг энэ хуулиар нээлттэй болгож өгсөн байдаг. Энэ нь өмнө нь зохион байгуулагдсан Хөгжлийн банк, нүүрс тээвэрлэлттэй холбоотой болон хүний эрх, чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголд оролцсон иргэдийн оролцооноос харагддаг. Гэхдээ цаашид илүү боловсронгуй болгох шаардлага бий хэмээн хариуллаа.
Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Янжинхорлоо, иргэд олон нийтийн оролцоог хүний эрхийн асуудлаар хангах нэг чухал арга хэрэгсэл бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуулиудын хүрээнд зохион байгуулдаг хүний эрх, эрх чөлөөний асуудлаарх хяналтын сонсгол юм. Энд анхаарах ёстой нэг чухал асуудал бол сонсголд тухайн салбарын мэргэшсэн шинжээч, экспертүүдээс гадна олон нийтийг өөрийг нь түлхүү оруулж байр суурийг нь сонсох явдал юм. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсээс экспертүүдийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил эхэлсэн талаар мэдээлэл өглөө.
Ийнхүү Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Хүний эрхийн үнэлгээний салбар хэлэлцүүлэг дээрх сэдвүүдийн хүрээнд ажил хэрэгч, оролцогчдын идэвхтэй оролцоотойгоор өрнөлөө.