Комиссын гишүүний шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг Ерөнхий боловсролын 29, 116-р сургуулийн удирдлагууд ирүүллээ
2023.07.04

Комиссын гишүүний шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын тайланг Ерөнхий боловсролын 29, 116-р сургуулийн удирдлагууд ирүүллээ

ХЭҮК-оос Нийслэлийн ерөнхий боловсролын 29 болон 116 дугаар сургуулийн сурагчдын сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, шийтгэлээс ангид байх эрхийн хэрэгжилтэд 2023 оны 1, 2 дугаар улиралд шалгалт хийсэн.

Шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн удирдлагад 2023 оны 04 дүгээр сарын 07-нд, 116 дугаар сургуулийн удирдлагад 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус тус танилцуулж, хүргүүлсэн.

Комиссоос хүргүүлсэн шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг дээрх сургуулийн удирдлагууд ХЭҮК-т 2023 оны хоёрдугаар хагаст багтаан хүргүүлээд байна.

Тухайлбал, Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль нь багш, ажиллагсдын дохионы хэлний чадварыг сайжруулах, сурагчдын сургалтын чанарыг дээшлүүлэх, хоцрогдол арилгах, нөхөх, ой тогтоолт сэтгэн бодох чадвар хөгжүүлэх сургалтыг тус тус зохион байгуулсан. Сурагчдын санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх механизмыг сайжруулах, багш ажилтанд холбогдуулан сурагчдаас гаргасан гомдлын нууцлалыг хангах, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлэх, таслан зогсоох, сургуулийн байр, сурагчдын дотуур байртай холбоотой зөрчил дутагдлыг засаж сайжруулж буй зэргээр Комиссын гишүүний шаардлагын дагуу хийсэн үйл ажиллагааны төлөвлөгөө болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын 184 хуудас бүхий тайланг ирүүлэв.

Харин Ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь багшийн хөгжлийг дэмжих, хамт олны эв нэгдлийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ялангуяа харааны бэрхшээлтэй, тэг хараатай хүнд саадгүй зорчих, суралцах орчинг бүрдүүлэх, сургуулийн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах зэргээр Комиссын гишүүний шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 30 хуудас бүхий тайланг Комисст ирүүллээ.

Хүний эрхийн Үндэсний Коммиссоос хийсэн дээрх шалгалтын хэрэгжилтийн гүйцэтгэлийг 2024 оны хичээлийн жилд Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтарч дүгнэх бөгөөд цаашид Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, шийтгэлээс ангид байх эрхийн нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулан ажилласаар байх болно.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүлээн авсан хуулийн этгээд, албан тушаалтан нь холбогдох арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг огцруулах, албан тушаал бууруулах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, биелүүлэх хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг нь түр зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах үндэслэл болох юм.