2023.06.26
Гашуунсухайт дахь төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчидтай уулзан санал солилцов
ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг "ОюуТолгой" ХХК-ийн ажилчид болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь "Цагаан хад” суурьшлын бүсэд хөдөлмөр эрхэлж буй жолооч нарын хөдөлмөрлөх эрх Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийж, хүний эрхэд нөлөөлөх байдалд дүн шинжилгээ хийлээ.
Энэ хүрээнд Гашуунсухайт боомтын Захиргаа, Хилийн цэрэг, гааль, Автотээврийн үндэсний төв, цагдаа, Тавантолгой ХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
"Цагаан хад” суурьшлын бүсэд 400 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 22 мянга орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлтэд ашиглагдаж байна.
Төрийн болон хувийн хэвшлийн олонх байгууллага өөрийн байргүй, зөөврийн контейнерт үйл ажиллагаа явуулдаг. Мөн төрийн алба хаагчид өдөрт 12-13 цаг тасралтгүй үүрэг гүйцэтгэдэг.