А.Ганбаатар: Төрийн нууцыг олж, нийтэлсэн сэтгүүлч биш, мэдээллийг задруулсан хүн хариуцлага хүлээх ёстой
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулийн дөнгөнөөс салгах санаачилгыг УИХ-ын гишүүд гаргасан. Улмаар намрын чуулган хаалтаа хийхээс өмнө сэтгүүлч мэргэжилтэй УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Б.Баярбаатар, Д.Энхтуяа нар уг хуулийн төслийг өргөн барьсан.
Тус хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасахаар зохицуулжээ.
УИХ-аас 2020 онд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан ба энэ гэмт хэрэг нь “нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж объектив талын шинжээр тодорхойлогдсон нь 2002 оны Эрүүгийн хуульд байсан “гүтгэх” гэмт хэргээс өргөн агуулга, хүрээг хамарч байна. Дээрх нэмэлтээр уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” гэж объектив талын шинжээр нь тодорхойлж, субьектив талын шинжийг бүрхэгдүүлэн, худал мэдээлэл нь “гутаасан, гутаах” зорилго, агуулга, шинжтэй байх эсэхийг бүрэн гүйцэд тодорхойлолгүй орхигдуулж, нэр томьёо, ойлголтын зөрүүтэй байдал үүсгэсэн байна хэмээн хууль санаачлагчид үзсэн юм.
Дөрөв дэх засаглал болох сэтгүүл зүйн салбарынханд эл хуулийн заалт хамгийн их тээр болдгийг үзэг нэгт нөхөд нь хэлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, уг заалтаас үүдэн олон сэтгүүл цагдаа шүүхийн хаалга татаж, үүдийг сахьсан удаатай. Гэхдээ эл заалт ганц сэтгүүлчид биш энгийн иргэдэд ч хамаатай асуудал. Учир нь Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бодитоор хэрэгжих чадахгүй байгаа.
Монгол улсын хувьд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2013 оноос хойш 22 байр ухарч 110-р байранд ирсэн.
Үүнийг сайжруулахын төлөө тууштай ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, хууль санаачлагч А.Ганбаатар онцолсон юм.
Түүний хувьд мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль эрх зүйн орчныг сайжруулахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн.
Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад олон улсын стандартыг хэрэгжүүлэх, цензургүй, өөрийн зохицуулалттай хэвлэл мэдээллийн болон сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн юм. Тэрбээр дараах саналуудыг гаргасан байна.
- Сэтгүүлч хүн хэвлэн нийтэлснийхээ төлөө эрүүгийн хуулиар шийтгүүлэх ёсгүй ба Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хүчингүй болгох
- Сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийг болоод мэдээллийн нууцыг хуулиар хамгаалах
- Иргэдийн мэдэж байж болохуйц зарим нэг албаны, төрийн нууц гэх мэдээллүүдийн нууцын зэрэглэлийг эргэж харах
Өөрөөр хэлбэл, хаврын чуулганаар сэтгүүлч, хэвлэн нийтлэгч болоод цаашлаад жирийн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаар хоёр гол хуулийг хэлэлцэх юм.
Сэтгүүлчид бол энэ нийгмийн дуу хоолой, улс орны хөгжилд үгээрээ, үзгээрээ нөлөөлж байдаг залуурдагчид. Тэдний бэлтгэсэн асуудал дэвшүүлсэн нийтлэл нэвтрүүлэг олон олон хүний эрх ашгийн төлөө байдаг. Үүнийхээ төлөө тэд хэрэгтэн болох ёсгүй юм.
Мэргэжил нэгт нөхдийнхөө зовлон жаргалыг мэдэх УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хууль, гаргасан санал бүхэн нь дэмжигдвэл эргээд салбартаа оруулж буй том дэмжлэг болох юм.
Ташрамд хэлэхэд, төрийн нууцын зэрэглэлтэй мэдээлэл олоод нийтлэл бэлтгэсэн сэтгүүлч биш тус нууцыг задруулсан хүн нь хариуцлага хүлээх ёстой гэдгийг олон улсын мэргэжилтнүүд онцолж байгаа.
А.Ганбаатар гишүүн энэ асуудалд “Нууцаа алдахгүй байх үүргийг төр өөрөө хүлээдэг олон улсын жишигтэй. дурдаж байсан удаатай. Иймд сэтгүүлч олж авсан, хэвлэн нийтэлснийхээ төлөө Эрүүгийн хариуцлага хүлээн ёсгүй” гэсэн хатуу байр суурийг баримталж, үүнийгээ ажил хэрэг болгохоор шамдаж байна.
![](http://enkhamgalan.mn/media/user/60x60/user11452.png)
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn