“Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлыг эхлүүлэв
Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын алба, ГХУСАЗСЗ болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл нийгмийн хариуцлагын хүрээнд “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэх,тохижуулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.
Иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай орчинг бүрдүүлэхэд ногоон байгууламж хамгийн чухал. Тиймээс бүтээн байгуулалтын ажлын эхлэл нь 200 гаруй мод тарих үйл ажиллагаа юм.
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Шинийн 8-ны билэгт сайн энэ өдөр бид бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, хүрэлцэн ирж мод тарьж буй та бүхэн түүхэн үйл явдлын гэрч болж байна. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021, 2022 онд 5 га талбайд дөрвөн удаа мод тарьж байсан. Харин өнөөдөр тав дахь удаагаа Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр ийнхүү 200 гаруй мод тарьж байна.
Энэ цэцэрлэгт хүрээлэн хүн бүрийн ирж зочилдог, амардаг, тав тухыг мэдэрдэг, найзуудтайгаа тоглож наадаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хамгийн ая тухтай орчин байх болно” хэмээн онцлов.
Манай орны уур амьсгалд хамгийн тохиромжтой мод болох шинэс, гацуур, хус, нарс зэрэг модыг тарив. Ингэснээр орчны дуу чимээ багасах, агаарыг цэвэршүүлж, хөрсний элэгдэл, бохирдол буурах зэрэг давуу талтай.