БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчидтэй уулзав
2022.09.21

БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчидтэй уулзав

БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй 10 сэтгүүлчийн төлөөлөл МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар энэ сарын 19-25-ний өдрүүдэд Монгол улсад айлчилж байна.

Уулзалтын эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хэлэхдээ,

Цар тахлын нөхцөл байдлаас болж гадаад харилцааны хувьд түр зогсонги байдалд ороод байсан бол энэ жилээс эргэн сэргэж, бид Солонгос улсын сэтгүүлчдийн холбооны удирдлага, сэтгүүлчдийн төлөөллийг Монгол улсад хүлээн авч байна. Энэ удаагийн Солонгосын сэтгүүлчдийн холбооны төлөөллийн айлчлалыг бид “Эх дэлхийн сэтгүүлчид” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд хоёр орны сэтгүүлчид байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үйл хэрэгт гар бие оролцохыг зорьж байна. Энэ хүрээнд бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод тарих” уриалгыг дэмжиж, маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулж, мод тарих юм” гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ,

“Дэлхий дахинд байгаль орчны асуудал хурцаар тавигдах болсон энэ цаг үед Монгол-Солонгосын сэтгүүлзүйн дээд байгууллагууд “Эх дэлхийн сэтгүүлчид” уриан дор нэгдэж, энэ удаагийн айлчлал, арга хэмжээг зохион байгуулж байгааг сонсоход таатай байна. Хоёр орны сэтгүүл зүйн байгууллагын хамтын ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд дараах хоёр гол саналыг та бүхэнд хандан гаргах байна.

Нэгдүгээрт: Байгаль орчныг хамгаалах талаарх нийгмийн эерэг хандлагыг бий болгох, үүний тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах, экологийн салбарын мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, байгаль орчныг хамгаалах талаар хамтарсан контент бэлтгэх саналтай байна.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд манай улсын байгаль орчны талаар дагнан ажилладаг сэтгүүлчдийг Солонгос улсад туршлага судлуулах ажлыг бид дэмжин ажиллах боломжтой гэж харж байна. Мөн Солонгос улсын манай салбарын сэтгүүлчид манай улсад ирж ажиллах боломжийг бид дэмжиж болох юм.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бүс нутгийн болон дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд хоёр орны сэтгүүлчдийн үүрэг оролцоо чухал гэдгийг онцлон хэлэх байна.

Хоёрдугаарт: Өнгөрсөн 6 сараас эхлэн БНСУ-ын жуулчид Монгол улсад 90 хоног визгүй зорчдог болсон. Солонгосын хэд хэдэн авиа компаниуд манай улс руу нислэг үйлдэж эхэлсэн. Энэ боломжид тулгуурлан Монгол улс Солонгос жуулчдыг олноор нь хүлээн авахыг зорьж байна. Солонгосын сэтгүүлчдийн холбооны удирдлагын багийн хамт олон та бүхэн аялал жуулчлалын талаарх дээрх мэдээллийг солонгос улсад түгээж, бидний ажилд дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж байна”.