Залуу сэтгүүлчдэд “УИХ-ын хяналт шалгалтын хууль”-ийн талаар танилцуулав
Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтыг зохион байгууллаа.
Энэ сарын эхнээс эхэлсэн тус сургалтад залуу сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Тэдний Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах сургалтын хөтөлбөрт Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нар уригдаж, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулан баталж, хэрэгжүүлсэн туршлага болон Парламентын боловсрол хөтөлбөрийн тухай танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, парламентын хяналт шалгалтын тогтолцооны гол зорилго нь ард түмний засаглах эрхийг хангахад оршиж буй болохыг онцлоод, 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан нэн даруй хийх зүйлсийн нэг нь хяналт шалгалтын үүргийг хэрэгжүүлэх арга хэлбэрийн тогтоох байсныг дурдаж, хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахлан, олон талын хамтын ажиллагаа, олон хүний хүчин чармайлтаар Германы эрх зүйн хэв маягийн баримталсан хуулийг 2021 оны арван хоёрдугаар сард батлуулсан.
Хуульд “хяналт шалгалт”, “түр хороо” зэргээр томъёолж оруулсан үйл ажиллагаа бол чухамдаа “парламентын мөрдөн шалгалт” болохыг тайлбарлаад, Улсын Их Хурлын хянан шалгах бүтэц, арга хэлбэр, тэдгээрийн зарчим, дэг, үр дагаварын талаар танилцуулсан юм.